ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.10.10 04:10

Түлшний хэмнэлттэй, сайжруулсан Чандмань зуух утааг 50 хувиар бууруулна гэв


Өнөөдөр "Ногоон шуурга" компанийнхан хэвлэлийн хурал зарлан өөрсдийн борлуулдаг утаагүй зуухны талаар мэдээлэл хийсэн юм.

Хятад улсад дөрвөн жилд нэг удаа болдог зуухны үзэсгэлэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд болсон. Энэ үйл ажиллагаанд оролцохоор “Нарантуул” худалдааны төв дээр зуух борлуулдаг дөрвөн эмэгтэй явсан байна. Тэд “Түлшний хэмнэлттэй, сайжруулсан Чандмань зуух”-ыг хятадад үйлдвэрлүүлж долдугаар сарын 5-нд "Нарантуул" худалдааны төв дээр нээлтээ хийн, борлуулж эхэлжээ. Зуухны хувьд хамрагдах ёстой бүх шинжилгээнд хамрагдаж, ямар нэг асуудал гараагүй гэнэ. Гол онцлог нь утааг 50 хувь бууруулна гэж “Ногоон шуурга” компанийн гишүүд өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.


Зуухны технологийн хувьд зуухны шаталтын кабины дээд талын оролтын ам нь доод гаралтын амнаас хэмжээгээр бага тул нүүрсийг шатаахдаа хий биетэд хувиргадаг бөгөөд зуухны бүтцэд утааг дахин шатаах механизмыг суурилуулсан тул шаталтын кабин дотор дахин шаталт явагдаж нүүрсний шатах хугацааг уртасгадаг байна. Ингэснээр энерги хэмнэж, дулаан ялгаруулалтыг 75 хувь хүртэл нэмэгдүүлж, дулаан хадгалах хугацааг 10-12 цаг хүртэл уртасгаж чаддаг байхаар хийгдсэн гэв.

Харин үнийн хувьд 550,000 төгрөг бөгөөд зарим иргэдийн зүгээс лизингдэж болох уу, үнийн уян хатан нөхцөл байна уу гэх зэргээр санал дэвшүүлсэн байна. Гэсэн ч банк зуух лизингдэхгүй гэсэн мэдээлэл өгсний улмаас ямар ч үнийн уян хатан нөхцөл байх боломжгүй гэдгээ ч мөн илэрхийллээ.

М.Сайнзаяа

Онцлох нийтлэлүүд