ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Туслах ангилал
2014.06.01 01:06

Төв талбайд хүүхэд багачуудын инээд хөөр цалгиж байна

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр бол яах аргагүй зургадугаар сарын нэгэн. Энэ жилийн баяр нар ээсэн сайхан өдөр тохиож байна. Нийслэлийн багачуудын баяр хөөр өглөө 11 цагаас эхэлж Засаг дарга Э.Бат-Үүл хүүхдийн баярыг нээж үг хэллээ. 

Тэрээр хүүхдүүдэд баяр хүргээд “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөлөө. Энэ жил “Хүүхдийн баяр”-ын үйл ажиллагаа Чингэсийн талбайд дуу хөөр цангинан сүр дуулиантайгаар эхлэв. Талбайд зассан тайз, нээлтийн үйл ажиллагаа гээд их өвөрмөц содон байдлаар эхэллээ. Талбайн баруун талд тайз зассан бөгөөд талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулжээ. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж байв. 

Тэд баярын хөтөлбөр дуустал хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна.  Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулсан байв. Баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор нар оролцож ая дуугаа өргөж байна. Түүнчлэн баярт ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулж байлаа. 

Хүүхдүүд зурагтаар хардаг хүүхэлдэйн киноны баатруудтайгаа ойроос уулзаж зурагаа авхуулж байгаадаа их л олзуурхаж баяр хөөр болж харагдсан. Баяр хөөр болсон багачууд аав ээжтэйгээ талбайгаар зугаалж үеийн найз нартайгаа тоглож их л хөгжилтэй цагийг өнгөрөөж байна. Арга хэмжээ дуустал хүүхдүүдийг олон сонирхолтой үзүүлбэрүүд хүлээж байгаа талаар баярын зохион байгуулагчид хэллээ. Баяр 16 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Д.Сүрэн

Онцлох нийтлэлүүд