ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.07.13 09:07

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.ЖАНЦАННОРОВ: “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн тухай өнөөдөр биш 800 жилийн дараа ярих учиртай

Төрийн хошой шаг­налт, Ардын жүжигчин Н.Жан­цанноровтой ярилцлаа.

-Ж.Бадраа гуайтай хамтарч хийсэн таны дуунуудаас “Аргалд явсан ээжий” хүмүүсийн сонсох дуртай дууны нэг. Түүхийг нь яриулахсан гэж бодоод явдаг байлаа...?

-Би ээжтэйгээ 1969 оноос хойш хамт амьдарсан хүн л дээ. Ээж минь 1991 онд нас барсан юм. Битүүний урд өдөр ээж их ажилтай. Бурханаа цэвэрлэнэ, зулын гол орооно. Ээжийг нас барсан жилийн битүүний урд өдөр гэртээ орсон чинь нэг юм бодогдлоо. Бурханаа хэн цэвэрлэдэг билээ, хамгийн түрүүнд хэнд золгох вэ гэж. Намайг бүр жааханд манайх зуухгүй, тулгатай байлаа. Үнс бужигнана гэж жигтэйхэн. Ээж аргалд явахдаа намайг бүсээр ороож орны хөлнөөс уяж, өмнө минь хоёр ааруул тавьчихна. Гурав, дөрөвтэй байсан үе. Тэр жаахан хүүхдэд ээжийгээ хүлээх шиг том хүлээлт энэ ертөнц дээр байхгүй. Битүүний өдөр ээжийгээ үгүйлж дурсаад сууж байхдаа аргалд явснаасаа илүү урт хугацаагаар явчихлаа даа гэсэн бодол төрдөг юм. Гэтэл “Аргалд явсан ээжий минь та арай дэндүү удлаа” гэсэн мөр шууд ороод ирсэн. Бадраа гуай руугаа утасдлаа даа. “Бурханаа цэвэрлэж, зулаа барих гээд сууж байна. Ээжийгээ хамгийн их хүлээсэн цаг гэвэл аргалд явдаг үе нь байжээ. Надад нэг ийм мөр ороод ирлээ” гээд ярилаа. Өнөөх маань догдолчихож. “Утсаа тавь” гэж байна. Ээждээ амь гэж жигтэйхэн хүн байсан л даа. Хорин мину­тын дараа утас дуугарлаа. Бадраа гуай байна. “За үзэг цаас гаргаад бич” гэдэг юм. Ингэж л төрсөн дуу.

-Та хоёр их дотно байжээ. Рин­чен гуайн хайртай шавь нарынх нь нэг байсан гэл үү?

-Бадраа гуайтай гэр бү­лээ­рээ найзалдаг байлаа. Их том удам судартай хүн л дээ. Ерөнхий сайд асан Дамдинбазар гуайн дүү охиных нь хүүхэд. Яах аргагүй Ринчен гуайн хайртай шавь нарынх нь нэг. Сүүлд Ринчен гуайг оршуулах автобусанд Бадраа гуайг нэг хүн түлхээд оруулаагүй гэж ярьдаг юм. Үндэсний радиогийн хөгжмийн редакцийг байгуулахад том нөлөө үзүүлсэн хүн дээ. Тэнд байхдаа харшилтай учраас хөөргөөр хамрын тамхи татна. Ширээнийхээ шилэн дор Дарь эхийн зураг тавьдаг байж. Тэгээд л хамрын тамхи татдаг, бурхан шүтдэг, үндсэрхэг үзэл ярьдаг гээд Ховд аймаг руу цөлөгдсөн байдаг юм. Бадрууган тэр үед хоёр гурван настай жаахан хүү байсан байх. Түүнээс нь хойш өөдтэй ажил хийлгээгүй. Үндэсний уламжлалтай холбоотой юман дээр дуугүй суухгүй. Орос ёс хэтэрлээ гэнэ. Монгол хэлээ өмөөрнө. Тэгэхээр өөдөө ажил хийнэ гэдэг бүтэхгүй л дээ. Олон хэл гадарлана. Орос, англи хэлэнд гаргууд. Төвд хэл хоо­сонгүй. Перс рүү санаатай. Ханз харна. Долоо, найман юм­тай шүү. Гэрийн номын сан энэ тэр нь том л доо. Таагүрийн “Цусан тахилга” гэх мэт аваргуудыг орчуулсан. Хөгж­мийн зохиолчид Бадраа гуайн эрдэм чадлыг их үнэлж, тооно.

-Бадраа гуайтай хэзээ танилцаж байв?

