ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.05.24 05:05

Төрийн шагналт, докторуудын нэг анги

Хөдөө аж ахуйн их сургуулийн (тухайн үеийн ХАА-н дээд сургууль) мал эмнэлгийн факультетийг 1969 онд малын их эмч мэр­гэжлээр төгссөн ангийнх­ныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа.

НИЙГМИЙН УХААНААС БУСАД БҮХ ХИЧЭЭЛИЙГ ОРОС ХЭЛ ДЭЭР ЗААДАГ БАЙЖЭЭ

1964 онд мал эмнэлгийн их эмчийн тус ангид 110 гаруй залуус элссэн хэдий ч хоёр хүүхэд тутмын нэг нь л төгссөн гэ­дэг. Учир нь нэгдүгээр дам­жаанд байхад арваад оюутныг цэргийн албанд татсан бол нилээд оюутан сурлагаараа тэнцээгүй байна. Тухайн үед нийгмийн ухаанаас бусад бүх төрлийн хичээлийг орос хэл дээр заадаг бай­жээ. Тэгээд ч цөөнгүй орос доктор, профессор ХААДС-д багшилна. Дээр нь мал эмнэл­гийн холбогдолтой бүхий л сурах бичиг, лав­ла­хууд орос хэл дээр би­чигд­сэн байсан учраас зайлш­гүй орос хэлийг хурдан хуга­­­цаанд, шамдан сурах шаардлагатай тулгарчээ. Төрийн шагналт, гавьяат багш, доктор Н.Эрдэнэцогт “Манай ангийнхан дотор Улаан­­баатараас гадна аймаг бүрийн залуусын төлөөлөл суралцсан. Орос хэлний мэдлэг нь харилцан адилгүй. Төвийн болон баруун аймгуудын хүүхдүүд орос хэлний дунд түвшний мэдлэгтэй байсан бол зүүн болон урд зүгийн аймгийнхан анхан шатны мэдлэгтэй байх жишээтэй. Гэсэн хэдий ч намар дээд сургуульдаа орж ирээд, орос багшийн лекцийг ойлгож байгаа хүн нэг ч байдаггүй. Эхэндээ хэлсэн ярьсан үгс нь чихний гадуур өнгөрөөд л, сонсголоороо тэмдэглэсэн үгээ толь бичгээс хайгаад олохгүй. Буруу биччихсэн байхгүй юу. Харин гэрийн даалгавартаа заасан хичээлээ бататгаж уншихаас гадна бие даах даалгавар өгдөг байсан. Эрх биш номны нэр, хуудсыг нь самбар дээр бичих болохоор зөв тэмдэглэж авна. Номын сангаас тэр номоо олж аваад, толь бичиг зэрэгцүүлж тавьж байгаад “үзэж тарна” даа. Эхэндээ бараг үг бүрийг нь толь бичгээс хардаг байсан.

Үнэнийг хэлэхэд залхмаар санагдаж байсан шүү. Ганц, хоёр сарын дараа олон давтагддаг мэргэжлийн хэллэг, үгнүүд цээжлэгдээд ирнэ. Ингэхээр толь бичгээс харах үг нь арай багасна гэсэн үг. Ингэсээр хэсэг хугацааны дараа орос багшийн хэлсэн зарим өгүүлбэрийг хагас дутуу ойлгоод эхлэхээр урам орсон. Цаашлаад залхах нь бүү хэл хэлсэн гурван өгүүлбэрийнх нь нэгийг ойлгочихоор, үлдсэн хоёрыг нь ойлгохын төлөө улам хичээж эхэлсэн. Ингэсээр нэгдүгээр дамжаагаа төгсөхдөө манай ангийнхны хэлний мэдлэг эрс сайжирсан” гэвэл төрийн шагналт, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Мягмар “Багшийн оросоор хэлсэн ярьсныг ойлгох нь бидний хувьд зөвхөн эхний алхам. Үүний дараа ярьсныг нь дэлгэрүүлэн судалж, өөрийн болгоно. Мэдээж бүгд өв тэгш сайн суралцахгүй. Орос хэлийг ч тэр, орос хэл дээр зааж байгаа хичээлүүдийг ч тэр. Ингээд хоёрдугаар дамжаанд ороход 20 гаруй оюутан сурлагаараа тэнцээгүй учраас хасагдсан. Мөн ангийнхнаас маань арваад нь цэрэгт татагдсан. Ингээд хоёрдугаар дамжаандаа 70 гаруй оюутантай болчихсон байсан. Нэгдүгээр дамжаанд ерөнхий эрдмийн хичээлүүд орж байсан бол хоёрдугаар дамжаанаасаа мал амьтны анатоми, физиологийн хичээл орж эхэлсэн. Сурах бичгүүд нь орос хэл дээр бичигдсэн гурваас дөрвөн хуруу зузаан ботиуд. Өмнөтгөлөөс нь авахуулаад уншихыг нь уншиж, цээжлэхийг нь цээжилсэн. Энэ бүхнийг судалж, бичиж, тэмдэглэж авахын тулд номын сандаа бараг амьдардаг байсан” гэсэн юм.

Гурван Төрийн шагналтан, гавьяат, долоон доктор төржээ

М.Баттогтох “Ингэж бүгдээрээ мэрийсний хүчинд ангийнхнаас маань долоо нь онц дүнтэй төгссөн” гэвэл бусад нь “Дан ганц онц дүнтэй төгсөөд зогсохгүй гурван ч төрийн шагналтан, долоон доктор болон ШУ-ы гавьяат зүтгэлтэн, гавьяат багш, гавьяат эдийн засагч төрсөн. Тэд нараараа бид бахардаг шүү” гэцгээв. “Хонины хээл хаях халдварт өвчнийг анагаах” гэсэн сэдвээр Т.Доржготов докторын зэрэг хамгаалж, төрийн шагнал хүртсэн бол Ж.Мягмар бог мал таргалуулах бэлдмэлийг мөнхө харгана хэмээх хогийн ургамлаас гаргаж авсан бөгөөд үүгээрээ Төрийн шагнал хүртжээ. Харин Н.Эрдэнэцогт “Монголын нүүдлийн мал аж ахуйн биологи, экологи, эдийн засгийн асуудал” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалж, мөн Төрийн шагнал хүртжээ. Энэ гурваас гадна М.Цэнд-Аюуш, Д.Дашзэвэг, Д.Бадамдорж, Ч.Эрдэнэхүү нар докторын зэрэг хамгаалсан аж. Мөн Н.Дэрийлаа гавьяат эдийн засагч, Н.Эрдэнэцогт гавьяат багш бол Н.Мягмар ШУ-ы гавьяат зүтгэлтэн юм.

Тухайн үед дээд сургуулийн нэг ангийг хэд хэдэн багш дааж авдаг байжээ. Энэ жишгээр малын их эмчийн ангийг гавьяат багш Ишдорж, Даваа болон тэнхмийн эрхлэгч Бадамдорж нар дааж авчээ. Анги даасан багш нар сурлагаас гадна зан суртахуун, хүмүүжлийн тал дээр ч онцгой анхаарч, сардаа хоёроос гурван удаа ангийн хурал хийдэг байж. Гавьяат багш Ишдорж “Та нар Монголын ирээдүйн нүүр царай. Та нар залхуу хойрго, хичээл сурлагадаа тааруу байх эрхгүй хүмүүс ... Хичээл сурлагадаа хэрхэн хандаж байгаагаар тань та бүхнийг хэн ч байсан бэлхнээ тольдчихно. Төгсөөд хаана ч ажиллахаар очсон бай, юун түрүүнд дипломыг чинь харна. Дараа нь тантай ярилцах эсэхээ шийднэ...”. Тэнхмийн эрхлэгч Бадамдорж “Өрх гэр толгойлж явах хүмүүс, та нар. Дотуур байрандаа оронгуутаа гадуур хувцсаа солиод, жимбийтэл эвхээд шүүгээндээ далд хий. Пиджакаа өлгүүрт өлгө. Тоостой гутлаа тайлсан даруйдаа арччих. Ингээд дадчих юм бол эхнэр авч, хүүхэдтэй болсон хойноо ч гэр орон тань тэр чинээгээрээ эмх замбараатай, цэвэр цэмцгэр байна. Үр хүүхдэдээ ч зөв үлгэрлэл үлдээж байгаа хэрэг ...” хэмээн зааж, зөвлөнө. Түүнчлэн “Б.Мичир өнгөрсөн даваа гаригийн нэгдүгээр цагийн хичээлээс 13 минут хоцорсон”, “Х.Аман мал амьтны физиологийн хичээлийн даалгаварт гурван бүлэг сэдэв уншиж ирэх ёстойгоос нэгийг нь уншиж ирсэн”, “Д.Ванган, З.Сандагдорж нар их цэвэрлэгээнд ирээгүй” гэх зэргээр ангийн хурлаараа тарьсан “хэрэг”-үүдийг ч мөн авч хэлэлцдэг байсан тухайгаа тэд хуучилцгаана. Ч.Болормаа “Хэрэг тарьсан юм чинь мэдээж хариуцлага хүлээлгэнэ. Бүтэн долоо хоног анги цэвэрлүүлж, цэцэг услуулахаар шийтгэнэ. Ингэж шийтгүүлсэн бол дахин энэ алдаагаа давтана гэж үгүй. Хичээлээс хоцордог байсан хүнд хоцрохоо болино гэдэг чинь цаг баримталж сурч байна гэсэн үг. Багшийн өгсөн даалгаврыг гүйцэт хийдэг болно гэдэг чинь цаашдаа гэрийн даалгавар ч гэлтгүй аливаа ажлыг дахин “халтуурдах”-гүй. Энэ чинь биднийг төлөвшүүлж, хүмүүжүүлэхэд оруулж буй асар үнэ цэнтэй хөрөнгө оруулалт шүү дээ” гэсэн юм.

Ангиараа сургуулийнхаа халаалтын шугамын шуудууг ухжээ

Тэднийг оюутан болж ирэх үед буюу 1964 онд ХААДС (одоогийн ХААИС)-ийг уурын зуухаар халаадаг байсан гэнэ. Өвлийн ид хүйтэн буюу арванхоёр, нэгдүгээр сард галч нь зогсоо зайгүй нүүрс хүрздэж, уурын зуух руу хийдэг ч халааж хүчирдэггүй байжээ. Тиймээс тэд гурав гурваараа ээлжлэн, сургуулийн галчдаа өдөр шөнөгүй тусална. Тэднийг төгсөхийн өмнөх жил Төв хорооны дарга нар нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад, сургуулийг төвийн халаалтад холбохоор болжээ. Харин халаалтын шуудуу ухах ажил мөн тэдэнд оногдсон аж. Энэ тухайгаа тэд “Сургуулийг төвийн дулаантай холбох нилээд хэдэн метрийн өргөн бас гүн шуудуу ухахаар болсон тухай багш дуулгасан. Бид үг дуугүй за л гэсэн. Сургуулийн энэ хэсэг чинь уулархаг газар учраас хад чулуу ихтэй. Бээлийгээ давхарлаад өмсчихөөд байхад дорхноо цоорч, гар цэврүүтчихнэ. Цэврүүтлээ гээд ажлаас хойш суухгүй. Дээр нь сургуулийг уурын зуухаар халаадаг байхад хэдэн арав хоногоор ууланд мод бэлтгэнэ. Хаврын хаварт мал төллүүлэх ажилд туслахаар Хэнтий аймаг руу явна. Зуны амралтаараа хөдөө орно нутгуудад чулуун хороо барьж өгнө. Намар Дорнод, Сүхбаатар зэрэг зүүн аймгууд руу явж малын угаалга, вакцинжуулалтын ажилд оролцоно. Энэ бүх ажилд ханцуйгаа шамлаад дайрна. Үүний хүчинд онолоор үзсэн хичээлээ амьдрал дээр хэрэгжүүлж, туршлагажсан хэрэг шүү дээ” гэв.

Сургуулийн шинэ жилийн баяр тус малын их эмчийн ангийнхан байхгүй л болэхэлдэггүй байж. Учир нь эдний анги С.Монхоорой, Ш.Галаарид, Д.Ванган, С.Жамсран, Т.Доржготов тэргүүтэй олон сайн бүжиглэдэг залуустай. Тэр бүү хэл танго Д.Ванган, С.Жамсран, вальсийн Ш.Галаарид, фокстротчин Т.Доржготов, С.Монхоорой гэхээр сургуулийнхан нь анддаггүй байж. Тэд л охид бүсгүйчүүдийг урьж, бусад залуусыгаа уриалан тайзан дээр гарахгүй бол сургуулийн урлагийн зааланд цангинах фокстротийн цоглог, вальсийн уянгалаг аясыг дуустал бүгд гараа өвдгөн дээрээ тавиад, цэх суудаг асан тухайгаа ч тэд хөөрөлдөцгөөв. Эдний ангийнхны гурав нь эмэгтэй бол бусад нь эрчүүд. Тийм ч учраас их үдийн завсарлагаанаар сургуулийнхаа өмнөх талбайд барилдаж, ноцолддог байж. Чухам ирээдүйн аймгийн арслан М.Баттогтох, аймгийн заан С.Пүрэв нар тэнд бэлтгэлээ базааж байсан биз ээ.

М.Ууган-Эрдэнэ

Онцлох нийтлэлүүд