ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2017.01.13 12:01

Төрийн ордонд “Сэтгэлийн хээ” дэлгэгдэнэ

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач М. Ган-Очир 1986 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгссөн зураач эмэгтэй бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ үзэгчдэдээ толилуулах гэж байна. Энэ сарын 17-нд зураач М.Ган-Очирын “Сэтгэлийн хээ” уран бүтээлийн үзэсгэлэн Төрийн ордонд нээгдэх юм. Нийт 30 орчим бүтээл үзэсгэлэнд тавигдах аж. Зураач М.Ган-Очир монгол үндэсний хээнүүдийг абстракт зурагтай “сүлж” уран бүтээл туурвидаг онцлогтой. Түүнтэй ярилцлаа.


-Яагаад Төрийн ордныг сонгож авсан бэ?

-Өмнө нь янз бүрийн галерейд үзэсгэлэнгээ гаргаж байсан. Хээтэй зургууд болохоор Төрийн ордонд илүү зохицох юм шиг санагдсан. Төрийн ордонд бас пүрэв гаригт иргэд танилцах аялал хийдэг юм билээ. Үзэсгэлэн гаргах боломж надад олдсон юм л даа.

-Хэдийнээс хээ танд онцгой мэдрэмж төрүүлж эхэлсэн бэ?

-Хээ бүр багаас содон санагддаг байсан. Аав маань биднийг багад мужаан байлаа. Тавдугаар ангиасаа л аавын хийсэн модон эдлэлийг дүүтэйгээ цуг хээлдэг байж билээ. Түүний нөлөө байсан ч юм уу. Багаас суусан мэдрэмжүүд сөхөгдөж гарч ирдэг юм болов уу даа. Хээ харахаар хүний нүд хөгждөг шиг санагддаг. Магадгүй зураач болоход хээний гүйцэтгэсэн үүрэг их. Хээг би яаж орчин үеийн зурагтай хослуулах вэ гэж их бодсон. Анх навчин хээг ашиглаж абстракт зураг зураад, түүнээсээ хойш хээнүүд маань ар араасаа ундарсан.

-Таны хээгээр урласан бүтээлийг хэн нэгэн худалдаж авсан уу?

- Хээтэй хэд хэдэн зураг зарсан. Монголчууд хээндээ дуртай юм билээ. Зургуудаа энд тэнд үзэсгэлэнд тавихаар “Зарах уу, ямар үнэтэй вэ” гээд асуугаад ирдэг. Энэ зоосон хээг нэг эмэгтэй гэртээ тавихаар худалдаж авсан юм. Зоосон хээ болохоор их билэгшээсэн. Уг нь би нэг их арилжааны чанартай бодож хийгээгүй л дээ. Гэхдээ л тэр хүн зоосон хээ юм чинь гэрт байвал эд мөнгө арвижна гэж билгэдэж авсан юм.

-“Гоолингоо” дууг сонсоход ийм хээ сүлжсэн мэдрэмж төрнө гэдэг сонин юм аа?

- Би ардын дуунд их дуртай. “Гоолингоо” дууг сонсоод түүнээсээ санаа авч “Гоолингоо” зургаа зурсан. Энэ хээг би зохиогоогүй юм. Энэ өлзий хээний төрлүүд. Зоосон хээ гэхэд бас олон янз. “Янзган зоотой шарга” дуунаас санаа авч хийсэн зураг ч бий. Хээ, ардын дуу хоёр их сайхан зохицох юм билээ. Орчин үеийн модерн тавилгатай айл ханандаа өлгөхөд монгол уур амьсгал ханхлах мөртлөө орчин үеийн арга барилаар хийсэн зураг. Энэ зурагний хувьд тухайн үеийн мэдрэмжээс үүдсэн хийсвэр зураг. Мөн хээгээ эвдэж зохиомжилсон зургууд ч байгаа. Өмнө нь би абстракт зургууд зурдаг байсан. Үүн дотроо хээгээ бага багаар оруулж зурсан. Өнгөнүүдийнхээ шийдлийг яаж гоё хослуулах вэ гэж боддог.

-Таны энэ зургийг харахаар зуны халуун санагдаж байна шүү?

-Зун хөдөө явж ирээд зурсан зураг. Зураг сэтгэлзүйтэй холбоотой. Сэтгэл санаа өөдрөг гоё үед зурсан зураг. Одоо яг энэ зургийг харж байгаад дуурайлгаад зуръя ч гэсэн энэ өнгө нь гардаггүй. Энэ цуврал зургууд маань саяхан Солонгос руу үзэсгэлэн явж байгаад ирсэн.

-Та урлантай юу, хаана төвлөрч ажилладаг вэ?

-Би “Бармаш” компанийн байранд урлантай. Урландаа очоод зургаа зурахаар өөр л дөө. Илүү төвлөрч ажиллана.

-Та зургаараа хоолоо олж иддэг гэсэн үг үү?

-Ерөнхийдөө нөхөртэйгээ хамтардаг хувийн ажлууд бий. Зургаа ч зурна. Бармаш дээрх урландаа сургалтын төвтэй. Эцэг, эхчүүд нэг үеэ бодвол хүүхдүүддээ маш их анхаарал тавьдаг болсон шүү дээ. Зураач болохгүй ч мэдрэмжтэй, урлаг ойлгодог болгохыг хүсдэг. Тоо, математикт сайн хүүхдүүдийн зүүн тархи илүү хөгжсөн байдаг. Баруун тархины хөгжилтэй хүүхдийн дуу хөгжмийн сонсгол, уран зургийн мэдрэмж илүү хөгжсөн байдаг.

-Урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх боломжтой юу?