-Багшийн сургууль төгссөн жилээ танилцсан. Танилцах ч юу байхав. Ганц хоёрхон дуу хийчихсэн мань мэтэд шүлгээ тоож өгөх хүн олдохгүй. Дууны яруу найргийн хувьд нэгдүгээр эгнээнд ганцаараа гараад ирсэн хүн. Явуухулан, Пүрэвдорж нар том яруу найрагч болохоос дууны яруу найргийн хувьд бүтэц талаасаа Бадраа гуайд хүрэхгүй. Арга байхгүй том яруу найрагчид учраас шүлэг нь сайхан дуу болчихдог. Дууны яруу найраг бол яруу найрагчид дотроо мэргэшдэг зүйл байгаа юм. Тэгж томорчихоор Намсрайжав гуай барьж аваад “Түмний нэг“ киноны “Халуун элгэн нутаг”-ийг хийлгэнэ биз дээ. Гончигсумлаа гуайн “Хүдэн татсан хангай” байна. Бирваа гуайн “Намрын шөнө”, “Зандан шоо” ярилтгүй гоё. Сүүлд нь гарч ирсэн Батсүх мэтийн залуус “Гайхмаараа”-гаас эхлээд сайхан дуунууд дээр хамтарчихсан цаг. Бадраа гуайн дуунуудыг сонсохоор л сайхан санагдаад “Яаж энэ хүнтэй уулзаж ганц шүлэг салгадаг билээ” гэж бодно. Тэгж байгаад зүрх гаргаж нэг дууны үг өглөө. “Хоньчны дуу” гэж сайхан дуу хамтарч хийсэн. Дараахан нь би хойшоо сургуульд явсан. Энэ хүнтэй насан туршдаа холбоотой явсан нэг шалтгаан байдаг юм. Би хойно долоон жил сураад ирэхдээ их юм сурсан ч соёл, түүх, уламжлал гээд Монголынхоо тухай юу ч мэдэхгүй хүн гэдгээ ухам­сартайгаар ойлгож ирсэн. Тэгэхээр ном уншихаас гадна мэддэг хүмүүстэй ойртохоос аргагүй болно оо доо. Тэгээд л Чой.Лувсанжав, Ширэндэв, Бадраа, Лувсанвандан гэсэн аваргуудтай ойртож нөхөрлөж эхэлсэн. Би дөнгөж төгсч ирсэн залуу ч гэлээ яамны ажилтан. Яамны ажилтныг юм хум асуу­гаад очихоор тэд бас голохгүй. Ингээд үг ам нийлээд эхлэлгүй хаачихав. Бадраа гуай миний нэг юмыг шүтнэ. Намайг та гэнэ л дээ. “Европын гаралтай хөгжмийн ухааныг орвонгоор нь ухаарсан учраас хөгжмийн тухай, урлагийн тухай тантай ярьж болж байна” гэнэ. Зөндөө юм асууна.

-Тэр мундаг хүн тэгээд юу асуухав?

-Яагаад тэр Вагнер чинь тэр хачин хөгжимт драм гэдэг юмыг Германд хийсэн юм бэ, герман хэлтэй холбоотой юу гэнэ. Тэгэхээр нь би хойно сурсан юмаа ярина. “Вагнер гэдэг чинь Бетховеноос хойш гурван үеийн дараа гарч ирсэн нөхөр. Дуурийн аялгуунаас залхаад дуурийг хөгжмийн бүтээл болгохын төлөө зүт­гэснээс үүдсэн” гэдэг ч юм уу. Би болохоор өөлд, урианхай гэж хэн юм, Гандан дээр ямар бурхад залаатай байдаг юм гэж ирээд асууна. Хоёр талаасаа нөхөх юмтай учраас бид хоёр гайхамшигтай эвлэсэн. Хоёулаа Монголын үндэсний урлаг соёл гэдэг зүйлийг дэл­хийн хүн төрөлхтөнд яаж хүлээн зөв­шөөрүүлэх вэ гэсэн орь хүсэлтэй. Симфонийг дэл­хий хүлээж авсан шиг уртын дууг дэлхий яаж хүлээж авах вэ гэдэг үзэл санаа бид хоёрыг нэгтгэж хов ч яриулна, хүн ч магтуулна, муулуулна. Толь бичиг дээр хамт сууна. Миний бичсэн номыг Бадраа гуай, Бадраа гуайн номыг би редакторлоно.

-Та хөгжмийн зохиолчдын хол­боог тэргүүлж байхдаа Бадраа гуайг гэртээ уран бүтээлээ хий гээд ца­лин­жуулж байсан гэж сонссон. Социализмын үед ийм шийд­вэр гаргах хэцүү байсан биз?

- Энэ хүнээр ажил хийлгээд хэрэггүй, байгаа юмыг нь л авч үлдье гэж бодсон хэрэг. Хэл ам их гаралгүй яахав. Намын төв хороонд матуулна. Найздаа улсын цалин зүгээр өгч гэрт нь суулгаж уран бүтээл хийлгэдэг гэсэн шүүмжлэлийг бол байнга сонсоно. Тэр үед байж болохгүй зүйл л дээ. Намын төв хороонд дуудагдах бүрдээ тайлбар хийдэг байлаа. “Алтан намар”, “Морин хуур” наадам зэрэг чинь бидний л хамтарч бодож олсон зүйл. Намайг морин хуурыг дэлхийд гаргачихлаа гэдэг юм. Бадраа, Ширэндэв гэж мундаг хүмүүстэй л ярьж суусан зүйл. Ширэндэв гуай намайг миний залуу найз гэдэг байсан юм. Аргагүй шүү дээ, надаас дөч, тавь ах юм чинь. Бадраа гуайг цалинжуулж гэрт нь суулгахдаа “Монгол ардын хөгжим“ гэдэг таван бүлэгтэй ном бич гэсэн даалгавар өгсөн юм. Гурван бүлгийг нь бичиж амжсан. Одоо түү­нээс хүчтэй ном манайд байхгүй. Японоос олж ирсэн магнитофоноо Бадраа гуайд өгөөд хөгшчүүлтэй яриулна. Тэр яриагаар “Их дуучны яриа” гэж их алдартай ном бүтсэн. Хорьдугаар зууны манлай ур­тын дууч Дорждагватай гурван сар сууж магнитофон дээр бичсэн бичлэгийг нь сүүлд би буулгаж, эмхэтгээд ном болгосон юм.

-Тэр үед намын үүрийн хурал гэж айхтар юм байсан гэдэг. Хөгжмийн зохиолчдын хол­бооны намын үүр гэхээр ямар юм байхав, уран бү­тээл­чид ер нь юу ярьж суу­сан бол гэсэн сонирхол тө­рөөд байдаг юм?

