ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.04.17 05:04

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Диализийн төв” нээгдлээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийнхэн “Диализийн төв болон шинэ технологиуд” -аа танилцууллаа. Тус эмнэлэг нь Австри улсын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан юм. Эхний ээлжинд 13 төрлийн аппаратыг хүлээн авч эмчилгээнд хэрэглэж байна.

Энэ талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн захирал, дэд хурандаа Л.Баттөрөөс тодрууллаа.

-Танай эмнэлэгт эмчилгээний ямар тоног төхөөрөмжүүд ирсэн бэ?

Өнөөдрийн байдлаар 2 сая еврогийн үнэ бүхий хэт авиан оношлогооны аппарат, ходоод бүдүүн гэдэсний уян дуран дурангийн мэс заслын аппарат, хагалгааны өрөөний зөөврийн рентген аппарат зэрэг 10 гаруй тоног төхөөрөмжийг хүлээн авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Эдгээр аппаратуудыг нэвтрүүлээд сар гаран зарим нь 14 хоног болж байна. Ирэх зургаа, долдугаар сард үлдсэн тоног төхөөрөмжүүд ирнэ. Мөн бид шинээр диализийн төв нээгээд байна.

-Төвийнхөө тухай танилцуулаач?

Бөөр дотоод шүүрлийн тасаг нээсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн санаачлагаар диализын төв байгуулсан. Энэ тасаг дээр диализийн хэсгийг байгуулж давхар эмчилгээний хоёр аппарат дан эмчилгээний хоёр аппаратыг суурилуулаад эмчлүүлэгчээ хүлээж аваад байна. Эхний ээлжийн тоног төхөөрөмж мэдрэлийн үйл оношийн дөрвөн аппарат байгаа. Бусад хэвлийн хөндий дурангийн эмчилгээний аппарат үений дурангийн аппарат, дүрс оношлогооны аппаратууд хагалгааны явцад рентген зургийг авч, газар дээр нь оношлогоо хийж эмчилгээний явцыг хянах боломжтой болсон. Манай төв албан ёсоор өнөөдөр нээлтээ хийгээд өвчтөнгүүдээ эмчлээд эхэллээ. Нэг нь хурц яаралтай тусламж үзүүлэх аппарат, гурван ширхэг нь архаг диализтэй хүмүүст хэрэглэгдэхээр байна. Хэвлийн болон үений дурангийн аппаратаар хэвлийн мэс заслыг дурангаар хийх боломжтой болж байгаа. Мөн цөс, олгойн хагалгааг дурангаар хийж байна. Үений янз бүрийн гэмтэлтэй хүмүүст дуран ашиглан мэс засал хийж байна. Үе түнх солих хагалгаанууд хийгдэж байгаа.

-Өмнө нь ямар аппаратууд хэрэглэж байсан бэ?

Урд нь эмнэлгийн хэмжээнд суурин болон зөөврийн тус бүр нэг аппарат байсан. Төслийн хүрээнд зургаан ширхэг суурин болон зөөврийн аппаратуудаар хангагдсан. Энэ аппаратууд нь ЭХО үзлэгээс гадна B,C вирусын халдвартай холбоотой элэгний хатуурал болон холбогч эдийн өөрчлөлтийг оношлох боломжтой.

-Шинэ тоног төхөөрөмж дээр ажиллах эмч нарыг хэрхэн бэлдсэн бэ?

Энэхүү төсөлд нийтдээ 28 орчим эмч,сувилагч техникийн мэргэжилтэнгүүдийг сургаж байгаа. Одоогоор долоон эмч, сувилагч, инженерүүд сургалтанд хамрагдаад ирсэн. Үлдсэн эмч сувилагч нар удахгүй сургалтандаа хамрагдана.

-Өвчтөнгүүдэд ямар боломж нээгдэж байна вэ?

Манай үйлчлэх хүрээний хүн амд мэдрэлийн өвчлөл их байдаг. Эдгээр аппаратууд ирснээр оношлогоо үйлчилгээний чанар сайжирч байгаа. Манайд ходоодны дуран байхгүй байсан. Хэвтэн эмчлүүлж байсан ходоодны шархтай хүн цус алдах тохиолдол гарсан. Дурангийн аппарат байхгүйгээс өвчтнөө зөөвөрлөх шаардлага гарч байсан. Одоо бол эмнэлэг дотроо оношлогоо үйлчилгээгээ хийх боломжтой. Зарим аппарат анх удаа улсын эмнэлгүүдэд орж ирж байгаа.

-Зөвхөн танай эмнэлэгт байдаг тоног төхөөрөмж бий юу?

Нойрны төвийн аппарат байгаа. Рефлекс гээд хувийн эмнэлэгт байдаг. Сүүлийн үеийн 3D, 4D ЭХО-нууд орж ирж байна. 4D ЭХО нь элэгний бүтцийг тодорхойлж, элэгний цироз, өөхлөлт, хатуурал ямар түвшинд байгаа мөн хордлогын гаралтай гепатитыг ялгадаг болсон. Энэ бол Монголд ганцхан байгаа аппарат.

-Танай эмнэлэг зөвхөн төрийн тусгай албан хаагчдад үйлчилж байна уу, жирийн иргэд танайд ханддаг уу?

Манай эмнэлэг бол нэгдсэн эмнэлэг. Нэгдсэн эмнэлэг нэр бүхий найман тусламж үйлчилгээ үзүүлдэг. Төв эмнэлэгт үзүүлдэггүй тусламж үйлчилгээг манайх үзүүлдэг. Эмэгтэйчүүд, хавдар, хүүхэд гэх мэт. Нэгдсэн эмнэлэг илүү давуу талтай. Гэмтэл болон мэс засал назалогийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хууль зүй дотоод хэргийн харъяа 11 агентлаг байгууллага, төрийн тусгай албан хаагчид болон албан хаагчдын ар гэр, тэтгэвэрт гарсан ахмадууд мөн чингэлтэй дүүргийн иргэдэд мэс засал болон гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд