ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2015.07.20 10:07

Төрийн наадамд түрүүлсэн мэргэн харваачдын эгэл амьдрал

Үдшийн 23 цаг болж байв. “Хотод их устай бороо оржээ. Замын хашлага даваад чулуу, шороо, хог урсаад ороод ирснээс биш энэ зун асгаагүй л хураа хайрлаж дээ, энэ тэнгэр” гэж дуу алдсаар манай зочид орж ирэв. Бид “Танайд өнжье” буланд онцолж буй айлдаа зочилж гэрийн эзэд угтаж авдаг байсан бол энэ удаа харин эсрэгээрээ гэртээ ирэхийг нь хүлээж байсан нь энэ. Тэд бол Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын халх сурын харваанд эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж Монгол Улсын мэргэн болсон Б.Батбаатар, эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын хошой мэргэн С.Энхтунгалаг нар юм. Хүй долоон худагт болсон Баянгол дүүргийн 50 жилийн ойн баяр наадмын сурын харваанд гэр бүлийн хоёр оролцоод нөхөр нь гуравдугаар байр эзэлсэн гээд өргөмжлөл, хүрэл медаль барьчихсан ийн хур бороотой уралдсаар гэртээ ирж байгаа нь энэ. Хошой мэргэн С.Энхтунгалаг “Нөхөр маань гуравт ороод тэгсэн бөхийнхөө барилдааныг дуусгаж байж бай шагнал өгнө гээд Хүй долоон худагаас ховхорч чадахгүй оройтчихлоо. Та нарыг их хүлээлгэлээ” гэж яриа өрнүүлэнгээ дээл хувцсаа тайлж аваад буйдан дээр хоёул тухлаад авав. С.Энхтунгалаг мэргэний дүү цай аягалаад хоол авчирч өгөхөд Б.Батбаатар мэргэн “Гурилтай шөл юм уу, яасан сайн хэрэг вэ. Ойрын хэд хоног бид хоёрыг чинь хоёулаа улсын наадамд түрүүлсэн гээд ах дүү хамаатан садан, найз нөхөд баяр хүргэж, манайх гэдэг айл хөл ихтэй л байна. Ирсэн хүн болгонд дэлгүүрээс ууттай бууз авчирч чанаж өгсөөр байтал өөрсдөө ч залхчихаж” гэв. Энэ жил төрийн наадмын сурын харваанд гэр бүлийн хүмүүс түрүүлсэн анхны тохиолдол нь Б.Батбаатар, С.Энхтунгалаг нар юм. Түүнчлэн хоёулаа Буриад, Урианхай сурын харваа сонирхдог, чамгүй амжилт үзүүлж яваа тамирчид юм.

Монгол Улсын мэргэн Б.Батбаатарын хувьд Буриад, Урианхай сурын спортын мастер бол эхнэр С.Энхтунгалаг нь Монгол Улсын хошой мэргэн, Буриад сурын гоц мэргэн, Уламжлалт харвааны ОУ-ын хэмжээний мастер билээ. Түүнчлэн гэр бүлийн харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээний 2014, 2015 оны аварга юм байна.

Төрийн их баяр наадамд хамтдаа 12 жил зодогложээ

Улсын мэргэн Б.Батбаатарын том өрөөний шилэн хорготой шкапанд үндэсний их баяр наадмын сурын харваанд шагналт байрт шалгарсан өргөмжлөл ирийтэл өрсөн харагдав. Тэд 2000 оноос хойш төрийн их баяр наадамд алгасалгүй оролцож иржээ. Дээд эгнээнд нь гэрийн эзний өргөмжлөлүүд байх. Харин хоёр дахь шүүгээний нүдэнд гэрийн эзэгтэйн өргөмжлөл, дурсгалын зүйлс өрөөстэй байна. Гэрийн эзэгтэйнх илүү олон юм. 2010 онд Дэлхийн уламжлалт харвааны аварга болж байсан өргөмжлөл медаль ч байв. Дэлхийн уламжлалт харваагаас анх удаа Монголоос медаль хүртэж байжээ. Уламжлалт харваа гэдэг нь өөрсдийн үндэснийхээ нум сумаар адилхан бай харвадаг төрөл юм. Гэрийн эзэгтэй “Би 1981 оноос хойш 34 жил сурын харваагаар хичээллэж байна. 1986 онд анх Монгол Улсын мэргэн болж спортын мастер цол хүртэж байлаа. Түүнээс хойш мэргэнээ баталчих юмсан гэж бодсоор энэ жил харин сайхан тохироо бүрдэж, бүр ханьтайгаа хамт түрүүлчихлээ. Харин манай хань чинь хожуу сур харваж эхэлсэн шүү дээ” гээд наадмын зурхайд төрсөн сэтгэгдлээ хуваалцав. Тэрээр “Сүүлийн хоёр жил нөхөр маань түрүүгээ Отгонбаяр ахад алдсан. Энэ жил харин түрүүлэх байх гэж найдаж байсан. Эрэгтэй шигшээ найм эхэлж харвадаг. Шигшээ харвах үед салхи ихтэй, тэнгэр хангай жаахан бүүдгэр байсан чинь манай ханийг сүүлийн сумаа тавих үед их сайхан тогтуун болчихсон. Цаанаа л нэг од нь гүйчихсэн байсан. Би ч нөхрийгөө Монгол Улсын мэргэн цолны болзол хангачихсан чинь ганц зорилго биелчихлээ гэж бодоод одоо яасан ч яахав гээд өөрийгөө сайхан тавьчихсан. Ер нь сур бол их хэцүү, хатуу спорт. Зарим үед сандраад өөрийгөө хэт бариад алдчихдаг. Айж шийргэнэнэ.

