ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.04.30 08:04

Төв суурингаас бусад газрыг иргэдэд чөлөөтэй өмчилмөөр байна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Иргэн бүрт нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусгавар болохтой холбогдуулан Засгийн газраас шинэ төсөл өргөн мэдүүлсэн нь энэ юм. Одоогоор нийт хүн амын ердөө 20 хүрэхгүй хувь нь газраа өөрийн болгожээ. Тэгвэл өрхийн хэмжээнд газар өмчилсөн байдал 60 гаруй хувьтай байна. Хэрэв иргэд хуулийн хугацаанд багтаж газраа албажуулахгүй бол улсаас арав орчим сая төгрөгөөр худалдаж авах нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Иймд иргэн бүр нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөх хуулийн хугацааг арван жилээр сунгах саналыг Засгийн газраас оруулж ирлээ. Санаачилсан хуулийн төслөөс нь харахад хот суурин газар, орон нутгийн иргэдэд олгох газрын хэмжээнд огт өөрчлөлт оруулаагүй байна лээ. Иргэнд өмчлүүлэх газрын дээд хязгаар нь нийслэлд 0.07 га, аймгийн төвд 0.35 га, сумын төв, тосгонд 0.5 га хүртэл гэж байнэ лээ. Уг нь манай улс 1.5 сая гаруй хавтгай дөрвөлжин газар нутагтай орон доо. Ийм өргөн, уудам нутагтай, цөөхөн ард түмэнтэй байж алга дарам газар өгөх гэж ингэж сүржигнэх хэрэг байна уу. Нийт газар нутгийнхаа хэмжээг хүн амдаа харьцуулах юм бол нэг км хавтгай дөрвөлжин газарт ердөө хоёрхон хүн л ногдож байгаа шүү дээ. Гэтэл дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх зарим улс өшөө тэлж, томрохыг хичнээн хүссэн ч хилийн зурвастаа тулчихсан зовлонтой байна. Жишээлбэл, Сингапур гэхэд 4.7 сая хүн амтай, 693 км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Нэг км хавтгай дөрвөлжин газарт 6800 орчим хүн ногддог гэж байгаа. Бас Өмнөд Солонгос байна. Ердөө манай нэг аймгийн дайтай, 98480 км хавтгай дөрвөлжин газарт 50 сая иргэн нь амьдардаг. Нэг км хавтгай дөрвөлжин талбайд 500 орчим хүн ногддог. Энэ мэтчилэн бусад улс орнууд алга дарам газар дээрээ хэрхэн шигүү амьдарч байгааг графикаас харах боломжтой.

Гэтэл манай улс иргэддээ өмчлүүлэх газрын хэмжээг дэндүү багаар тогтоож, хуульчлах юм. Ёстой л хоосон ядуу улсын зан байх даа.

Хуулиар тогтоосон тэр хэмжээ, дамжаагаараа зөвхөн хот доторх газраа өмчлүүлж болно. Харин төв суурингаас гадна байгаа цэлгэр, уудам газраа иргэддээ чөлөөтэй өгмөөр байна. Юуны тулд монголчууд бид зах хязгаар нь харагдахгүй, уудам сайхан нутагтай билээ. Эзгүй зэлүүд нутгаа эзэнжүүлэх хэрэгтэй байна. Тав, арван га-гаар нь иргэддээ өгч, эдлэн газартай болгоё. Өөрийнхөө өмчийг хүн хэнээс ч илүү хайрлаж, хамгаална. Хүний тав тухтай байдлыг хангадаг гол хүчин зүйл болох дулаан хангамж, гэр цахилгаан, цэвэр усны гээд дэд бүтцийн асуудлуудаа түвэггүй шийдэх боломжтой эрин зуунд бид амьдарч байна. Техник, технологийн хөгжлийг ашиглаад хүн хаана ч сайхан амьдраад байж чадна. Хувийн эдлэндээ дурын аж ахуйгаа эрхэлж, ажин түжин амьдрах боломжоор төр ард иргэдээ хангаж өгөх ёстой. Адаглаад л өмчилж авсан эдлэн газар нь үр хойчдоо өвлүүлэх том хөрөнгөтэй болно шүү дээ. Ер нь иргэн хүн өмчилсөн газраа хувийн зориулалтаар ашиглахаас гадна захиран зарцуулж, арилжаалж, барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн эрхтэй. Харин гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд шилжүүлэх нь угаасаа хуулиар хориглосон байдаг. Бас газар эзэмших асуудал дээр ч ялгаагүй гадаадын иргэдэд боломжгүй. Тэгвэл одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлдөө алс ирээдүйгээ харсан шийдлүүдийг тусгах хэрэгтэй байна. Хэдий болтол бид нүүдэлчин сэтгэхүйгээр юм болгонд хандах юм бэ. Нөхцөл байдлыг өөрөөр харж, зоригтой шийдвэрүүдийг гаргамаар байна. Газрыг эргэлтэд оруулах нь чухал. Тэртээ тэргүй алслагдмал нутагт хүн тэр бүр очихгүй байгаагаас хойш Монгол Улсын иргэн өмчилж авсан эдлэн газраа гадаадын иргэнд түрээслэх эрхийг нь өгчих л дөө. Монголын харьяат бус хүмүүс газар өмчлөх эрхгүй юм чинь мөнгөө төлөөд ашиглах газар дээр нь хатуу гэрээ байгуулчих ёстой.

Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, хүн амын хэт төвлөрөл зэрэг асуудлуудаас улбаатай хотыг тэлэх бодлого явж байгаа. Газар олголтын ажлыг зохион байгуулахдаа хотоос зайдуу бүсэд газар авах гэсэн иргэдэд аль болох хүссэн хэмжээгээр нь чөлөөтэй өгөх зохицуулалт тусгавал хэн хэндээ дэмтэй. Энэ нь хот тэлж, хөгжих нэг үндэс болно.

Суурьшлын бүс болох боломжтой газар Улаанбаатарыг тойроод Төв аймгийн нутаг дэвсгэрт хангалттай бий. Тэр сайхан хөндийнүүдийг том, томоор нь өмчлүүлэх шийдвэр гарвал иргэд дуртай очно шүү дээ. Гэтэл нэг хүнд 0.07 га газрын квот өгчихөөр хэн ч гэсэн төв рүүгээ л тэмүүлнэ. Ганц олдсон боломжоо ашиглаж, аль болох худалдаа, үйлчилгээгээ ойрчилно. Тэгээд ч хотын гадна иймхэн газарт юу хийж амьдрах билээ дээ. Харин суурин бүсээс гадуурх газрыг эдлэн хэлбэрээр өмчилж, ашиглах тэр эрхийг нь хуулиар зөвшөөрчихвөл иргэд хотоос дорхноо гараад явчихна. Гэхдээ стратегийн зориулалтаар ашиглах газруудаа улс мэдэлдээ байлгах ёстой. Хэтдээ хийн хоолой татах, төмөр зам, авто зам, инженерийн дэд бүтэц хийгдэхээр төлөвлөсөн газруудаа иргэдэд өмчлүүлэхдээ хатуу гэрээлчихвэл хожим гэнэт газар чөлөөлөлт явагдахдаа тулбал хүндрэл үүсэхгүй. Ийм асуудал дээр манайхан замбараагүй газар олгосныхоо горыг амссан гашуун түүх байгааг санахад илүүдэхгүй биз ээ. Хотод бүтээн байгуулалт өрнөж, тэлнэ гэсэн ямар ч тооцоо судалгаагүйгээр иргэдийн хатгасан газар болгоныг өмчилж байсан үе бий. Дараа нь тэнд зам гүүр барих болонгуут эзэд нь амандаа орсон мөнгөө хэлж, гэдийж хэвтчихээд улсын ажлыг гацаах явдал олонтаа л тохиолдож байв. Тиймээс иймэрхүү сургамжаа тооцож, “Стратегийн ач холбогдолтой газруудыг иргэд өмчлөхөөр болбол дараа нь ямар ч маргаангүйгээр чөлөөлж өгнө” гэсэн амлалтыг нь авах ёстой гээд байгаа юм.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуультай бэлчээрийн асуудлыг ч уялдуулах шаардлагатай байна. Манай улс газар нутгийнхаа цар хүрээгээр дэлхийд 19 дүгээрт эрэмбэлэгддэг. Тархмал, нүүдэлчин уламжлалтай малчдын хувьд дуртай газартаа суурьшиж, оторлож ирсэн. Малын тоо толгой огцом өсөхийн хэрээр бэлчээрийн даац, цөлжилтийн нөхцөл байдал тулгамдсан асуудлуудын нэг яах аргагүй мөн. Дээрээс нь малын халдварт өвчин ч хүчрэгдэхээ байлаа. Малчид хаа дуртай газраа биш, өөрт оногдсон эдлэндээ малаа өсгөж, үржүүлэх тэр боломжийг нь хуулиар зохицуулмаар байгаа юм. Малчид заавал суурин газартаа гэлтгүй бэлчээрийнхээ талбайг өмчлөөд аваг л дээ. Ингэж байж эзгүй хээр нутгаа эзэнжүүлье. Ядаж л малчид маань нүүдлийн мал аж ахуйгаас фермерийн аж ахуйд шилжих алхам болох юм биш үү.


Онцлох нийтлэлүүд