ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.07.31 11:07

​Түмнээ хүн чинээ тоодоггүй ноёд олон болжээ, хотын дарга аа

Холбоотой Зураг

Саяхны нэг өдөр “Хүннү молл” орох санаатай гэрээсээ гарлаа. Жирийн өдөр сүнгэнээд хүрчихдэг газар хоёр, гурван цаг түгжрэл үүсч хамаг ажил алдуулж орхив. Тэр хавийн дэлгүүрүүд огцом хямдрал зарлаж дээ гэсэн шүү юм бодож явтал эсрэгээрээ явдал болдог байгаа. Замын тэмдэглэгээ хийж байгаа хэсэг нөхөд хоёр урсгалтай замыг нэг чигийн болгож хаагаад зохиомол түгжрээ үүсгэчихэж. Иргэдийн цаг зав, ажил албыг барж өдрөөр хийхийн оронд шөнөөр, хөл хөдөлгөөн багассан хойно хийчихэж болдоггүй юм уу гэж шүүмжиллээ. Тоож байгаа ч юм алга. Зам дээр ажиллаж байгаа нэг залуу “Дуугүй урагшил, ажлаа хийж байна” хэмээн хайнгадуу хэлээд цааш алхсан даа. Нийтээрээ ашигладаг зам дээр ажлын цагаар түгжрээ үүсгэж иргэдийн цагаас арав хорин минутаар биш бүхэл бүтэн хоёр, гурван цагаар хумсалчихаад ингэж аягладаг хандлага соёлжсон, хөгжсөн, ардчилсан оронд гайхмаар үзэгдэл. Нийтийн, олны эрх ашиг хөндөгдөхөөр ажилд болгоомжтой ханддаг нь ардчилал хөгжсөн ямар ч оронд нийтлэг жишиг л дээ. Японд гэхэд зам засч байгаа бол ажил өрнөж буй хэсэгт тэмдэглэгээ хийж, туг дохио барьсан хүн зогсоож зохицуулж харагддаг. Өнөө хүн нь замаар зорчиж буй бүгдэд хүрч, мэхийж хүндэтгэн үйлчлэхээр тэнд бухимдал, түгжрээ гэсэн зовлон гардаггүй. Мэдээж ид ажлын цагаар биш, ажлын бус цагаар энэ мэтээ зохицуулдаг. Гэтэл манайд гэгээн цагаан өдрөөр, ид ажлын цагаар хамаг хугацааг нь авчихаад үл тоож, дээрэлхэнгүй хандсан шигээ аж төрцгөөж байна. Түмнээ хүн чинээ тоодоггүй ноёд олон болжээ, хотын дарга аа гэж хэлмээр жишээ ганц энэ тохиолдлоор тогтохгүй.

Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллах үед арай сайжраад одоо буцаад суларч байгаа нэг салбар бол хот тохижилт үйлчилгээнийхэн. Ид ажлын цагаар замын хогийн шороо тоос бужигнуулан шүүрдэх нь иргэдээ үл тоосон улсын л гаргах хандлага. Тохижилт үйлчилгээний ажилчид ташраараа биш ч цөөн зарим нь яг ийм хандлага гаргадаг. Ид ажлын цагаар гадуур алхаж яваад шороо тоосонд даруулахыг хэн ч хүсэхгүй. Гэхдээ нийслэлчүүд явах замд нь тоос манарган гудамж зам шүүрдэж яваа ажилтан таарвал яах ч аргагүй хэлмэгдсэн хэвээр амьдарцгааж байна. Яг ийм агшинд түргэн гэгч нь гүйж гарахаас өөр аврал байхгүй болохоор их удаж жигтэйхэн хурдан алхан өнгөрч яваа харагддаг. Өнгөц харахад инээдэмтэй ч эмзэглэмээр дүр төрх.
Замын цагдаагийнхан байна. Иргэдээ хүн чинээ тоодоггүй хандлага тэднээс анзаарагддаг. Улаан, ногоон гэрлээр аятайхан зорчиж болохоор байхад нэг нөхөр гарч ирээд дохиод зогсчихно. Түгжрээ их, осол аваар гарсан гээд цагдаа заавал зохицуулах тохиолдол байна л даа. Тийм тохиолдолд тэгэхээс аргагүй. Гэтэл тийм биш атал дохиж зогсоод хамаг цаг авдаг жишээ хотын аль ч зам дээр өдөр бүр гардаг. “Монгол цагаар” гэж хэнэггүйрхэн ярьдаг үе нэгэнт ард үлдчихсэн, ажил хэрэгч үе түрээд гараад ирчихсэн, “цаг бол алт” гэдэг үг амьдралын хэв маяг болчихсон орчин цагийн нийслэлчүүдэд замын цагдаагийнхны энэ зохицуулалт хэрээс хэтэрсэн үйлдэл шиг санагддаг.
“Улаан, ногоон гэрлийг удирддаг улс байна цаана чинь. Манай найзын ах замын цагдаад ажилладаг юм. Тэр замаар явж байна, зорьсон газартаа яаралтай хүрмээр байна гэхэд дотны хүмүүстээ зориулаад гэрлэн дохиог нь зохицуулаад өгчихдөг. Үнэн баавар байгаа биз” гэсэн танилын яриа өнөө ч санаанаас гардаггүй юм. Түмэн олон зорчиж байгаа замын гэрлэн дохиог ганцхан хүнд зориулж удирддаг үгүй мөн бөх зүрх ээ. Нийтийн эрх ашиг гэдэг ямар чухал, хэчнээн эрхэм болохыг бидэнд үйлчилж байгаа нөхдөд суулгаж өгөөгүй учраас иймэрхүү жишээг нийслэлийн хаанаас л бол хаанаас харчихаж болно.
Төрийн алба руу өнгийвөл бүр хэцүү дүр зураг харагддаг. Танил талгүй л бол ажил бүтээхэд цаг их авдаг, танилтайгаа утсаар ярьж байгаа төрийн албан хаагчид хачин хүндэтгэлтэй хандаж хамаг сониноо ярьж дуустал нь хүлээдэг гэж ирээд яривал зовлон их. Уурыг нь хүргэчихвэл ямар нэг шалтаг хэлээд гаргах учраас тэвчээр заахаас аргагүйд хүрдэгийг төрийн албаны хаалга үүд сахиж үзсэн хэн ч хүлээн зөвшөөрнө. Газар энэ тэр гээд өөрт хэрэгтэй ажлаа хөөцөлдөхөөр авлигагүй бол бүтэхгүй гэдгийг ч цөмөөрөө ойлгочихсон. Мөнгөтэй, танилтай биш бол газар хөөцөлдөх хэцүү гэдэгт цугаараа толгой дохичихсон. Төрийн албаар үйлчлүүлэх бол цагаа алдана, мөнгөтэй танилтай байх ёстой гэдгийг иргэд нь сэтгэл зүрхэндээ гүн батаар хүлээн зөвшөөрсөн улс манайхаас өөр байдаг болов уу. Ардчилал, хүний эрхийг дээдлэхээ Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрчихсөн улсад бол гойд хачин хандлага.
Бороо орохоор хаа сайгүй шалбааг үүсч нийслэлчүүд уртын харайлтын тамирчид болцгоодог. Анхнаас нь зам барихдаа ус зайлуулах шуудуу хийгээгүй болохоор мянга яриад засагдахгүй зовлон л доо. Тэгэхээр энэ зовлонг алгасаад шийдэж болохоор бас нэг асуудлыг сөхье. Машинууд зөрж өнгөрөхдөө ус татуулан давхицгаадаг нь нийслэлчүүдийн бас нэг бэрхшээл гэдгийг хүлээн зөвшөөрөх хүн олон. Нийтийн эрх ашгийг хүндэлдэггүй хотод л байдаг үзэгдлийн нэг. Ингэж төрхгүйтсэн жолооч нарыг шийтгэх уг нь их амархан. Хотоос журам гаргаад шийдчих асуудал.