-Өө манай намын үүрийн гишүүд гэж “хөгийн юмнууд”. Гон­чигсумлаа, Мөрдорж, Эрдэнэ­батын Оюун, Зангад багш, Бирваа гуай, Бадраа гуай гээд. Сар бүр болдог намын үүрийн хурал их хөгжилтэй. Нэг намын үүрийн хурал дээр Бадраа гуай өөрийгөө магтаж эхэллээ. Би тийм ч юм хийсэн, ийм ч юм хийсэн гээд. Гэтэл Гончигсумлаа гуай гараа өр­гөөд “Хурлын дарга аа, Бадраа өөрийгөө магтахаас өөр юу ч хийхгүй байна, больё” гэж байна. Тэгсэн Бадраа гуай “Гончигсумлаа багш та нар ямар сонин юм бэ. Та нарыг хүн болгон магтана, намайг хэн ч магтахгүй юм чинь би өөрийгөө магталгүй яадаг юм” гэж билээ. Мөрдорж гуай хааяа архи уучихаад ирнэ. Гэхдээ намын үүрийн хурал дээр бол ууж ирнэ гэж байхгүй. Гончигсумлаа гуай нөгөөхөө дандаа шоолж явуулна л даа. Нэг удаа намын хурлын үеэр Гончигсумлаа гуай гараа өргөснөө “Зангад даргаа, архи үнэртээд байна аа. Хэн нэг нь намын хурал дээр архи уусан шиг байна. Мөрдорж л байх” гэж байна. Гэтэл өнөөх нь “Дарга аа надад болох уу, Гончигсумлаа дандаа тэгж байх юм, би намын үүрийн хурал болно гээд гурван өдөр архи уугаагүй шүү дээ” гэх жишээний. Намын үүрийн хурал нэг иймэрхүү болно.

-Уртын дууг сонгодог гэд­гийг дэлхийд хүлээн зөв­шөөрч эхэллээ гэж та ярь­сан байсан. Бадраа гуай та хоёрын зорьсон хүсэл эх­нээсээ биелж эхэлжээ дээ?

-Казахстанд болсон олон улсын хурал дээр Бадраа гуай илтгэл тавихдаа уртын дуу, хөөмий бол сонгодог урлаг гэсэн томьёолол хэлсэн юм. Хөөмийг сонгодог гэхэд хэцүү. Дэлхий өнөөдөр уртын дууг сонгодог гэдгийг хүлээн зөв­шөөрч эхэлж байна. Бидний үеийнхэн энэ урлагийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Тэгж л байж манай соёлын, үндэсний дархлаа бэхжинэ. Түүнээс биш чи бид хоёр дуу­лаад үр дүнд хүрэхгүй л дээ.

-Уртын дууг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Адгийн наад зах нь Бат­чулуун бид хоёр шиг байх хэрэгтэй.

-Морин хуурын чуулгыг байгуулж, дэлхийд сонс­госноо хэлж байна уу?

-Тийм ээ, Батчулуун баг­шийг Морин хуурын чуулга байгуулах үед морин хуур гэдэг биелгээ дагадаг, Ардын дуу бүжгийн чуулгын найрал хөгжимд хэдхэн хүн сууж байдаг, Норовбанзад гуайг дуулахаар ганц морин хуурч гарч ирж суудаг төдий л байсан. Бидний бага залуугийн морин хуурын үүрэг ерөөсөө тэр. Фестиваль явбал Жамъян гуай Шумины “Бодол”-ыг тоглосон болно. Тэгэхээр дэлхий яаж хүлээн зөвшөөрөх юм.

-Морин хуурын чуулгыг бий болоход Өвөр Монголын хуурч Чибулаг сэдэл өгсөн гэдэг байх аа?

-Өвөр Монголын “Чингэс хаан” киноны хөгжмийг бичсэн Мэргэжих, Чибулагийн тухай ярих хэрэг гарна л даа. 1989 онд. Би хөгжмийн зохиолчдын холбооны даргын албатай. Гэтэл Өвөр Монголд морин хуурын нийгэмлэг байгуулах гэж байна, эрхэм дарга таныг алдартай хөгжимчин Жамъян гуайтай хамт урьж байна гэдэг юм. Батчулуун, Жамъян багш хоёртой явлаа. Тэр үед нэг юм бодогдлоо доо хө. Монгол Улсын үндсэн хөгжим нь, Ардын дуу бүжгийн чуулгын оркестрт тав, зургаахан юм сууж байгаа, гэтэл Хятадад морин хуурын нийгэмлэг байгуулж байдаг, тэрэнд нь бид мэт нь очиж байх юм, энэ юу болоод байна аа гэсэн бодол төрж байна шүү. Нөгөө хоёртоо хэлэх үгийг нь чиглүүлж өглөө. Би ч гэсэн хоёрын хооронд юм хэлсэн боллоо. Баяр хүргэе, гэхдээ яг шинжлэх ухаан, судалгаа талаасаа та бүхэн бидэнтэй сайн хамтарч ажиллахгүй бол морин хуурын цаашдын хөгжилд эерэг нөлөө үзүүлэхэд хэцүү гэсэн утгатай үг хэлчихээд ирсэн.

-Ирээд шууд Морин хуурын чуулга байгуулах ажлаа эхэлсэн үү?

-Би тэр үед Намын төв хорооны гишүүн, Хөгжмийн зохиолчдын холбооны дарга болохоор бас ч гэж шийдвэр гаргах эрх мэдэлтэй. “Алтан намар” хөгжмийн наадмаа шууд л морин хуурын наадам гэж нэрлэсэн. Анх удаа 108 морин хуур цуглуулж морин хуурын наадам болгосон нь ийм түүхтэй. Чибулагийг нь авчирч тоглуулж “доош нь хийж” өгөөд мо­рин хуураа дэлхийд сонсгох ажил эхэлсэн дээ. Мэргэжихийг ч урьсан. Тэгээд морин хуурын нийгэмлэг байгуулж Жамъян гуайг ерөнхийлөгчөөр нь тавь­чихлаа. 1989 онд буюу тэр жилдээ.

