Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2017.03.20 10:03

Төрийн тэргүүний гадаад бодлогод “Ардын эксперт”-үүд дээд оноо өглөө

Монголын медиа корпорациас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг “Чингис” зочид буудлын хурлын танхимд энэ сарын 6-нд боллоо. Энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 иргэн (Ардын эксперт) оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд 1-10 хүртэлх оноогоор үнэлгээ өгсөн юм. Хэлэлцүүлэгт оролцогчид энэ хугацаан дахь гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ямар санаачилга гаргав, ямар үр дүнд хүрэв, Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байна гэдэгт үнэлгээ өглөө. Зөвлөлдөх санал асуулгын явцад Төрийн тэргүүний тайланг сонсч, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэж, асуулт тодруулга авсны дараа нууц санал хураалтаар оноогоо өгсөн байна.

Мөн энэхүү үнэлэлт, оноо өгөх явцыг хараат бус, хөндлөнгийн “МЕС” судалгааны төв хяналт тавьсан бөгөөд нууц санал хураалтад оролцсон нийт иргэдийн үнэлгээг нэгтгэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10-аас 8.9 оноо авчээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч иргэддээ тайлан тавиад зогсохгүй анх удаа санамсаргүй түүврээр сонгогдсон иргэдээр зөвлөлдөх ардчиллын механизмын дагуу оноогоор үнэлүүллээ.

МЕС судалгааны төвийнхөн санамсаргүй түүвэрлэлт хийхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Киш Грид”-ын аргыг ашигласан юм байна. Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах бусад сэдвээр ч зөвлөлдөх хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээр оноо өгүүлэх замаар дүнг нэгтгэн гаргах ажээ.

М.ЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд