ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.05.18 01:05

Төмөр замын дэр мод ялзарч муудаснаас вагон замаасаа гарчээ

Өчигдөр Дарханы замд зорчиж явсан галт тэрэг замаасаа гарч ноцтой осол гарсан. Тодруулбал, "Дархан-1" өртөөний 15 дугаар замаар ОХУ-БНХАУ чиглэлд тээвэрлэлт хийж явсан, төмрийн хийц, үр тариа ачсан, 2508 дугаартай ачааны галт тэрэгний 15-24 дэх вагон сэлгээ хийх явцдаа баруун тийш найман чиглэлийн вагон хажуулдан унасан нь тогтоогдсон. Замаасаа гарсан найман вагоны нэгээс үр тариа асгарч, нэг вагон хажуулдсан байдалтай, бусад нь босоогоороо байсан аж. Уг асуудлыг одоогоор үргэлжлүүлэн шалгаж байна.

Ослын газарт “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй ажлын комисс гаран шуурхай ажиллаж, Улаанбаатар хотоос сэргээн босгох галт тэрэг очсон байна. Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан гэх дүгнэлт гарчээ.

-300 ГАРУЙ МЯНГАН ДЭР МОДЫГ СОЛИХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

2012 онд Байгаль орчны сайдын тушаалаар төмөр замын дэр мод бэлтгэхийг хориглосны улмаас дэр модыг солих ажил олон жил удааширсан байна. 2016 онд уг асуудлыг Байгаль орчны сайдад тавьж хоригийг цуцлуулж хугацаа дууссан дэр модыг сольж байгаа ч өнөөдөр 300 гаруй мянган дэр модыг солих шаардлагатай байгаа аж. 2012 онд дэр мод бэлтгэхийг хориглосон Байгаль орчны сайдын тушаал гарахаас өмнө УБТЗ жилдээ 200 мянга шахам дэр мод бэлтгэж сольдог байсан бөгөөд үүний 100 орчим мянгыг 330 гаруй ажилчинтай дэр мод боловсруулах үйлдвэр гүйцэтгэж байсныг зогсоосны улмаас 270 гаруй хүн ажилгүй болж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж эхэлсэн байна. Мөн дэр мод боловсруулах үйлдвэр нь жилдээ 500-600 мянган суулгац мод үржүүлэн ойд тарьж ургуулдаг байсан ажил ч зогсоход хүрч, нэг мод огтолсон бол арван мод суулгадаг төмөр замчдын уриа алдагдахад хүрчээ. УБТЗ замаа бетон дэрээр солих ажлыг эрчимтэй хийж байгаа ч манай улсын эдийн засгийн бололцоо, эрс тэс уур амьсгал, газар орны нөхцөлөөс шалтгаалж модон дэрээр солих шаардлагатай байдаг байна.

-ОСЛЫН УЛМААС ХҮН БЭРТЭЖ ГЭМТЭЭГҮЙ-

Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй ажээ. Улаанбаатар төмөр замын хэвлэлийн төлөөлөгч “Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан гэдгийг тогтоосон. УБТЗ-ын сэргээн босгох ангийнхан шөнөдөө хажуулдсан вагоныг босгосон. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна" гэжээ.

Онцлох нийтлэлүүд