ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2019.02.11 03:02

Төрийн хамаг дээд шагналыг хамсан математикийн ангийнхан

Монголын хөгжил дэвшилд гар бие оролцсон олон гавьяатууд төгссөн нэгэн ангийнхны түүхийг уншигчдадаа хүргэе. Тэд бол Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн сургуулийн 1948-1958 оны төгсөлтийнхөн юм. Энэ ангийн сурагчдын ихэнх нь дээд боловсрол эзэмшжээ. Одоо улс төр, нийгэм эдийн засаг гээд олон салбарт доктор профессор гавьяатууд төрөн гарсан байна. Эрдэнэтийн уурхайг анх нээсэн багийн ахлагч геологич Л.Мягмар, социализмын үед Монгол Улсын хэмжээнд баригдсан бүхий л гүүрийг барьсан И.Гүррагчаа нар эл ангийн сурагчид. Бид энэ ангийн хөвгүүн Монголын ахмад эдийн засагч профессор С.Жамьянсүрэнтэй ангийнхных нь талаар хууч хөөрлөө.

Математикийн хичээлд хорхойтой ангийнхан

1948 оны намар. Завхан аймгийн бүхий л сумаас эрдэм мөрийн зам хөөхөөр ирсэн хөдөөний бор жаалууд, бондгор охид Б.Элдэв-Очирийн гэх тодотголтой сургуульд нэг анги болон нэгджээ. Газар газраас ирсэн эл хүүхдүүдийг ирээдүйн доктор, профессор, гавьяатууд болно гэж хэн ч төсөөлөөгүй байх. Тухайн үед Б.Элдэв-Очирын нэрэмжит дунд сургууль Худгийн ам гэх өвөрмөц сонин тогтоцтой нутагт хэдхэн шавар байшин барьж төвхнөж байсан юм. Эл газар нь Хатанбаатар Магсаржав, Ванданов нарын хуарагнаж байсан түүхтэй гэдгийг уншигчид гадарлах байх. Манай булангийн зочин анги энэ сургуулийн зургаа дахь элсэлт нь. Тэгэхээр тухайн үед зургадугаар ангийн сурагчид хамгийн том ах эгч нар нь байсан байгаа юм. Түүнчлэн энэ сургуулийн зургаа дахь төгсөлт гэсэн үг. Зургаагийн тоогоор нөхөрлөсөн тэд эл сургуульд 62-уулаа элсэн оржээ. Эдгээр балчируудыг тэр үед дээд ангийн ах эгч нараас эхлэн багш нар нь хүртэл алган дээрээ тосон хүмүүжүүлжээ. Анги даасан багш нь З.Цэрмаа. Ангиараа математикийн хичээл сонирхон судалж, амьдралынхаа зам мөр болгоход нь түлхэц болсон хүн нь тэр. Сайн багш нарынхаа буянд ангиараа хичээлийн хорхойтнууд болсон талаар С.Жамьянсүрэн ярив. 1953 оны хавар. Зөвлөлтийн агуу удирдагч Сталин нас барлаа гэх мэдээ дуулдсан. Цагт хэдхэн шавар байшинд төвхнөж байсан Б.Элдэв-Очирын нэрэмжит сургууль буурь сэлгэлээ. Нүүх нүүхдээ Завхан аймгийн Улиастай хотын төвд байрлах Хорлоо инженерийн барьсан хоёр давхар “Цагаан ордон”-д оржээ. Аймгийн хамгийн том барилгад сургууль нь нүүж очсон тэр он цаг С.Жамьянсүрэнд тод мөрөө үлдээжээ. Тэрээр энэ цаг үеийн талаар тэмдэглэсэн ангийн хөвгүүн Ц.Цэндээхүүгийн бичвэрийг гаргаж үзүүлсэн юм. Тэнд “Хоёр шургааг сугавчлаад Жавхлант толгойн шилээр цуварцгааж байлаа. Тэр жил боломж муу байснаас сургууль маань цэлгэр том хашаандаа олон гэр ярайлгаж барьсан. Дотуур байрны бид өнгөлсөн эсгий цавган дээр зулцгааж байсан ч ор дэвсгэрээ хаяагаар тэг дөрвөлжин засч, цэвэр нямбай сууцгаадаг байв. Булан талхны яриа ихтэй, Гүррагчаа, Гэлэгбал, Шаалав бид нэг дор бөөрөө нийлүүлж унтацгаана. Ильичийн гэрэл түгж чадаагүй учир аймгийн төв лаагаар орлуулж байв. Лааны гал алдсанаас байрны гэрүүдээс Сантмаргацынхан голдуу байдаг хамгийн шинэ гэр нэгэн шөнө шатчихаж билээ. Хүүхдүүд нь гэмтэлгүй зүгээр, сургуулиас шинель, цэрэг маягийн хувцас иж бүрнээр нь юм хумаа шатаасан хүүхдүүдэд олгосон” гэж тэмдэглэжээ. Сургуулийн сурагчдад байрны гэрүүдийн дэргэд юм юм нь гял цал болсон хоёр давхар шинэ барилга сүндэрлэх нь тун чиг содон байсан нь тодорхой. Эрс ялгаатай хоёр дүр зураг нийгмийн шинэчлэлийн дохиог тэд анх тэр үед мэдэрсэн биз ээ. Сонирхуулахад 1940, 50-иад оны эрэгтэй сурагчид хөх өнгийн дээл, түнжгэр толгойгоор ижилсдэг байж. Харин охид нь хошмоготой ногоон дээл, хоёр салаа гэзгээ өнгийн туузаар гоёж сургуульдаа очдог байжээ.