Харин энэ жил их тайван үзсэн. Нөхрийн маань амжилт намайг хурцалсан. Миний өмнө Оюунчимэг мэргэн сум тавьсан. Түүний харвахыг л харсан. Гарамгай мэргэн Х.Оюунчимэг төрийн их баяр наадмын халх сурын харваанд тасралтгүй дөрвөн жил түрүүлсэн хүн. Тэрнээс миний дараа харвасан хүмүүс яагаа бол гэж бодоогүй. Тэгсэн харин гараад ирсэн. Үүнээс илүү баярт явдал гэж хаа байхав” гэж ирээд өөрөөсөө илүү ханийнхаа амжилтыг ихэд бахдан ярьж байхыг харахад үнэхээр сэтгэл хөдөлж байлаа. Хошой мэргэний хувьд сүүлийн хоёр жил үзүүрлэсэн нөхрийгөө түрүүлж, мэргэн цол хүртээсэй гэсэн чин хүсэлтэй байсан нь илт. Учир нь найзууд нь “Залуу харваач Батбаатар хэзээ мэргэн болж эхнэрийн энд хүрэх вэ” гэж цаашлуулдаг гэнэ. Цолныхоо эрэмбээр нэр дуудуулж харвадаг болохоор хамгийн сүүлд шахуу дуудагддаг байж. Уг нь сүүлийн хоёр жилийн наадамд шаанс гарсан боловч нэг л тохироо бүрдэхгүй Отгонбаяр мэргэнд түрүүгээ буулаалгаад аман хүзүүдсэн хэрэг. Тиймээс энэ жил түрүүлэх байх гэсэн битүүхэн горьдлоготой байжээ. Харваачдын хувьд наадамд үзүүрлэнэ, тэр дундаа хоёр үзүүрлэнэ гэдэг амаргүй даваа ёстой л ур чадвартай, мэргэн нь л ийм амжилт гаргадаг бололтой. Өнөө жилийн наадмаар мэргэн Б.Батбаатар 40 сум тавьснаас 36 оноо авсан бол гэргий нь 40 сум тавьж 37 онож түрүүлжээ.

29 жилийн дараа хошой мэргэн болсон нь

Хошой мэргэн С.Энхтунгалаг 1981 оноос харваж, сурын спортыг сонирхож эхэлжээ. Тэрээр 1986 оны үндэсний их баяр наадмаар Хадбаатар аваргыг түрүүлдэг жил түрүүлж Монгол Улсын мэргэн, спортын дэд мастер цолны болзол хангаж байснаа ихэд бэлгэшээдэг гэсэн. 1986-1994 оны хооронд гурван хүүхэд өсгөх том албатай болж хэсэг хугацаанд нум сумаа эвшээлгээгүй байна. Ингээд хүүхдүүдээ хэлд орж, хөл нь чангараад ирэхээр нь ээж, аавдаа даатгаад л наадмын бэлтгэл гээд явчихдаг байж. 2007 онд тавдугаар байрт орж байсан ч улсын мэргэнээ батлах хүсэл өвөртөлж уйгагүй зүтгэсний хүчинд хошой мэргэн боллоо хэмээн дурсамжаасаа хуваалцав. Үнэндээ зөвхөн халх гэлтгүй буриад, урианхай сурын харваанд түүнтэй эн зэрэгцэх хүн ховор. Гарамгай мэргэн Оюунчимэг, Норжмаа мэргэн гээд түүний хүчтэй өрсөлдөгчдийг нэрлэж болох юм. Түүний насныхан бүгд л зодог тайлчихсан. Харин С.Энхтунгалаг уйгагүй бэлтгэл хийж 29 жилийн дараа ийн хошой мэргэн боллоо. Ийн хошой мэргэний амжилтыг хөөрөлдөх зуур бага хүү нь найз охинтойгоо орж ирэв.

