ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.03.15 08:03

Төрийг түшиж чадахгүй бол түлх

Миний бие хэрхэн яруу найрагч болох, яаж алдарт сэтгүүлчийн зиндаанд хүрэх, ямар замаар өчүүхэн ч гарзгүйгээр цадталаа хооллох талаар зөвлөлгөө өгч байсаан. Эдгээр аргачлалууд ном, СД болон нэгэнт таржээ. Хамгийн сүүлд хэрхэн улс төрч болох талаар зөвлөсөн санагдана. Ингээд л болсон. Өөр сэдвээр зөвлөлгөө өгөхөд яадаг юм гэж үү? Монгол хүн энэ дөрвөөс өөр юм сонирхдоггүй юм аа.

Гэтэл сүүлийн үед төрийн бус байгууллага гэж том салбар гарсан байна. Та нэгэнт төрд шургалж, амь зуулгад хэрэгтэй албанд хүрээгүй бол халаглах хэрэггүй. Тийшээ очих гэж зүтгэх ч явдалгүй. Ер нь олзыг хүн зулгааж байгаа талаас нь хазах гэж зүтгэх нь осолтой. Ямар ч сайн хүн хоолоо харамлан ярдагладаг юм. Харин ихэнх хүн нэг амтай болохоороо хоолоо хоёр талаас нь зэрэг зулгааж чаддаггүй билээ. Иймд та нөгөө талаас нь зулгааж болно. Би үүнийг л хэлээд байна. Төрийн баганыг та түшиж чадахгүй бол бүү гутар, нөгөө талаас нь түлх. Ард түмэн төриийн баганыг түлхэж байна уу, түшиж байна мэддэггүй. Зүгээр л баганын дэргэд байгаа хүнийг л шүтэж, өөрсдийнхөө төлөө зүтгэж байна хэмээн биширдэг юм. Түлхээд унагаасан байсан ч санаа зовох хэрэггүй. “Төрийнхөө баганыг унагаахгүй гэж мөн ч их туллаа. Даанч дийлсэнгүй” гэхэд ард түмэн дорхноо үнэмшинэ. Хамгийн гол нь тэр хавьд л харагдаж байх чухалтай. Ингэхийн тулд төрийн бус байгууллагаа байгуул. Сүрлэг сайхан нэр өг. Ер нь байгууллага нь жижиг байх тусмаа нэр нь урт байх ёстой. Ингээд л төрийн баганаас зуураад ав. Та нартаа туршлага болгох үүднээс өөрийн байгуулсан төрийн бус байгууллагын хуучин илгээлтийг толилуулъя. Миний бие энэ байгууллагыг арван жилийн өмнө байгуулсан ба тэр тухайгаа номондоо оруулсан байгаа. Ийм болохоор зарим талаар хуучин юм дахин сонирхуулж байгаа хэрэг. Сануулж хэлэхэд, байгууллагын нэр болон шаардлага булаалдахгүй шүү, нөхөөд.

Хавсралт:

Ноот бичиг

Монгол Улсын Ерөнхийлөгч

Монгол Улсын их хурлын дарга

Монгол Улсын Ерөнхий сайд танаа

Эрхэм

коллегиудаа

Саяхан байгуулагдсан Монгол Улс төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс танай Монгол Улсын ард түмэнд хөгжил цэцэглэлийг ерөөе. Би байгууллагынхаа үндсэн дүрмийг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 26 нд баталсан ба энэ өдрөө “байгууллага тунхагласан өдөр” хэмээн нэрийдэж, ямар нэг жагсаал цуглаан, өлсгөлөн, хийлгүй амарч байхаар шийдлээ. Манай Монгол Улс ТББ-ыг ерөнхийлөгч толгойлох ба дүрэм тогтоох дээд байгууллага нь улсын их хурал болно. Харин гүйцэтгэх аппарат нь Засгийн газар нэртэй. Гүйцэтгэх захирлаа ерөнхий сайд гэж нэрлэхээр үндсэн дүрэмдээ тусгалаа. Танай манай хоёр Монгол Улсын эрх ашиг ба олз ашиг тэнцүү байдлыг бэлгэдэн миний бие ижил нэрт хүмүүсийг ижил албан тушаалд нь тавихаар бодож байгаа. Харамсалтай нь хүмүүс эхлээд “заа зуу” гэчихээд, эргээд очихоор өөрөө нэг юм байгуулаад авчихсан тэрийгээ тэргүүлээд сууж байх юм аа. Харин их хурлын минь дарга болооч гэж “Хүргэн хүү” киноны Дэмбэрэл гуайг гуйхаар бодоод байгаа. Эдгээр хүчин зүйлүүд болон Барууны биржүүд дээр нүүрлээд байгаа боловсон хүчний хямралаас үүдэн бүхий л дээд албан тушаалыг Ерөнхийлөгч хавсран хийж байгаа нь танай Монгол Улсад ч авууштай санаа юм шүү.

Манай Монгол Улс ТББ нь танай Монгол Улстай бүх талын найрсаг харилцаа харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна. Ялангуяа ашиг ба шагнал солилцооны салбарт их ирээдүй харагдаж байгааг сануулах юун.

Бид энэ салбарын хамтын ажиллагааны салхийг хагалж танай Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улс ТББ-ын дээд шагнал “капиталист хөлмөрийн гавьяаны хар тугиин одон”-гоор шагнасныг уламжилахад таатай байна. Мөн УИХ-ын даргын тань энгэрийг “Алтан кнооп” одонгоор мялааж байна. Бас ерөнхий сайдыг тань ч зүгээр орхисонгүй. Танай Д.Сүхбаатарын одонгийн зээ одон болох Д.Сүх-Эрдэнийн одонгоор байлж байна.

Өвөг дээдэс маань “нэр нэгтийн чих нэг” хэмээн сургасан юм шүү. Чих нь нэг юм чинь толгой нь нэг гэсэн үгээ. Ам гэдэс нэг байх тухай нуршаад яах вэ? Шууд ажил хэрэгтээ ормоор байна. Одоо ид яригдаж буй Оюу толгой, Таван толгойн уурхай бол танай манай Монгол Улсуудын чих нэгтэй дундын толгойгоор шийдэх асуудлуудын нэг билээ. Ний нуугүй хэлэхэд уг толгойнуудын ашгийг Монгол Улс эн тэнцүү хуваан авах ёстой гэж үзэж байна. Гадаадын эзэрхэг түрэмхий этгээдийн идэш болох ёсгүй, зөвхөн Монгол Улс л хуваан авах ёстой. Үүний төлөө бид эцсээ хүртэл тэмцэнэ. Монгол Улсын баялгийг Монгол Улс л хуваан авах ёстой. Үүнээс өөрөөр байвал бид тэмцлийн илүү хурц хэлбэрийг ашиглана. Ардчилсан намд элсэхииг ч үгүйсгэхгүй.

Та бүхнийг хүндэтгэсэн

Монгол Улс ТББ-ын ерөнхийлөгч Б.Цэнддоо

Монгол Улс ТББ-ын УИХ-ын дарга Б.Цэнддоо

Монгол Улс ТББ-ын ерөнхий сайд Б.Цэнддоо

Онцлох нийтлэлүүд