Бид цай оочлонгоо С.Жамьянсүрэн гуайгаас сурагч үеийнх нь сонирхолтой түүхүүдийг нь яриуллаа. Тэрээр “Биднийг зургадугаар ангид байхад болсон үйл явдал. Газар зүйн багш Төмөрсүх сурагчдын гал тогоонд дежур багшаар ажиллаж байхад манай ангийн Гомбожав гал тогоонд юм идээд сууж байсан байгаа юм. Тэгээд багш “Чи наадах тэшүүрээ надад өгөөч. Би гол дээр очиж гулгаж байгаад өгье” гэж л дээ. Тэгтэл мань Гомбожав “Та яасан хачин багш вэ. Өчнөөн их цалинтай байж тэшүүр дэлгүүрээс худалдаад аваач. Надаас авах гээд байх юм” гэж томорсон байгаа юм. Та нар шиг сахилгагүй сурагчид энд тэнд хамаагүй шээгээд тэрний торгуульд өгөөд цалин маань хүрэлцэхгүй байна гэж багш тэр үед егөөдсөн л дөө. Гоёо маань тийм их зүрхтэй, эрээ цээргүй, нүүрэмгий шогч эр байж билээ гэж одоо бодож инээж суудаг юм. Гоёо бид хоёрын бас нэг түүх байдаг юм. Долдугаар ангид байсан санагдаж байна. Манай гоёо сэргэлэн, овжин, шооч хүүхэд байсан. Сурагч байхдаа хоолонд нугасгүй. Байнга л хоол асууж явна. Биднийг сурагч байх үед гал тогоонд ээлжилж жижүүр хийлгэдэг байсан. Бас нэг сонирхолтой зүйл нь сурагчид бүрээн дуунаар жагсаж хоолонд ордог байв. Намар сонгуулийн өдөр би гал тогооны дежур хийж таарсан юм. Урьд орой нь Гомбосүрэн нэг л зүйлийг үнэн сэтгэлээсээ захиж хэлье, маргааш өглөө найз нь хоол дахимаар байна аа гээд болдоггүй. Өглөө нь аз болж сонгуулийн өдөрт зориулаад зүсэм талх, элсэн чихэр, цагаан тостой өглөөний цай угтав. Мань хашир ч өглөө хамгийн эрт ирэхээр нь өгөөд явууллаа. Бүрээн дууны хамгийн эхний дараалалд ирсэн шүү бүр. Хүүхдүүд өглөө хоолондоо ороод бараг дундаа ороход Гоёо дахин ороод ирлээ. Дахиад л өглөө. Одоо ч болсон байх аа хэмээн бодож байтал хамгийн сүүлд гэмгүй царайлан сээмийтэл дахиад ороод ирдэг байгаа. Дахиад л нөгөөдөхөө өглөө. Өдрийн хоолонд ч дахиад дахисан юм даг. Орой нь ажлаа дуусгаад Чүлтэм тогоочтой тооцоо хийхэд нэг бүтэн талх дутаж мань хүнээр зэмлүүлж билээ. Үүнийг далимдуулан нэлээд хүүхэд өглөөний талхыг дахисан учраас дутсан нь илэрхий болсон. Байрны сурагчид тэгж л өлсдөг байлаа. Голдуу шар будаа л иддэг байсан даа” гээд хөгжилтэй инээв.

