ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.13 12:05

“Төсвийг улирлаар баталъя” санал гаргав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын  хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлэгдсэн энэхүү төсвийн тодотголд 150 гаруй обьектын хөрөнгө оруулалтын зардлыг шийдвэрлэхээр оруулж ирсэн юм. Үүнд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Учир нь, төсвийн хуульдаа төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын зардлыг 1384 төгрөгөөр тооцохоор оруулж ирчихээд 150 гаруй обьектын хөрөнгийг шийднэ гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй. Монголбанкны ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1800-д хүрчихсэн байхад төр нь валютын төгрөгтэй харилцах ханшийг 1384 төгрөгөөр тооцож буй нь бодлогоо алдсаны илрэл гэж шүүмжилж байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Цог "Төсөв тогтвортой байх ёстой. Энэ ч утгаар нь УИХ төсвийг жилээр баталдаг. Гэтэл Засгийн газар дахиад ч төсвийн тодотгол оруулж ирнэ гэж байна. Төсвөө дотор нь хэд, хэд ангилчихсан. Өргөн тодотгол, жинхэнэ тодотгол, явцуу тодотгол гэх мэтээр. Ингэж байхаар төсвийг жилээр биш улирлаар баталдаг болъё. Эцсийн дүндээ энэ байдал чинь Засгийн газрыг хариуцлагагүй, сахилгагүй байдал руу түлхэж байна" гэлээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Одоогийн байдлаар төсвийн орлого 400 тэрбум төгрөгөөр тасарсан нь оны эцэст 1 их наядаар тасрахын дохио. Төсвийн орлого ийм хэмжээгээр тасрах нь эргээд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудыг гацаах эрсдэлтэй. Эдийн засгийн нөхцөл байдал ингэж хүндэрсэн нь зөвхөн энэ Засгийн газрын алдаа байгаад зогсохгүй өмнөх Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй" гэж шүүмжилсэн юм.
Сангийн сайд Ч.Улаан эл асуудалд "Засгийн газар ажил хийхэд амаргүй байна. УИХ-аас гаргаж байгаа бодлого, шийдвэрүүд хоорондоо авцалддаггүй. Шийдвэрийг нь хүлээж аваагүй байхад УИХ хэрэгжилт шаарддаг. Тухайлбал, УИХ-аас баталсан 30 дугаар тогтоолд төсвийн урсгал зардлыг 10-30 хүртэл хувиар бууруул гэсэн. Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд урсгал зардлыг 20 хувиар бууруулахыг үүрэг болгосон. Уг тогтоолыг УИХ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт баталсан. Тогтоолыг гар дээрээ аваагүй байгаа ч төсвийн тодотголыг Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй уяж өгсөнгүй гэж УИХ-ын гишүүд нь шүүмжилдэг. Сангийн яамны хувьд аль болох тогтоол шийдвэрүүдээ хооронд нь уялдаатай болгохын төлөө ажиллаж байна" гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр хөндөгдсөн асуудал нь төрийн алба данхайсан тухай байлаа. Тухайлбал, 2011 онд төрийн албанд ажиллагсдын тоо 148 мянгад хүрч байсан бол 2014 онд 181150 болжээ. Төрийн алба ийн томроход УИХ-аас гаргаж байгаад шийдвэрүүд нөлөөлж буйг Сангийн сайд сануулж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Онцлох нийтлэлүүд