-Социализмын үед морин хуурыг төр, засгийнханд ойл­гуу­лах бэрх даваа байсан уу, эс­­­вэл хялбархан бүтсэн үү?

-Нэг сонин тохиол болсон юм. Алдартай эрдэмтэн Хан­гины Гомбожав гуай Америкаас Монголд ясаа тавимаар байна гэсэн санал тавьсныг Мэргэжих гуай дуулгадаг юм. Садангийнх нь хүн л дээ. Гомбажав гуайг авчирлаа. Гэтэл ирснээсээ хойш хоёр, гурав хоногийн дараа галзуураад Шар хаданд хэвтэж, тэндээ нас барчихсан. Алтан өлгийд оршуулахаар боллоо. Би оршуулах ко­миссынх нь орлогч дарга. Сталины номын сангийн хоёр­дугаар давхраас гаргахаар боллоо. Тэр үеийн жишгээр үлээвэр хөгжмөөр гаргана гээд тохирчихлоо. Гэтэл Америкийн ЭСЯ-ныхан манай иргэн учраас ша­рил дээр нь улсынхаа тугийг бүтээнэ гэдэг юм. Бодлоо. Монгол хүн нас барчихаад байдаг, гэтэл Америкийн туг тавих гээд байдаг. Тэгээд эцэст нь үлээвэр хөгжим авахгүй гэж хэллээ. Морин хуурын дөрвөл тоглуулъя гэж шийдээд ардын дуу энэ тэрээс бүтсэн уйтгартай хөгжим найрууллаа. Гомбожав гуайг анх удаа мо­рин хуураар гашуудлын хөгжим тоглож гаргаж байгаа юм. Зориг гаргасан хэрэг л дээ. Тийм том эрдэмтэн нас барсан болохоор томчууд бүг­дээрээ очсон. Дараа нь хүн бүр “Жанцанноровоо морин хуураар гаргана гэдэг чинь их сайхан юм байна, зүрхэнд очсон аялгуу байна шүү” гэж байна. Тэрнээс хойш дарга нар морин хуур л сайхан юм гэж ярьдаг болсон. Гэнэт ан­заарсан хэрэг л дээ. Тэгээд Батчулуун Морин хуурын чуул­га байгуулсан. Би олон улсын харилцаа энэ тэрийг нь хариуцна. Тоглох юмтай байлгахын тулд тоглох юмыг нь сайн хийж өгнө. Улаан-Үүд рүү гарах ажлыг нь анх зохион байгуулж байлаа. Тэр үед чинь Улаан-Үүд гадаад шүү хөөе (инээв). Буриадуудын нүд орой дээрээ гарсан. Багш өгөөч морин хуураа сэргээе болоод явчихсан. Гэтэл дараа нь япончууд сонирхоод.

-Тэгээд НҮБ-ын тайз гээд дэлхийн хамаг л том тайзан дээр гараад эхэлсэн үү?

-Тэгсэн. Японд гэхэд 416 япон хүн морин хуур сурч татаж байна. Хоёр жил тутам Жанцанноровын морин хуурд зориулсан бүтээлийг хэн сайн хөгжимдөх вэ гэсэн уралдаан улсынх нь хэмжээнд болдог. Уралдааных нь үр дүнгээр Монголоос уран бүтээлчид очиж миний бүтээлээр кон­церт тоглодог. Бид олон ул­сын морин хуурын наадам гэж хоёр жил тутам хийнэ. Арваад улсаас хүрээд ирнэ. Сүүлийн мэдээ гэвэл Германы хөгжмийн дээд сургуулийн хийлийн дөрвөн багш морин хуур сурчихсан. Халтуур хий­нэ гэж жигтэйхэн гэж сонссон. Морин хуураар жазз тоглоно. Хийлээр тоглохоос хамаагүй илүү хүнд хүрдэг гэсэн. Бид яахаараа италичуудаас дор байх ёстой гэж. Италичууд хийл гэж нэг юм хийсэн. Тэгээд дэлхийн хөгжим болгосон. Өнөөдөр Чинбат гэдэг монгол хүн монгол хүндээ италийн хөгжим зааж байна. Тэгэхээр итали хүн Ром хотод итали хүндээ морин хуур заахыг үзмээр байна. Ингэх л юм бол бид томчуудын яриад байдаг өнөө тусгаар тогтнол, соёлын дархлаа, уламжлал гэдэг юмаа ярихаас илүүтэй авдрандаа хийгээд авлаа гэсэн үг. Өнөөдөр гитарыг хэзээ хэн испаничуудын хөгжим гэж асууж байгаа юм бэ. Дэлхий испаничуудыг хэрэглэж байна. Бадраа гуай энэ рүү явж байсан. Тэгэхээр энэ хүн оюун санааны үнэ цэн талаасаа яах аргагүй манай соёлын түлхүүр улсын нэг.

-Ингэхэд морин хуурыг дэлхий яагаад сонсоод байна гэж та боддог вэ?

-Морин хуур хийлийг бод­вол болхи хөгжмийн зэмсэг. Хялгас нь татна, сунана, эг­шиг­нүүдийн хооронд хол зай­тай. Хийлэн дээр гаргадаг эгшгийг морин хуур дээр ашиг­лахын тулд хуруугаа нэ­лээд алцайлгах хэрэг гарна. Тэгэхээр хурдтай техник энэ тэр гаргахад бэрхшээлтэй. Морин хуурыг сонссон гадны өөр соёлтой улсын сэтгэл хөдлөөд байгаа нь цаанаа шалтгаантай. Хийл бол төмөр утсыг хялгасаар үрдэг. Гэтэл морин хуур хялгасыг хялгасаар үрдэг. Органик зүйл органик зүйлтэйгээ нэгдэж байгаа учраас органик аялгуу гарч таарна. Органик аялгуу учраас хүн гэдэг юмыг нь хөндөж байгаа хэрэг л дээ. Тиймээс мо­рин хуурын дуу амьтай, сүнс­тэй, тээгч логиктой байдаг.

-“Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг сонсохоор яг тэр үед оччихсон юм шиг мэдрэмж төрдөг гэж ярих хүнтэй олон таарч байсан. Надад ч тийм мэдрэмж төр­дөг. Нууц нь юундаа байна?

-Тэр бол миний мэргэн түргэн, замбараагүй их авьяастай холбоотой гэж хэлэхгүй. Хүний оюун ухаан цаг хугацаа, орон зайгаас үл хамааран орших боломжтой. Өөрөөр хэлбэл өнөөдрийн бодож байгаагаа өнгөрсөн жилийн байран дээр аваачих боломжтой. Зөнч гэдэг утгаараа биш л дээ, ер нь хүн гэдэг ийм боломжтой нөхөр. Уран бүтээлч хүний хувьд энэ нь бусдаас илүү мэдрэгдэх учиртай гэж боддог. Би XIV зууны үеийн хөгжмийг хийхдээ юу бодож байснаа чин үнэнээр нь хэлье. “Уяхан замбуутивийн наран” –г арав, арван жилийн зайтай дуулсан Норовбанзад гуайн бичлэгүүдийг хүртэл судалж үзсэн. Өөр өөр сонсогддог юм билээ. Технологийн өөрчлөлт уртын дуунд хүртэл өөрчлөлт оруулдгийг мэдэрсэн. Царцаа ногооноор нисч байх үеийн Норовбанзад гуайн дуулсан “Уяхан замбуутивийн наран”, АН-24-өөр ниссэн үеийн “Уяхан замбуутивийн наран”-гаас өөр долгионтой. Учир нь технологийн хурд хүнийг өөрчилдөг. Хүний сэтгэхүй их янзын. Одоогийн улс удаан юмыг үзэж чадахаа больсон. Бага цагт их багтаамжтай яваад байна л даа. Харин дээр үед их цагт бага багтаамжтай явж байсан. Ингээд ухаарахаар XIV зууны үед уртын дууг иймэрхүү боольхой маягаар дуулах юм байна гэсэн төсөөлөл буугаад ирж байгаа юм. Хөгжим зохиох тэр үед яг байран дээрээ суугаагүй. Оюун санаагаа тухайн цагт аваачиж бичсэн. Энэ үгийг уншсан хү­мүүс намайг хувилгаан гэж бодож магадгүй. Хувилгаан чанараар биш л дээ. Ерөөсөө л мэдрэгдэнэ. Хөдөлгөөн нь, хүмүүс нь мэдрэгддэг. Яг тэрийг нь бичвэл унана. Тэр үеийн хүнд биш энэ ца­гийн чамд сонсгох учраас. XIV зууны үед ийм хөгжим байжээ гэж бодогдуулахын тулд XXI зууны хүнийг хуурах ёстой болж таарна. Тэгэхээр антропологоос эхлээд өрнө дахины ололтуудыг үзэхээс аргагүй. Адаглаад л XXI зууны хүний оюун санааны тэвчээр тэр үеийнхээс хэд дахин бага байж болох вэ гэдгийг ухаж байж бичнэ. Тэгж байж хэр хугацаанд удаан ая явсны дараа хурдан ая явуулах, хэ­дийд нь хүчтэй, сул ая явуу­лах зэргийг чамаар тооцож баримжаалж хийнэ. Онохдоо онож, алдахдаа алдана. Ми­­ний ч ялгаагүй, алдаа оноо­той. Гэхдээ “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн тухай өнөөдөр биш 800 жилийн дараа ярих учиртай.

-Гончигсумлаа, Мөрдорж, Лувсаншарав, дараагийн үе нь Билигсайхан. Шарав, Нацагдорж, Жанцанноров. Бүгдээрээ л нийгэмдээ мэд­рэмж, оюун аль аль та­лаасаа хүчтэй нөлөө үзүүлсэн эрхмүүд. Та бүхний дараа үе яг ийм нөлөө үзүүлэхээр хэмжээнд байж чадах уу?

-Хэцүү. Миний дараагийн үе авьяасгүй гэсэн асуудал байхгүй. Над шиг авьяастай хүн төрөхгүй дээ гэж хэлэх ямар ч боломжгүй. Замбараагүй авьяастнууд төрнө. Гэхдээ технологи гэж асар хурдтай эд байна. Бүх юм технологижиж байна. Технологижсон хүнд технологижсон урлаг л хүрнэ. Натуральный юм уу язгуур чанараасаа хөндийрөхөөс ар­­­­­гагүй гэсэн үг. Хөгжим хэрэг­лээ рүү явж байна. Киноны, жааз хөгжим сонсъё гэцгээж байна. Хэрэглээ рүү явчихаар оюун санааны үнэ цэн гэдэг юм нь улам багасч таарна. Зохиолын дуучид гэдэг чинь үнэн чанартаа ганзагын най­маачид. Муухай нэр биш, зов­лонтой амьдрал гэдгээр нь хэлж байна. Өөрөө дуулна, өөрөө шүлэг олно, өөрөө ая хийлгэнэ, өөрөө бичүүлнэ, си дигээ өөрөө борлуулна. Ерөөсөө л ганзагын наймаачин. На­ран­туул зах иргэдийн хэрэг­лээний балансыг барьж бай­­гаатай ялгаагүй эд. Зүйрлэж хэлбэл миний нэг хөгжим гэхэд л түүхэн дурсгалыг дуурайж хийсэн баримал дотор байх нь л дээ. Тэр баримлыг авах хүн нь л авна. Гэтэл зохиолын дуучдын дуу бол Нарантуул дээр байгаа бараа шиг зүйл. Хүн бүр авч болно. Ийм том ялгаа бий. Урлаг энэ мэтээр арилжаа руу явж байгаа учраас Ша­рав шиг, Нацагдорж шиг хөгжмийн зохиолч гараад ирнэ гэдэг их зовлонтой.

Н.ЖАНЦАННОРОВ: НҮҮДЛЧНИЙ УЛАМЖЛАЛТ СЭТГЭЛГЭЭТЭЙГЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ РУУ ЯВБАЛ ХҮНДРЭЛТЭЙ

-Зах зээл жамаараа хөгжинө гэх хүмүүс цөөнгүй байдаг. Таны хувьд жамд даатгаад явах ёстой юу, эсвэл...?

-Дэлхий ингээд л яваад орсон, зах зээл жамаараа болно гэх юм. Төртэй, тусгаар улс жамаараа болохыг хүлээгээд сууж таарахгүй. Замд нь оруулж өгөх юмыг хийх ёстой. Мэдээлэлтэй, мэдлэггүй бүхэл бүтэн үе бий боллоо л доо. Харам­салтай санагддаг. Ерөнхий мэдээллийн сан нь гайгүй хэрнээ мэдлэгийн сан тун бага. Хөдөөний айл бол мэдээ­лэл, мэдлэг хоёр нь цугтаа. Хөдөөний хүүхэдмэдээл­лээ авч, мэдлэгээ бий болгож, тэрийгээ амьдрал дээр хэрэгжүүлээд явчихдаг. Гэтэл хотынхон эсрэгээрээ. Хөдөө очоод хүүхдэдээ уурган дээгүүр гишгэж болохгүй, овоон дээр гурван чулуу тавих ёстой гэдэг. Яагаад гэж асуухаар хариулж мэд­дэг­гүй. Адаглаад гурван чу­луу тавьдгийн учрыг тэн­гэр, газар, миний хишиг гээд тайл­барлачихмаар санагддаг. Соёлын мэдлэггүй, философийн баримжаагүй л байгаагийн илрэл.

-Хятадууд гэхэд Күнз гэж айхтар гүн ухаанчийг чигээ болгоод хөгжсөн гэж ярьдаг. Таны яриаг сонсохоор бид философигүй улс болж таарах нь ээ?

-Нүүдлийн соёлын хувьд бичгээр юм бага дамждаг учраас философи нь муу системчлэгд­сэн юм шиг. Нэг бол марксизм, ленинизм, эсвэл Нагаржунайг барьж үзээд аль ч үгүй болсон тал бий. Гэхдээ миний хувьд ардын зүйр цэцэн үг бол тэр чигээ­рээ философийн систем. Бид л системчлэхгүй байгаа болохоос. Сонин зүйр үг их бий. Айлаас эрэхээр авдраа уудал ч гэх шиг. Өнөөдөр ид ярьж байгаа өөрийгөө нээж, өөр рүүгээ хандаж байж бүхнийг олно гэсэнтэй агаар нэг зүйлийг хэдхэн үгээр хэлчихсэн байх жишээний. Зүйр үгсээ Кант, Гегель, Күнз, Нагаржунайтай дүйлгэж үзмээр санагддаг. Бидний хүч хүрэхгүй юм. Хоёрдугаарт нийгмийг авч явж байгаа хөтлөгч хүч нь бидний бодож байгаатай ам нийлж өгөхгүй юм. Тэр нь хүч хүрэхгүйгээсээ долоон дор.

-Ойлгосонгүй, хөтлөгч хүч гэдэг нь...?

-Нэг энгийн жишээ хэлье. Наадам, цагаан сараар манай ҮАБЗ-ийн гишүүд, УИХ-ын гишүүд атганд багтахгүй цагаан хөөрөг барьж, жигтэй­хэн булга, суусар, үнэг болсон малгай өмсөж, арай л барын арьсаар хийгээгүй байлтай сүрлэг дээлээр гоёж, гурван том ширээ засаад золгоод байдаг. Наадмаар болохоор алдарт уяач тэр, тэр гээд малгайдаа морины алтан тол­гой­той нөхөд яваад байдаг. Хүннү­гийн дээл гэж үнэн худал нь мэдэгдэхгүй юмаар гангарцгаагаад. Гэтэл тэнд, долоон буудалд төлгөний ууц олдохгүй нэг нөхөр тэвдэж суугаа шүү дээ. Өөрсдөө ийм хэрнээ“Жанцанноров гуай ард түмнээ соён гэгээрүүл” гээд байгаад л хамаг учир байгаа юм. Уг нь ядаж Күнзийг барьж байвал ёс зүй гэж айхтар юм бий. Би УИХ-ын гишүүн байсан ухаантай. Солонгос, Монголын парламентын бүл­гийн даргаар ажиллаж байсан юм. Солонгосын парламентын гишүүний эрх хязгаартай. Дундаж орлоготой хүний өмсдөг костюмаас илүү үнэтэйг өмсөх эрхгүй, алтан бөгж зүүх ёсгүй, цагных нь үнийн дээд хэмжээ хязгаартай, ярьж хэлдэггүй үгнүүдийнх нь бүхэл бүтэн урт жагсаалттай гэх мэт их л юм байдаг шиг санагддаг. Гэтэл манайд юу билээ. Дээр л гарвал бүх­нээс дээр, баян, чадалтай харагдахыг хичээдэг ч юм уу. Тэгэхээр миний хэрэггүй болчихож байгаа юм. Дарга нараа дуурайгаад баяжаарай гэлтэй биш. Дарга нар ийм байдаг юм, та нар хохь чинь гэх үү.

-Тэгэхээр гавьтай хөгжиж өгөхгүй байгаа шалтгаан нь дээрээ байна уу?

-Бидний дээр байгаа 76 бол дээрэмчид биш. Бид өөрс­­дөө сонгосон учраас ямар ч арга­гүй. Эд урвагчид биш. Эдэн дунд Монголоо боддоггүй хүн байхгүй. Тэгээд яагаад болохгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ л дээ. Бидний үндэсний үзэл санаа эцэстээ тултал сийрэгжжээ. Үзэл санааны нягтрал руу явахгүй бол Монгол тус­гаар байх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрч болно. Хүн бүр Их Монгол Улсаа байгуулчихвал Чингис хаан шиг удирдагчтай болоод сүйдлэхсэн гэж бодож байгаа. Тэгсэн хэрнээ Галдан бошигт, Өндөр гэгээнийг ярихаар хоёр тийшээ хараад суучихдаг. 300-гаадхан жилийн өмнөх хоёр том зүтгэлтнээ ярихаар шүү дээ. Халхууд нь “Тэр Галдан чинь Түвдийн түлхээсээр хал­хуудыг хядсан” гэнэ. Ойрадууд нь “Галдан Монголыг нэгтгэж хүчтэй улс болгох гэж байхад Өндөр гэгээн Манжид дагаар орсон урвагч” гэнэ. Өндөр гэгээн, Галдан бошигт хоёроо эвлүүлж чадахгүй байгаа улс хэзээ Их Монгол Улсаа нэгтгэх билээ. Тэгэхээр төр эв нэгдэл гэж лоозогнож, ямар нэг зүйлийг шийдэхээсээилүүгээр үлгэрлэх учиртай. Түшээд нь ёс суртахуунтай, явдал нь цагаан байж төр гэдэг юмыг хүндлэх тухай, төр байгаа тухай ярина. Намууд нь фракц болоод задарчихсан, бүлгүүдийн эрх ашиг л нэгдүгээрт тавигдаад байхаар Монгол нэгдэх тухай яри­хад эрт. Хятад руу үхрийн мах гаргана гэж яриад байна. Манайх гурван сая 400 мянган үхэртэй. Нэг үхрийг амьдын жингээр 200 кг гэж үзвэл Хятадын хүн амыг есхөн хоног тэжээнэ. Бодмоор юм байгаа биз.Ийм тэнцвэргүй юман дээр тийм замбараагүй үйлдлийг хамаагүй хийдэггүй.

-УИХ, Засгийн газар зарим шийдвэрээ бодло­гогүй гаргадаг тал ч илт анзаарагддаг шүү. Таныхаар шалт­­гаан нь юундаа байна?

-Сайнаар хэлбэл бүх асуудлыг эдийн засгийн өнц­гөөр харж байна. Муу­гаар хэлбэл төсвөө хэр­хэн бүрдүүлэх вэ, том алдаг­далгүйгээр яаж гарах вэ гэдэгтээ тохируулж хууль хийгээд байна. Эдийн засгийн өнцгөөс нь хараад тусгаар тогтнол аюулгүй байдал, стра­теги талаас нь харж чадахаа больчихож байгаа юм.

-Ерөнхийлөгчийн засаг­лалтай болчихвол өнөөд­рийн асуудлууд цэгцрээд ирнэ гэсэн байр суурь сонсогддог. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Нүүдэлчний уламжлалт сэтгэлгээтэйгээ Ерөнхий­лөгчийн засаглал руу явбал хүндрэлтэй байх. Эсвэл Назар­баев шиг явна. Нэг бол үргэлж хөдөлгөөн гарна. Өөрөөр хэлбэл диктатурын маягаар хүчилж болох арга бий. Ардчилсан замаар явна гэвэл Ерөнхийлөгчөө ойр ойрхон солихоос аргагүйд хүрнэ. Манайхны сэтгэл зүй их өөр. Назарбаевын замаар явъя гэхээр цөөхөн хүн амтай учраас хэцүү. Надаас өрсөөд гадны хүн баяжчих эрсдэл өндөр. Казахстаны хувьд хүн ам олонтой учраас иргэд нь баяжиж болоод байгаа юм.

-ҮАБЗ УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэд халдах нь зохисгүй хэрэг гэж ирээд шүүмжлэх хүн олон байна. ҮАБЗ уг нь таны яриад байгаа тусгаар тогтнол энэ тэр гэсэн илүү том асуудалд хараагаа чиглүүлэх учиртай санагдах юм...?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сул байх шиг санагддаг. Уг нь төрийн албан хаагчид тогтвортой байх үед айдас бага байсан. Одоо төрийн албан хаагчид тогтворгүй болсон учраас ямар ч баримжаагүй болчихсон. Намууд л гурав, дөрөвхөн жилийнхээ юмыг хийж байна. Аль нам нь ч ялгаагүй. Нэг нь гараад ирэхээр нөгөөхийнхөө тавьсан бүх хүнийг халчихдаг. Юмаа мэдсэн институци байхгүй болж хувирсан.Миний хувьд Ерөнхийлөгчийн институци дээр асуудал байх шиг. Манайх шиг ардчилсан улсад Ерөнхий сайд, УИХ-ын дарга солигдож болно. Ерөнхийлөгч хамаагүй солигдохгүй юм л даа. ҮАБЗ-ийн гишүүд нэг намаас байж болно. Өөр намаас ч байж болно. Гуч дөнгөж гарч байгаа залуу Ерөнхий сайдаар томилогдох боломжтой. Тэгэхээр хаана нөгөө хар хайрцаг нь байна вэ. Манайхан хар хайрцаг гэхээр Ерөнхийлөгчийн өрөөний буланд цоожтой юм бий мэттөсөөлдөг. Тэнд юу ч байхгүй. Төрийн уламжлалын л асуудал байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч “Би энэ намын хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч болно” гэж хэлээд гарч ирдэг. Харин Ерөнхийлөгч болсон өдөртөө намаас татгалзаж Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болно гэж бүгд хэлдэг. Хуулиараа тийм.Гэтэл бид мэдсээр байгаад нэг алдаа хийсэн. П.Очирбатын дараа Н.Багабанди гарч ирэхдээ бүх зөвлөхийг нь халж намынхаа ажилтнуудаа зөвлөхөөр тавьсан. Тэнд намын үүр байгуулчихаж байгаа хэрэг. Наана нь бид эв нэгдлийн бэлгэдэл, манай Ерөнхийлөгч нам бус гэж харж байгаа ч аппарат нь тэр чигээрээ нам. Н.Багабандийг дуусахаар Н.Энхбаяр дэмж­дэг улстөрчдөө авчраад тавь­чихаж байгаа юм. Ц.Элбэг­дорж гарч ирээд Н.Энх­баярын хүмүүсийг халаад өөрийнхөө намын улс төрийн зүтгэлтнүүдийг авчраад тавьчихсан. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн бүтэц бүрэл­дэхүүн тогтвортой байх тусам хар хайрцагны тухай ярьж болно.

