ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2014.11.26 10:11

Түвдэнпэлжээлин хийд дэргэдээ цэцэрлэг, эмнэлэгтэй болжээ

-ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГЭЭС ГАДНА ШИНЭ ХҮҮХДИЙН УГААЛГА ҮЙЛДЭХ,

ДААХЬ ҮРГЭЭХ "БЭЛГЭ ДЭМБЭРЛИЙН ӨРГӨӨ" НЭЭЛТЭЭ ХИЙВ-

Монгол зурхайн Түвдэнпэлжээлэн хийд дэргэдээ цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, уламжлалт зан үйлийн өргөө байгуулсныхаа нээлтийг "Монгол бахархлын өдөр" хийлээ. "Зээ-Маа" цэцэрлэгт 110 хүүхэд хүмүүжих боломжтой. "Лонад гүнсэл" эмнэлэг нь хүүхдэд үйлчлэхээс гадна арьс, харшлын эмчилгээ хийдэг юм билээ. Харин уламжлалт зан үйлийн "Бэлгэ дэмбэрлийн өргөө"-г шинэ хүүхдийн нэр хайрлах, угаалга үйлдэх, даахь үргээх зэрэг ёслол үйлдэхээр тохижуулжээ. Хийдийн дэргэд хүүхдэд зориулсан ийм бүтээн байгуулалтад нэг тэрбум шахам төгрөг зарцуулсан аж. Сүсэгтэн олны өргөсөн өргөлийг хойч ирээдүйнхээ сайн үйлст зориулж байгаа нь үлгэр дуурайл болохуйц харагдаж байв.

Түвдэнпэлжээлэн хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн "Хүүхдийг угаах, нэр өгөх зан үйлийг сэргээх, дараа нь цэцэрлэгтээ хүмүүжүүлэх, өвчин зовлонгүй байхын тухайд эмнэлэг үйлчилгээ үзүүлэх, хийдэд хурал ном хурах гээд үйл ажиллагаагаа өргөн хэмжээнд хүргэх зорилго тавьсандаа хүрлээ. "Зээ-Маа" буюу Үзэсгэлэнт эх цэцэрлэг, "Лонад гүнсэл" буюу Өвчин бүхнийг анагаагч гэсэн утга бүхий нэртэй эмнэлэг, Оюуны шүтэн барилдлага гэсэн утгатай "Бэлгэ дэмбэрлийн өргөө"-гөө нээсэн маань нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй нэг хэлбэр" гэж ярьсан юм. "ЗЭЭ-МАА" ЦЭЦЭРЛЭГТ НЭГ ОЙГООС ДЭЭШ НАСТАЙ ХҮҮХЭД АВНА ГЭВ

Түвдэнпэлжээлин хийдийн хойд талын хаалгаар ороход "Зээ-Маа" цэцэрлэг бий.

Яслиас эхлээд ахлах бүлэг хүртэл таван ангитай. Яслид нь нэг ойтойгоос хоёр нас хүртэлх хүүхдүүд хүмүүждэг юм билээ. Ой дөнгөж хүрсэн хүү ороо засах гэж оролдож байгааг харахад бие даасан гэж жигтэйхэн. Ясли ангид тав, зургаан хүүхэд хүмүүжиж байв. Ой гаруйтай хүүхдийг асрахад хэцүү биз гэж багшаас нь асуухад "Аав, ээж нь солих живхийг нь авчраад өгчихнө. Хүүхдүүд үеийнхэнтэйгээ байхад уйлж сүйд болохгүй. Нэг ангид хоёр багш ажиллаж байгаа болохоор хүүхдүүд маань зутрахгүй" гэв. Анги нь улсын цэцэрлэгийн ангийн талбайтай бараг ижилхэн саруулхан юм. Харин хүмүүжих хүүхдийн тооны хувьд дээд тал нь 25 гэж байсан. Шинээр нээгдэж байгаа учраас одоо ясли ангид тав, зургаа, дунд, том ангиудад 20 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа гэсэн. Ариун цэврийн өрөө, урлагийн заал нь том тохьтой юм билээ. "Зээ-Маа" цэцэрлэгийн эхлэгч Н.Оюунцэцэг "Цэцэрлэгийн зөвшөөрөл маань маш хурдан хугацаанд гарсан. Өрөө, тасалгаа, тоглоом наадам гээд бүгд стандартад нийцэж байна гэсэн үнэлгээ авсан. Бид хүүхдүүдээ өглөө 7.30 цагт хүлээж аваад үдэш 19.30 цагт аав ээжид нь хүлээлгэж өгдөг. Өдрийн таван хоолтой. Сургалтын хувьд хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх шатар, даамны дугуйлан, авьяас билгийг нь нээх дуу бүжгийн сургалт явуулдаг. Үүнээс гадна дэргэдээ эмнэлэгтэй учраас эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулдаг. Зан заншил уламжлалт ахуй соёл, ёс жаяг, хүндлэх дээдлэх, хайрлах, харилцах соёлд сургахыг мөн чухалчилдаг" гэж цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг танилцууллаа.

Уг цэцэрлэгийг тохижуулахад 200 орчим сая төгрөг зарцуулжээ. Хувийн цэцэрлэг учраас төлбөртэй гэдгийг тайлбарласан юм. Нэг сарын төлбөр нь 200-250 мянган төгрөг аж.

"ЛОНАД ГҮНСЭЛ" ЭМНЭЛЭГ ТОМЧУУДАД Ч ҮЙЛЧИЛНЭ

"Лонад гүнсэл" эмнэлэг нь хүүхдүүдийн тодотголтой. Гэхдээ томчуудын харшил, астам эмчилдэг юм билээ. Орчин үеийн эмчилгээнээс гадна уламжлалт бариа заслын эмчилгээ хийдэг. Үзлэг, эмчилгээ, бариа засал, амрах гээд дөрөв, таван өрөөтэй. Ханиад шуухитнаагаас эхлээд харшил, тархины даралт гээд хүүхдийн өвчинд өдрийн эмчилгээ хийдэг аж. "Лонад гүнсэл" эмнэлгийн захирал Д.Оргилмаа "Манай эмнэлэгт харшил, астамаар дагнаж арав гаруй жил ажилласан Д.Оюунчимэг эмч ажиллаж байгаа. Бид хоёр хоёулаа хүүхдийн эмч. Тийм ч учраас хүүхдүүддээ үзлэг хийхээс гадна физик эмчилгээ хийдэг. Тоног төхөөрөмжийн хувьд орчин үеийн шаардлагад нийцсэн" гэсэн юм.

ХҮҮХДЭД НЭР ХАЙРЛАЖ, УГААЛГА ҮЙЛДЭХ ӨРГӨӨ

Шинэ төрсөн хүүхдийг угаах, нэр хайрлах ёс нь хамгийн хүндтэй зан үйлийн нэг бөгөөд монгол түмэн эрт цагаас эрхэм дээд үйл болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Хүүхдийн угаалгыг зарим нутагт төрснөөс нь хойш гурав хоногийн дараа, зарим газарт эхийнх нь бие тэнхэрсний дараа буюу 7-15 хоноод хийдэг. Орчин үед хүүхдийн угаалга хийх ёс алдагдах болсон гэх юм билээ. Шинэ хүүхдийнхээ угаалгыг хийлээ гэхэд ах дүүгээрээ цуглаж найрлаад өнгөрдөг болсон ёс жаяг гэхээсээ илүү баярлаж, цэнгэхийн нэр болгосны илрэл. Орхигдож, алсарч буй эл уламжлалыг сэргээхийн тулд "Бэлгэ дэмбэрлийн өргөө"-г нээсэн гэдгээ Түвдэнпэлжээлин хийдийнхэн ярьсан. Тус өргөөнд шинэ хүүхдийн төрсөн өдөр, цагаар нь зурхайн зурлагыг зурдаг аж. Зурхайн зурлагад тохирсон өдөр, цагт нь хүүхдийн угаалга үйлдэх, нэр хайрлах ёслолыг хийдэг юм байна. Өргөөний хойморт хүндэтгэлийн суудал зассан байх агаад түүнд аав, ээж хоёр нь хүүхэдтэйгээ суух гэнэ.

Хүндэтгэлийн суудлын өмнөх олбог дээр лам нар сууж, хүүхдийн буян заяаг дэлгэрүүлэх ном хурдаг юм байна. Мөн хүүхдийн төрөл төрөгсөд, хамаатан саднуудыг суулгах сандал засчээ. Шинэ хүнд номын дуу сонсгосны дараа багш лам, эсвэл аав нь нэр хайрладаг гэнэ. Угаалга үйлдэх зэс, мөнгөн таваг байрлуулжээ. Аав ээж нь аль тавганд угаахыг хүснэ түүнд нь угаалга үйлдэх гэнэ. Эрүүл мэндэд тустай 25 ургамлын дээжээр утлага хийж, тусгайлан зассан орон дээр өлгийдөх юм байна. Энэ мэт зан үйлийг гүйцэтгэсний дараа зочдод босоо хүлээн авалт хийх танхим хүртэл тохижуулжээ. "Бэлгэ дэмбэрэл"-ийн өргөөнд мөн даахь үргээх ёслол үйлдэх юм байна. Монголчууд даахь үргээхдээ зандан модоор үсэнд нь хүрдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу зандан мод бэлтгэж тавьжээ.

Шинэ хүүхдийнхээ угаалга үйлдэх, даахь үргээх ёслолыг "Бэлгэ дэмбэрлийн өргөө"-нд хийхийг хүсвэл захиалга өгөх юм байна. Үнэ ханшийн хувьд одоогоор нарийвчилж тогтоогүй байгаа гэдгийг хийдийнхэн ярьсан.

Ц.ӨРНӨХ

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Онцлох нийтлэлүүд