Улсын наадамд гэр бүлээрээ гутгаар байрторсон түүх

Батбаатар мэргэнийх нэг охин, хоёр хүүтэй айл. Том нь Жаргалсүрэн, удаах нь Төгсжаргал, Төгс-Эрдэм хоёр. Охин нь санхүүгийн мэргэжилтэй. Хоёр хүү нь хятад хэл судлаач. Өдгөө нэг нь төрийн байгууллагад том алба хашиж байгаа бол бага хүү нь мөн томоохон компанид хятад хэлний орчуулагч хийж байгаа гэсэн. Том хүү нь өрх тусгаарлаж хоёр хүүхэдтэй болсон байна. Бага хүү нь аав, ээжээрээ ихэд бахархана. Тэрээр намайг бодвол ах илүү сайн харвана гэхэд ээж нь “Миний хүү чинь 20 сум тавихад 20 онодог мэргэн байхгүй юу” гээд хошуу дэвсэн эрхлүүлж, зулай дээр нь үнсэв. Зургийн цомог гаргаж ирээд энэ бол манай гурав наадмаар гурвуулаа хүрэл медаль хүртсэн жил гэж ирээд ярив.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой буюу 2006 оны үндэсний их баяр наадамд аав, ээж, хүү гурав нум сумаа үүрээд гэрээсээ хамт Төв цэнгэлдэхийн зүг хөдөлжээ. Харин наадам дуусахад гэртээ гурвуулаа хүрэл медаль өвөртөлж ирсэн гэнэ. Ер нь хүүхдүүд нь аав, ээжийнхээ мэргэжлийг ихэд дэмжихээс гадна арын ажлыг нь амжуулж, хоол унд, хувцас хунарыг нь базаадаг байна. Учир нь аав, ээж нь үргэлж бэлтгэл сургуулилт, тэмцээн гээд гэртээ орж ирэх нь ховор.

“Ханьдаа шинэ малгай оёж өгөх том ажилтай боллоо”

“Ямар сайндаа л мэргэн нөхрийнхөө малгайг оёх завгүй байгаа” гээд гэрийн эзэгтэй инээмсэглээд өөрийнхөө малгайг харуулав. Бөхчүүдийн малгайны залаа дээр улсын наадамд үзүүрлэж, түрүүлсэн тоог илтгэх зураас бий. Яг үүнтэй адил харваачдын малгайны залаанд ч тийм зураас байдаг. С.Энхтунгалагийн малгайны залаа нь хоёр давхар бөгөөд эхний залаан дээр улсын наадамд зургаан удаа үзүүрлэснийг илтгэх зураас байх бол хоёр дахь нь нэг зураастай аж. Учир нь тэрээр аймаг сумын наадамд оролцоод хошой мэргэнийхээ тэмдгийг малгайдаа хадах ч завгүй явна. “Би ч яахав нэмээд оёчихно. Ханьдаа харин шинэ малгай оёж өгөх том ажилтай боллоо” хэмээн ирмээд нөхрийнхөө толгой дээр өөрийнхөө малгайг тавиад “Энийг чи ав” гэж цаашлуулж инээв. Харин Батбаатар мэргэн “За, өнөө Батбаатар чинь эхнэрийнхээ малгайг өмсчихөж гээд андахгүй. Онигоо болно” хэмээн инээмсэглэн, ёжлоход бага хүү Төгс-Эрдэм нь аав, ээжийнхээ ярианд итгэсэн бололтой “Яана аа ээжийнх ягаан өнгөтэй ш дээ” гэж гэрийнхнийгээ хөгжөөгөөд авав.