-Таныхаар зөвлөхүүд улс төрөөс хараат байж төр хар хайрцагны бодлоготой байх нь ээ?

-Яг тийм. Ерөнхийлөгчийн зөвлөх аппарат ямар ч Ерөн­хийлөгч ирсэн солигд­мооргүй байгаа юм. Салбар бүрийн мундагчуулыг баг­таа­сан Ерөнхийлөгчийн зөв­лөхүүдийн танхим гэж байвал үр дүнтэй. Бид “Мандухай сэцэн хатан” кинон дээр Сатай сайдын дүрээр төрийн тэр уламжлалыг гаргах гэж оролдсон. Сатай “Хаан та болгооно биз дээ” л гэдэг. Та заавал тэгэх ёстой гэхгүй ч Сатай сайдын үгийг хаан дагах учиртай гэж толгой дохинсонсдог. Энэ уламжлалыг сэр­гээвэл бид идеалтай бол­но. Ю.Цэдэнбалын үед ч Улс төрийн товчооны гишүүд гээд салбар бүрээ доторлож, гадарласан есөн хүн ажилладаг байлаа. Дарга санал гаргаж, судлахыг даал­гана, өнөөдүүл нь чиглэл бүрээрээ судлаад шийдвэр гар­гахад нь нөлөөлдөг бай­сан. Чингис ч ялгаагүй. “Тэнгэр надад зарлигдав” гээд шийдвэрээ гаргадаг байсан. Хүмүүс тэнгэр хэлжээ л гэж ойлгодог. Би худлаа гэж бодож байгаа. Тэгвэл яагаад есөн өрлөг гэж дэргэдээ суулгасан юм. Цусан төрөл биш. Ясан төрөл биш. Ийм хүмүүс л асуудлыг шийдэж чадна. Есөн өрлөг тэглээ гэвэл хүчгүй сонсогдоно. Тэгэхээр тэр үед бид мөнх тэнгэр гэсэн идеалтай байж. Бидэнд одоо идеал хэрэгтэй байна.

-Иргэн бүр баян болно ч гэдэг юм уу, сонгосон нийгмээсээ хамаарсан идеал байгаа юм биш үү?

-Баян амьдаръя гэж байгаа. Гэхдээ яах гэж баян амьдрах гээд байгаа нь ойлгомжгүй. Сүүлийн хэдэн жил бид хэрэглээ гэдэг зүйлийг идеал руу аваачсан байна. Энэ тохиолдолд идеал маань мөнгө болж хувир­на. Идеал нь мөнгө болж хувирсан цагт үндэстэнёс зүй, уламжлалаа барьж, бусадтай харилцаж чадахгүй. Бүх юмыг мөнгөөр хэмжээд, хэрэглээг хэт шүтээд ирэхээр сайн сайхны тухай ойлголт алга болдог. Тэгэхээр ёс зүйн мухардалд орно. Үндэсний үзэл санааны нягтрал хэрэгтэй гээд байгаагийн учир энэ л дээ. Заавал хэлмээр нэг зүйл бий. Ардчилал, эрх чөлөөг дураараа дургих гэдгээс салгаж ойлгох ёстой. Тэр цаг нь ирсэн. Эрх чөлөө гэдэг дураараа дургихтай ямар ч холбоогүй зүйл. Бид олуулаа амьдаръя гэж байгаа бол олонхийнхоо эрх ашигт нийцүүлж амьдрах ёстой. Ингэхийн тулд албадахаас аргагүй. Гэхдээ хүч хэрэглэхгүй.

-Яана гэсэн үг вэ, эхлээд сонссон хүн бол эрх зөрчсөн эсэргүү юм ярилаа л гэх байх?

-Энэ бол хувь хүний эрх чөлөөтэй огт хамаагүй зүйл. Хамтаараа амьдрах гэж байгаа бол тохирсон тоглоомоороо л тоглоно. Тоглож чадаагүйгээ албадахаас аргагүй. Мэдээж буу тулгаж хүч хэрэглэхгүй. Өдөрт хоёр хүн автын ослоор үхэж байх ямар албатай гэж. Жилд 720 хүн. Ингээд яваад байх уу. Одоо зогсох ёстой. Явган хүний гарцаар яваагүй хүнийг торгоод байх хэрэгтэй. Намайг Багшийн сургуульд сурч байхад зүлгэн дээр гишгэлээ гээд таван төгрөгөөр торгож байсан юм. Бүр хайр найргүй торгодог байсан. Тэгэхээр жил бүр 700 хүнээ дайрч алахгүйн тулд хүн бүрийг торгох хэрэгтэй. Яг гарцаараа гардагболтол нь цагдаа нарыг өдөр шөнөгүй жижүүрлүүл. Мөнгөгүйг нь ажил хийлгэх боломж байна. Хог цэвэрлэхээс эхлээд өчнөөн ажил байна шүү дээ цаана чинь.

Онцлох нийтлэлүүд