ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.12.08 12:12

Түүхч Д.Өлзийбаатар, "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх”, "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ 2017 оны Төрийн шагналыг хүртээлээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв.

Монгол Улсын Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг нь үнэлж түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар,

Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас 5 төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг перс, англи, монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаар сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол төрийн хүндэтгэлийн өргөөнөө жил бүр Монгол Улсын иргэний оюуны гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээдэг уламжлалын дагуу түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх”, соёл судлаач Цэрэндоржийн Санчирын “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.

Өнөө жил Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106, Ардын хувьсгалын 96 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 27 жилийн ой тохиож байгаа.

Энэ бол бидний өвөг дээдэс Монголын анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулснаас нааш тасралтгүй залгамжлан улбаалж, Эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулснаар түүний залгамжлагчид дэлхий дахинаа “Pax Mongolica” буюу Монголын энх тайвныг тогтоож явсан; эв эвдэрч, задарч бутарснаар 200 гаруй жил Манжийн эрхшээлд орж, 1911 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан; Ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо бэхжүүлэн, шинэ нийгэм журмыг тогтоосон; эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн төлөөнөө Ардчилсан хувьсгалыг хийсэн зэрэг өнөөгийн монголчууд биднийг бүтээсэн түүх, бидэнд үлдээсэн өв юм.

Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн явдал нь түүх бол ирээдүй үеийг зөв чиглүүлэх “багш” байдаг учраас бид энэ түүхээрээ бахархахын зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд билээ. Түүхээ танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх ухамсар хариуцлага, ухаарал төлөвшил сууж байдаг. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгаланг тогтноож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том өв бахархал юм.

Түүх түүхээрээ, үнэнээрээ байх ёстой. Түүхийн сургамж л гэж байхаас түүхийг шүүх, гуйвуулах, буруушаах эрх хэнд ч байх ёсгүй. Гэвч бид нэгэн хэсэг улс төрийн үзэл суртлын нөлөөн дор өөрсдийн түүхээ бусдаар бичүүлж, гуйвуулан харлуулж, бүр итгэж дагаж явсан. Түүхийн шинжлэх ухаанд түүхийн судалгааны үнэн байх зарчим гэж үнэ цэнтэй ойлголт бий. Д.Өлзийбаатар түүхчийн “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” сонсдог ном бол дээрх зарчимд тулгуурлан, Монголын түүхийг үнэн болгох, гуйвуулсан алдаа нугалааг засаж залруулахыг зорьсон, түүхийн судалгааны үүднээс сайн бүтээл байхаасаа гадна түүхч хүний амьдарч буй орчин цагтаа нийцүүлэн туурвисан, нийгмийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан маш сайхан соён гэгээрлийн ажил болсон юм. Сонсдог номын чихнээ хоногшсон “Мэргэн дүү нэр болгооно биз ээ” хэмээх эрхэм сайхан үгээрээ залуу үеийнхэндээ хандан, түүхийн боловсролыг дээшлүүлэх, түүхэн үнэнийг таниулан сургамжлахыг зорьсон боловч түүхчийн хувьд энэ бол монгол хүн бүрт ахмад хүний үг болж, ухаарал гэгээрэл хайрласан сайхан бүтээл юм гэдгийг энд талархан тэмдэглэе.

Түүх бол сургамж гэж дээр хэлсэнчлэн Монголын түүхийн эвдрэл бутралын маш том гашуун сургамж, тэр сургамжийг тээж яваа хүмүүс бол дэлхийн дайдад тархан суурьшсан монгол ахан дүүс маань билээ. Нэгэн өвөг дээдсийн улбаа хойчис, үсэрсэн цус, тасарсан мах болсон тэд маань даяар Монголын ариун голомтыг сахин суугаа биднийгээ харуулдан чих тавьж, цай идээнийхээ дээжийг өргөн ерөөж суудаг өр өвтгөм харуусал, зовлон жаргал, ерөөл нулимс дундуур биеэрээ туулж, халуун сэтгэлдээ тээж яваа “ТАСАМ”-ын дайчин эмэгтэй, судлаач Ц.Санчираар бахархаж байна.

“Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” ном бол түүний Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөр, тархан суурьшсан монголчуудаар сүүлийн 15 жилийн турш аялан судалгаа хийсний нэгээхэн хэсэг бөгөөд үүгээр дамжуулан түүний туулсан зам мөр, хийсэн судалгаа, бүтээсэн хийгээд цаашид туурвих бүтээлийг нь шагнаж байгаа хэрэг юм. Би хувьдаа Ц.Санчирын үзсэн туулсныг Монгол Улсын хүн бүр өдөр бүр зүрх сэтгэлдээ тээж, Монголын голомтыг сахин суугаа их хувь заяа, монгол ахан дүүсийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж хичээн зүтгэх ёстой гэж боддог. Ингэж чадвал эх орон минь тэднийхээ өргөсөн дээж ерөөлөөр өөдлөн дэвжих нь дамжиггүй.

Өнөөдөр Монгол Улсын Төрийн шагналыг соёрхон хүртээж байгаа хоёр эрхэм бол төр засгийн даалгавар, аливаа нэгэн ашиг сонирхол, нөлөө шаардлагаар бус зөвхөн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, монгол хүний халуун сэтгэлээр судлан сурвалжилж, түүх соёлын судалгааг зузаатгаж, соён гэгээрүүлж, иргэнийхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлж яваа эгэл жирийн түүхч, судлаачид билээ. Энэ хүмүүсийн Төрийн шагнал хүртсэн бүтээлийг Монголын ард түмэн бүгдээрээ уншиж, сонсож танилцаасай, эх түүхээрээ бахархаасай, сургамж аваасай гэж хүсэж байна гэв.




Онцлох нийтлэлүүд