ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.12.07 02:12

Төрийн албаны тухай хуулийг баталлаа

УИХ-аар Төрийн албаны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 76 хувийн саналаар дэмжин, баталлаа.

Хуулийн төслийг батлахын өмнө Байнгын хороо болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгав. Тухайлбал, төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэлэг олгоно. Тэтгэлгийн дээд хэмжээ 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэх заалт дэмжлэг хүлээлээ.

Мөн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Билэгт “Парламентад олон жил суусан туршлагатай гишүүд өөрсдөдөө таалагдаагүй заалтыг хуульд суулгахгүйн тулд “Анхааралдаа авлаа. Цаашдаа анхааръя” гэж аргалдаг болохыг жил гаруйн хугацаанд суухдаа мэдэж авлаа. Цаашдаа ингэж хууртагдахгүй гэдгийг хэлмээр байна. Төрийн албан хаагч нь хариуцлага алдсан бол хариуцлагыг тухай бүрт нь тооцдог байх юм бол төрийн албанд ёс зүй тогтох үндэслэл эндээс эхэлнэ. Хариуцлага тооцох асуудлыг хойш тавихгүйгээр албан тушаалтнууддаа арга хэмжээ авах ёстойг цаг алдалгүй шийдэх шаардлагатай” гэсэн юм.

Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн санаачилсан байна.

Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор Шүүхийн шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 гаруй хуулийг баталлаа.

Мөн Төрийн албаны тухай хуулийн төслийг шинэчлэн батлагдсантай холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.Тэрбээр “Төрийн албанд улс төрөөс хараат байдлаар томилгоо хийдэг байдал энэ хууль хэрэгжиж эхэлснээр эцэслэх ёстой.Төрийн албан хаагчийг урамшуулах үйл ажиллагаа хувь хүний мэдлэг боловсрол, туршлага, ажлын үр дүн, ажилласан хугацаанд тулгуурладаг байхаар зааж өглөө.Үүнээс гадна ахлах түшмэл нь төрийн албанд наймаас доошгүй жил ажилласан байх, дэс түшмэл нь дөрвөөс доошгүй жил ажилласан байх, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах бол 16 –аас доошгүй жил ажилласан байх зэрэг төрийн алба тогтвортой, хараат бусаар ажиллаж байх олон дэвшилттэй заалт хуульд суусан. Хэрэгжүүлэлтэд анхаарч ажиллах шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэв. Ингээд УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Онцлох нийтлэлүүд