1956 оны намар. Зочин анги маань наймдугаар ангид дэвшихэд Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэлийн сургуулиас 20 шахам охид, хөвгүүд ирж элсэн суралцжээ. Тэдгээр хүүхдүүд Улиастайн довон дээр сурч, хүмүүжин, өсөцгөөсөн гэнэ. Гэвч ангид хот хөдөөгийн ялгаа ер гардаггүй байж. Нэг зорилготой нэгдмэл анги болжээ. Одоо ч ангийнхан уулзалдаж, хамт олноороо хуучин цагаа дурсдаг байна. Хорвоогийн жам ёсоор ангийн 62 сурагчаас 18 нь л өдгөө эрүүл энх, түвшин амгалан аж төрж байгаа гэнэ.

Эл ангийнхнаас төрсөн төрийн соёрхолтууд, гавьяат, эрдэмтэд, профессоруудын дийлэнх нь оюуны чадавхтай хүмүүс. Тэд Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Цэцэн Уул, Яруу зэрэг хойд сумдаас гаралтай гэнэ. Б.Элдэв-Очир мөн л Нөмрөг сумынх ажээ. Тэр утгаараа ч тэр үү, эл ангийнхан хичээлээс холддоггүй онцгой зуршилтай байж. Энэ талаараа С.Жамьянсүрэн “Тухайн үед зурагт, радио гэх мэт анхаарал сарниулах зүйл байсан биш дээ. Хааяа л нэг нэгдсэн журмаар кино үзнэ. Жилд хоёр, гурван удаа л үзүүлнэ. Ганц хийдэг зүйл нь хичээл, ном л байсан. Тэр үеийн багш нартаа талархаж явдаг. Хосгүй сайн багш нарын гар дээр очсон учраас бидний сурах идэвх тэр хэрээрээ өндөр байлаа. Климов гээд багш орос хэлний ганц нэг үг цээжлүүлдэг. Гэхдээ хөдөөний хүүхдүүд бид тийм ч сайн сурч чадаагүй” хэмээн ярилаа. Үргэлжлүүлэн тэрээр “Биднийг есдүгээр ангид байхад багшаар МУИС-ийн тоо физикийн анги төгссөн, физикийн мэргэжлээр өндөр мэргэшсэн, заах арга сайтай бидэнд мэдлэг олгохын тулд үнэхээр хичээж, зүтгэл гарган ажилладаг багш Баатар ирлээ. 1957 оны тавдугаар сард санагдаж байна. Сургуулийн хичээлийн байр улаан туйпуу байшингийн урд талд Баатар багшийн маань улаан өнгийн унадаг дугуй харагдана. Тэр үед Оросын унадаг дугуй нэлээд ховор байсан. Бэл бэнчин сайтай сэхээтнүүд л ганц нэг унадаг байлаа. Гэтэл манай ангийн сурагч Гэрбиш багшийн дугуйг нууцаар унаад алга боллоо. Багш гарч ирсэн унадаг дугуй нь байхгүй. Тэгсэн мань Гэрбиш дугуйг нь уначихсан чанх урдаас нь гараад ирдэг байгаа. Би ч айгаад таг дуугүй зогсчихсон. Тэгсэн л Баатар багш чангаар “хар хулгайч аа. Хэлээд унахгүй яасан юм бэ” гэж хэлэх нь надад хагас дутуу сонсогдсон доо. Гэрбиш тэр дороо “сүүлээ хавчаад” зугтсан санагдана. Одоогийнхоор бол хэт айснаасаа болж зүрх нь зогсчих дөхсөн дөө, хөөрхий. Хүүхэд нас аа гэж. Аль зүггүйтэхийг тэр гэх вэ дээ” гэж хэлээд зургийн цомгийнхоо урагдаж муудсан сурагч үеийнхээ зургийг илбээд дурсамжаа үргэлжлүүллээ.