Наадмынбэлтгэлээ хийхийнтулд хүнээс мөнгө зээлж өр тавьсан

Малгайнаас эхлээд наадамд бэлдэхэд мундахгүй их юм хэрэгтэй. Бэлтгэл хийнэ, малгайгаа хүнээр оёулна гээд л. Хошой мэргэн малгайгаа хүнээр 250 мянган төгрөгөөр оёулжээ. Энэ тухайгаа ярихдаа тэрээр “Энийг сонин дээрээ бичихгүй биз дээ” гэж их л санаа зовсноо “Яахав дээ хүний л амьдрал ш дээ. Бэлтгэлээс эхлээд мөнгө их орно. Баатараа бид хоёр наадмын дараа өгье гээд хүнээс мөнгө зээлчихсэн. Наадамд түрүүлсэн гээд улс тус бүр найман сая төгрөг өгсөн. Энд тэндхийн аймаг сумын наадамд оролцоод бас хэдэн төгрөг оллоо. Өрөө дарчихаад машин тэргээ сайтар шалгаж, хоол ундаа бэлдээд хэд хэдэн аймгийн ойд оролцох санаатай” гэв. Харин гэрийн эзэн “За тэр яах вэ” гэж эхнэрээ нударна. Түүнчлэн гэрийн эзэгтэй “Уг нь бөхчүүдэд түрүүллээ гээд л хэдэн өрөө байр, хэдэн ч машин өглөө гэдэг. Барьцаж байгаа юм биш л дээ” гээд хуучин байрныхаа гал тогоонд орж гал тогооны шүүгээ шагналынхаа мөнгөөр авахаар төлөвлөснөө шивнэв. Уг нь наадмын үеэр түрүүлсэн харваачийг нэг тавилгын компани гал тогооны иж бүрэн тавилгаар байлахаа зарлаж байсан удаатай аж. Гэвч өнөөг хүртэл чимээгүй байгаа бололтой.

Сумынойд нөхөр нь хоёрт орж, эхнэр нь түрүүлж автомашинаар шагнуулжээ

Гэр бүлийн мэргэн харваачид маань аймаг, сумын наадамд оролцоод тун ч завгүй яваа бололтой. Төрийн их баяр наадмаар авсан хоёр өргөмжлөлөө ханан дээрээ өлгөж амжаагүй харагдсан. Гэрийнхээ хамгийн дээр залах тухайгаа хуваалцсан. Тэд хэдхэн хоногийн өмнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ойн баяр наадамд оролцож Батбаатар мэргэн эрэгтэйчүүдийн төрөлд хоёрт орж гурван сая төгрөгөөр шагнуулсан бол Энхтунгалаг мэргэн эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж автомашинаар шагнуулжээ. Автомашинаа гардан авч байгаа зураг нь мөн л шүүгээн дээр нь харагдав. Энэ тухайгаа Батбаатар мэргэн “Нэлээд хэдэн сумын ой давхцаад бид хоёр ярилцаж байгаад хамгийн өндөр шагнал автомашин өгнө гэсэн сум руу явсан” гээд инээв. Сурын маань буян хишиг учраас ёстой нүдний цөцгий мэт хайрлаж, гамтай унана гэдгээ хүртэл хэлэв.

Б.Батбаатар: Манай эхнэр яг л “ямаа” шиг. Хийж чадахгүй, сонирхохгүй юм гэж байхгүй

Хошой мэргэн С.Энхтунгалаг зөвхөн сур харвахаас гадна их бүтээлч, ажилсаг нэгэн гэдэг нь илт. Өрөө бүрт л түүний оёсон хатгамал, мөн цаасаар сүлжсэн бүтээл дэлгээстэй. Цаасаар их гоёмсог сумны сав хүртэл урлажээ. Найзууддаа хүртэл бэлэглэдэг гэсэн. Харин мэргэн Батбаатар өөрийнхөө болоод эхнэрийнхээ хэрэглэх сумыг урладаг байна. Мөн л жижиг өрөө дүүрэн нум, сум. Хоёулаа халх, буриад, урианхай нум, сумтай. Түүний ярьснаар бол харваач бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг учраас сумаа хүртэл өөртөө тааруулж хийдэг байна. Халх сурын зай 75 метрээс эхэлдэг бөгөөд хасаа буюу бай нь 100 гр жинтэй сураар сүлжиж хийсэн байдаг. Харин Урианхай сур 35 метрээс эхэлдэг чих буюу бай нь 350-400 гр жинтэй, хүнд сум, хүчтэй нум хэрэглэдэг байх жишээтэй. Буриад сур 45 метрээс бай буюу үртгийгээ /өртгий гэж хэлдэг/ онодог. Товчхондоо бол хөнгөн сумаар хөнгөн байг онодог. Үүнээс гадна хоорондоо олон нарийн ялгаатай. Мэргэн халх сурын байг мөн урладаг юм билээ. Гэхдээ нумаа тусгайлан мэргэжлийн урлаач хүнээр хийлгэдэг байна. Батбаатар мэргэний нумыг Чойдорж гэдэг хүн урласан бол Энхтунгалаг мэргэний нумыг Баттөмөр, Баатар гэдэг хүн урлажээ. Олон жил болж байгаа гэнэ. Шагналынхаа дээжээс нум урласан хүнээ мялаагаад ирснээ ч ярьсан. Харин эхнэрийн хувьд их авьяастай. Охиноо төгөлдөр хуурын сургалтад явуулаад төгсөхөд нь өөрөө оролдсоор байгаад сурчихсан, хүнээр нэг л удаа заалгаад гар урлал хийчихнэ гээд зүгээр суудаггүй нэгэн. Ямар сайндаа нөхөр нь түүнийг “Манай эхнэрт хийж чадахгүй зүйл байхгүй. Юу л харна түүн рүүгээ зүтгэнэ. Яг л ямаа шиг” хэмээн хошигноод авав. Ийн хөөрөлдөх зуур бид хоёрын тэмцээнд ороод амжилт гаргах хамгийн гол хүчин зүйл бол тусалж дэмждэг “Алдар” спорт хорооны хамт олон, “ЖЕМ” интернэшнл компанийн хамт олон юм. Тиймээс энэ завшааныг ашиглаад баярлалаа гэдэг чин сэтгэлийн үгээ хэлмээр байна гэж С.Энхтунгалаг харваач хэлэв.

Сурынзурхайд танилцаж, сурынзурхайдаа амьдарч яваа харваачид

Мэргэн харваачид нум сумаа ихэд нандигнан дээдэлдэг нь илт. Бараг үр хүүхдээсээ илүүд үздэг гэж ярив. Өвлийн улиралд заал, танхимын харваанд оролцдогийг эс тооцвол бусад үед нум, сумнаасаа сална гэж үгүй. Анх сурын зурхайд танилцаж, сурын спортод хамтдаа амьдралаа зориулж яваа хүмүүс бол яах аргагүй Батбаатар, Энхтунгалаг хоёр мэргэн. Тэд Дорнод аймгийн уугуул хүмүүс. Анх 1975 онд Батбаатарыг Мухардайханы хэмээх мэргэн харваачдын удмын Пүрэвийн Гарамсүрэн найз нь сурын харваанд уруу татаж оруулсан. Найзыгаа дагаж Төв цэнгэлдэхэд сур харваа сонирхож яваад эхнэрийгээ олж харсан гэдэг. Тухайн үед бороо орж харваачид саравчинд цугларч хоргодож зогсоо эхнэрийгээ хараад дурласан цагаас хойш сэтгэлийг нь сурын зурхай насан туршид нь аргамжаад авсан хэмээн хуучлав. Уг нь Батбаатар мэргэн мужаан мэргэжилтэй, мөн МУИС-ийг бараа судлал, худалдааны зохион байгуулагч чиглэлээр дүүргэсэн байна. Аав нь тухайн үедээ их хэлэмгий, хөдөлгөөнтэй хүн байсан учир “Намын эсэргүү Базар” гэгддэг байж. Эхээс олуулаа. Энхтунгалаг мэргэн мөн л эхээс олуулаа. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул. Гэхдээ сур сонирхдог хүн байдаггүй гэнэ. Батбаатар мэргэний удамд Д.Цэцэг хэмээх өдгөө 65 нас хүрч буй Монгол Улсын мэргэн, Буриад сурын дархан мэргэн харваач байдаг аж. Энэ хүнээс л хоёулаа үлгэр дуурайл авч, хүндэлж явдгаа ярив. С.Энхтунгалаг “Бид ямар үнэт эдлэл, үнэтэй зүйл хөөцөлдөөд байх биш. Хэдэн төгрөг олвол эрүүл мэнддээ зориулж ахиад хэдэн жил амьдарч сур харвахыг хүсдэг. Цэцэг эгчээс дутаад юу байхав гээд л түүнийг юу хэрэглэнэ дагаад л хэрэглэнэ шүү дээ” хэмээн наргив. Хажуунаас нь хүү нь “Ээж Цэцэг эгч тийм ургамал, бэлдмэл хэрэглэж байна. Эмч хүн буруу юм хэрэглэхгүй гээд дуурайна шүү дээ” гээд инээв. Үнэхээр ч нум эвшээлгэж, сурын спортдоо үнэнч зүтгэнэ гэсэн эхнэр, нөхрийн чанд хүсэл бололтой. Сурын зурхайдаа босоо яваа мэргэн харваачид маань ийн сураа ярьсаар дараагийн тэмцээндээ аяны мишокоос эхлээд бэлдэх юм их байна гээд үлдлээ.

Д.Даваасүрэн

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Онцлох нийтлэлүүд