Төрийн соёрхолт Н.Жанцанноровтой ярилцаж суухад “Хамтаараа амьдрах гэж байгаа бол тохирсон тоглоомоороо л тоглоно. Тоглож чадаагүйгээ албадахаас аргагүй. Мэдээж буу тулгаж хүч хэрэглэхгүй. Өдөрт хоёр хүн автын ослоор үхэж байх ямар албатай гэж. Жилд 720 хүн. Ингээд яваад байх уу. Одоо зогсох ёстой. Явган хүний гарцаар яваагүй хүнийг торгоод байх хэрэгтэй. Намайг Багшийн сургуульд сурч байхад зүлгэн дээр гишгэлээ гээд таван төгрөгөөр торгож байсан юм. Бүр хайр найргүй торгодог байсан. Тэгэхээр жил бүр 700 хүнээ дайрч алахгүйн тулд хүн бүрийг торгох хэрэгтэй. Яг гарцаараа гардаг болтол нь цагдаа нарыг өдөр шөнөгүй жижүүрлүүл. Мөнгөгүйг нь ажил хийлгэх боломж байна. Хог цэвэрлэхээс эхлээд өчнөөн ажил байна шүү дээ” гэж хэлж байсан юм. Хоёр гараа өргөөд дэмжмээр санаачилга. Хотоос журам гаргаад шалбааг цацсан жолооч нарыг торгоод эхлэх хэрэгтэй. Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг зөөж хашаанд аваачаад эздээс нь 50 мянган төгрөг авдаг шигээ энэ хавьцааны мөнгийг хураагаад эхлэхэд л жолооч нар цэгцрээд эхэлнэ. Нэг үеэ бодвол замын камер олширсон өдий цагт ингэж төрхгүйтсэн жолооч нарыг баримтжуулаад шийтгэх шиг амархан юм байхгүй. Машинаа ачуулсан иргэд “Зогсоолоо анхнаасаа шийдээгүй байж өчнөөн мөнгөөр торголоо” гэж хэл ам үүсгэдэг бол энэ тохиолдолд хэн ч хэл үг үүсгэхгүй.
Иргэдээ аятайхан орчинд эвтэйхэн амьдруулах гэж байгаа санаа бүрийг харин ч талархан хүлээн авна. Нэгд хотын төсөвт нэмэртэй, хоёрт иргэдээсээ оноо авах сайн талтай. Замын цагдаагийн газраас ус цацсан жолоочийг торгох арга хэмжээ бол авдаг юм билээ. Гэхдээ энэ шийтгэл нийтийг хамарч чаддаггүй гэм бий. Хотоос ажил болгоод явбал хотын даргын иргэдэд гоё харагдах бас нэг орон зай мөнөөсөө мөн. Австралид гэхэд алхам бүр торгууль байдаг. Гарцаар гараагүй бол, гэрлэн дохио зөрчиж машинтай зорчсон бол, олон нийтийн газар авиргүй аашилсан бол гээд олны тав тух, орон зайд халдсан үйлдэл бүр мөнгөн торгуультай.Торгууль нь зүгээр нэг тав, арван доллар биш. Хоёр гурван зуун доллараар яригддаг, төлөхгүй удах хэрээр алданги тооцдог, бүр төлөхгүй бол шүүхэд өгчихдөг учраас тэнд зөрчил гаргадаг хүн ховор. Түүнээс биш Австрали хүн соёлжсон иргэншсэн, гоё улсын иргэн болохоороо ухамсартай загнадаг гэж ухвал өрөөсгөл хэрэг болно. Халаастай нь хатуу ярьдаг улсад соёлтой аятайхан орчин бүрддэгийг дэлхийн аль ч хотоос харж болно. Манайд ч ялгаагүй, олдог хэдтэй нь яриад, торгууль мөнгөө ягштал авдаг тогтолцоо бүрдүүлчихвэл Улаанбаатар Брисбэн, Сидней шиг тайван, соёлтой хот болох боломж бий.
Нийслэлд үйлчилгээ явуулдаг үйлчилгээний газрын ажилчдын харилцаа гэж том юм байна. Иргэдээс үйлчилгээний газартай холбоотой гомдол саналыг ийм тийм утсанд өгөөрэй гээд хотоос зарлачихад мөн л аятайхан ажил болно. Үйлчилгээний нэг шалгуур, үүрэгт нь оруулаад өгчихөд болохгүй юмгүй. Үйлчлүүлэгчдээс удаа дараа гомдол ирж байгаа газруудын зөвшөөрөлтэй ярина гэчихэд л цэгцрээд ирэх асуудал. Энэ мэт иргэд рүүгээ хандсан, аятай тохитой орчныг бүрдүүлсэн шийдвэр гаргаад байхад хэн ч эсэргүүцэж шүүмжлэхгүй.


Онцлох нийтлэлүүд