1958 оны хавар. Төө орох зайгүй эвсэг эл ангийнхан цаг хугацааны жимээр тарсан будаа шиг цацран оджээ. Бахархууштай нь тэд бүгд дээд сургуульд элсэн орсон. Арга ч үгүй биз. Хичээлийн хэнээтэй гэмээр энэ ангийнхан математик, биологи, физикийн талаар ам булаалдан мэтгэлцэж, тухайн үеийн хүмүүсийн төдий л мэдэхгүй ДНХ, капитализмын талаарх мэдлэгээрээ уралдаж явжээ. Ангийн арав гаруй сурагч гадаад руу явж их сургуульд суралцсан гэдгийг онцлох хэрэгтэй байх. Тухайлбал, М.Мэрэгшир Москва хотын төмөр замын дээд сургууль, Г.Нямжав Москвагийн ХАА-н инженерийн академи, И.Гүррагчаа Москвагийн авто замын дээд сургууль, Ц.Жанчив Ломносовын их сургууль гээд тоочоод байвал урт дараалал үүснэ.

Эл ангиас Монгол Улсын гавьяат хоёр, Монгол Улсын төрийн соёрхолт хоёр, Академич нэг, Шинжлэх ухааны доктор гурав, Дэд докторууд ес, Профессор цолтон арав, Ардын их хурлын депутат хоёр, Монгол Улсын шинэ үндсэн хууль батлалцсан депутат нэг, спортын цолтон дөрөв гээд л дурдаад байвал дуусахгүй их. Гавьяа шагналыг нь цааш үргэлжлүүлбэл, Алтангадас одон 18, Хөдөлмөрийн хүндэт медаль 14, Салбарын тэргүүний ажилтан 28 гээд л цааш үргэлжилнэ. Түүнчлэн олон улсын шагналаар шагнагдсан дөрвөн сурагч байдаг аж. Ангийн Ц.Жанчив, дэлхийн шилдэг 100 эрдэмтдийн жагсаалтад орсон, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал. Б.Бурмаа Герман Улсын физик, математикийн ухааны доктор, МУИС-ийн хүндэт профессор. Ц.Цэндээхүү МУИС-ийн биологийн факультетийн ургамал, судлалын тэнхимд 40 гаруй жил ажилласан, Биологийн ШУ-ны доктор. Ш.Гэрбиш МУИС-ийн цөмийн судалгааны төвийн секторын эрхлэгч, Дубнагийн олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн инженер, тасгийн эрхлэгч, Нью-Йоркийн академийн гишүүн. И.Гүррагчаа Монголын зам гүүрийг хөгжүүлэх үйлсэд гавьяа байгуулсан, Монгол Улсын төрийн соёрхолт инженер, Монголын Хүндэт замчин. Я.Бадрал Дархан дахь ургамал газар тариалангийн, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн секторын эрхлэгч, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор. Ч.Бямбаа ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнгийн соронзон судлалын тасгийн эрхлэгч, солир судлагч, доктор. Г.Нямжав инженер нийтлэлч, нийгэм улс төрийн ахмад ажилтан. Д.Цагаандорж Эрдэнэт үйлдвэрийг байгуулахад илгээлтээр ажилласан анхны монгол инженер гээд л маш олон алдартай эрдэмтэн судлаачид төрөн гарчээ. Зах цухаас нь дурдахад ийм байна. Улс орондоо хийж бүтээх насандаа зүтгэж, хөгжилд нэмэр болсон буурлууд минь өтөл цагтаа ч зүгээр суулгүй хойч үеэ бэлдэх ариун цагаан мөрийг гаргаж явна.

Б.АМАРТҮВШИН

Онцлох нийтлэлүүд