-Боломжтой. Хүүхдийг багаас нь урлагийн талын хичээл, дугуйланд суулгаад мэдрэмжийг нь дэмжвэл баруун тархи нь хөгждөг.

-Гадаадад үзэсгэлэнд их оролцдог уу?

-Их оролцдог. Солонгос, Япон, Германд миний зургууд л яваад байдаг.

-Ямар нэг амжилт үзүүлсэн үү?

-Тэр үзэсгэлэнгүүдэд Монголоосоо оролцоно гэдэг амжилт гэж боддог. Зураач бүр өөрийн ертөнцийг зурдаг. Тийм учраас тэрний ертөнц илүү, тэрнийх дор гэж болохгүй л дээ. Нэг их айхавтар тамирчид шиг уралдаанд оролцохыг хүсдэггүй.

-CD-гээр бас уран бүтээл хийж байжээ. Зураач нар юмыг өвөрмөц нүдээр харах юм аа. СD-г хүртэл урлагийн бүтээл болгочих юм?

- CD гэрлийн тусгалаар өнгө нь өөрчлөгддөг. Тэрийг бүтээлдээ ашиглаж байсан юм. Урлаг хөгжөөд маш дээд түвшиндээ хүрсэн. Европт бүр XX зууны үеэс бэлэн бүтээгдэхүүн ашигладаг урлаг хөгжсөн. Ахуйн эд зүйлсийг уран бүтээлдээ ашигладаг поп артын төрөл гэх юм уу даа.

-Уран бүтээлд тань говийн хүний мэдрэмж хэр их үлдсэн бэ?

-Тусдаг байх аа. Намайг сурч байхад манай ангид арав гаруй хүүхэд байсан. Гаднаас нь харахад 18-19-тэй хүүхдүүд. Зурахаараа зарим нь хар бараан, улаан хүрэн өнгөөр зурдаг. Өссөн орчин их нөлөөтэй. Хэрвээ би хотод төрж өссөн бол ингэж хээ зурах ч байсан юм уу үгүй ч юм уу.

-Ардын дуу, хээ гэдэг орчин үеийн залуусаас өөр мэдрэмж л дээ?

-Гэхдээ тийм ч хуучинсаг хүн биш л дээ. Орчин үеийн хөгжимд дуртай. Техно жаз хөгжимд дуртай. Гэхдээ л багад суусан мэдрэмж хүнийг дагаж явдаг юм билээ.

-Нутгийн хүмүүс тэр уул хайрхныг зураад өгөөч гэж хүсдэг үү?

-Юу зураад өг гэснийг нь зурдаг. Би чинь уран зургийн анги төгссөн шүү дээ.

-Дуучныг дуу дуулаад өгөөч гэдэг шиг зураачийг “Намайг зураад өгөөч” гэдэг үү?

-Тэгж ярихаас биш ажил хэрэг болгоод урланд зорьж ирсэн хүн байгаагүй ээ. Хүн зурах үе байдаг л даа. Энд тэнд явж байгаад харандаагаар хар зургаар таньдаг хүнийг зураад бэлэглэсэн удаа бий. Нөгөө хүн баярлаад нүүр хуудастаа тавьчихсан тохиолдол ч байсан. Тиймэрхүү юм тохиолдоно. Зураач хүний амьдрал юм даа.

-Зураачийн амьдралд нэг шинэ юм ороод ирэхээр уран бүтээлд нь нөлөөлж байдаг уу?

-Тийм юм маш их. Зун хөдөө яваад ирэх, гадаад яваад ирэхээр арай өөр мэдрэмж төрнө. Би хүүхэдтэй болчихоод сүүн цагаан, шар өнгөтэй зураг их зурсан. Нэг хэсэг эмээгээ өнгөрсөнөөс хойш бараан өнгө зонхилдог болчихсон байсан л даа.

-Эмээгийн хайртай хүүхэд байсан уу?

-Би зураач, дараагийн дүү дизайнер. Бидний уран бүтээл эмээтэй холбоотой. Эмээ их уран хүн байсан. Хөдөөний малчин хүн гэхэд их мэдрэмжтэй. Эмээгийн дэргэд өссөн болохоор эмээгийн нөлөө их бий. Жирийн нэг эмээ байгаагүй. Их ондоо хүн байсан. Эмээгээ дуурайсандаа баярладаг. Эмээтэйгээ цуг дуу сонсдог байж билээ. Эмээ дагаж дуулаад “Яаж ингэж гоё үг, аялгуу зохиож байна аа гэдэг сэн. Хүүхдүүдийнхээ хувцсыг бүгдийг оёдог. Их уран хүн байсан. Зураач болоход маань эмээ их нөлөөлсөн гэж боддог. Ээжийн талынхан дуучин хүмүүс. Бага дүү дуучин. Өөрсдөө аяндаа мэргэжлээ сонгосон.

-Та их хөдөлмөрч хүн юм аа?

-Аав өглөө таван цагт босоод ажилладаг байсан. Ээж, аав их хөдөлмөрч улсууд. Би тийм хөдөлмөрч биш ч аав, ээжийн нөлөө бий. Хүмүүс намайг хөдөлмөрч л гэдэг. Гэхдээ аав шигээ өглөө тавд босч зургаа зурахгүй л байгаа юм.

-Манай нийгэм танд ямар өнгөөр төсөөлөгддөг вэ?

- Надад их гэгээлэг санагддаг. Ямар ч нийгэмд асуудал байлгүй яах вэ. Гэхдээ манай орон залуус хөгжих боломжтой азтай улс. Дуртай орондоо очиж сурах боломжтой. Монгол улс маань цаашдаа их хөгжих байх гэж боддог.




Онцлох нийтлэлүүд