ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.05.29 08:05

Т.Мөнхсайхан: Харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

-“ХАНДЛАГЫН 10 ХУВЬ” УРАМШУУЛЛЫН СИСТЕМ МААНЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРНА-


Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.


-Танай эмнэлгийнхэн “Хандлагын 10 хувь” урамшууллын талаар ид ярьж байна. Та эмнэлгийн эмч нартаа ямар нэгэн урамшуулал олгохоор шийдээ юү?

-Иргэдийн хувьд улсын эмнэлгүүдийн эмч, ажилтнуудын харилцаа, хандлагад сэтгэл дундуур, шүүмжлэлтэй байх нь олонтаа байдаг. Бусад хөгжилтэй оронтой харьцуулахад манай улсын эмнэлгүүдийн эмчилгээний арга технологи ижил ч үйлчилгээний соёл, эмч, эмнэлгийн ажилтны хандлагад тулгуурлан гадны эмнэлэг мундаг, илүү гэх тохиолдол иргэдийн дунд байдаг.

Манай эмнэлгийн хувьд дэлхийн жишигт, тэр дундаа эхний ээлжинд Ази, Номхон далайн орнуудын эмнэлгийн түвшинд хүрсэн эмчилгээ, оношилгоо, үйлчилгээтэй эмнэлэг болох том зорилготой. Иймээс дээр хэлсэнчлэн бид эмч, эмнэлгийн ажилтныхаа хандлагыг өөрчилж, иргэдэд ойр, дотно үйлчилгээг бүрдүүлэх нь эхний томоохон алхмуудын нэг гэж үзэж энэ ажлыг эхлүүлж байна. Энгийн мэт сонсогдож байгаа ч бодлогоо хэрэгжүүлэх түлхүүр алхам болно. Тиймээс зургадугаар сарын 01-нээс эхлэн “Хандлагын 10 хувь” урамшууллын системийг эмнэлгийнхээ нийт 810 ажилтанд хэрэгжүүлэхээр болоод байна. Үйлчлүүлэгчээс тухайн ажилтны нэр дээр гомдол санал ирэхгүй бол хандлагын урамшууллаа авна, эсрэгээр гомдол, шүүмжлэл баримт, нотолгоотой ирвэл урамшуулал авах боломжгүй. Товчхондоо “Хандлагын 10 хувь” урамшууллыг харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож олгоно гэсэн үг.

-Сайхан санаа байна. Гэхдээ та санхүүгийн эх үүсвэрээ тооцсон уу. Танай эмнэлэг төсвөөс санхүүждэг. 800 гаруй хүнд дээрх 10 хувийн шагнал өгөхөөр төсөв мөнгө чинь хүрэлцэхгүй биз дээ?

-Манай эмнэлгийн хувьд санхүүгийн хагас бие даасан байдал руу энэ оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн шилжээд байна. Өмнө нь ЭМЯ-наас улсын эмнэлгүүдэд төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг жил бүр баталж өгдөг. Төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд орлого улсын төсөвт татагддаг бөгөөд эмнэлэгт тухайн орлогыг зарцуулах эрх байдаггүй байсан. Хоёр жилийн өмнөөс давуулан биелүүлсэн орлогын тодорхой хувийг эмнэлгийн үйл ажиллагаа, эмч, эмнэлгийн ажилчдын урамшуулалд зарцуулах боломж бүрдсэн. Санхүүгийн хувьд хагас бие даасан байдалд шилжсэний гол давуу тал нь эмнэлэг орлогоо нэмэгдүүлэх, менежмэнт хийх, түүнийгээ захиран зарцуулах эрх нь эмнэлгийн ТУЗ-д шилжсэн. Тиймээс бид санхүүгийн зохицуулалт хийж эмч, эмнэлгийн ажилчдаа урамшуулах, цаашлаад цалин нэмэх механизмыг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.

Бид 2024 он хүртэлх төлөвлөгөөгөө батлуулан орлогоо нэмэгдүүлэх ажлуудаа маш эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Ирэх есдүгээр сар гэхэд 2020 оны төлөвлөгөөт ажлууд бүгд хэрэгжиж, үр дүнгээ өгч эхэлнэ гэж тооцож байна. Энэ эрчээрээ төлөвлөгөөний дагуу ажиллахад ирэх оны нэгдүгээр сар гэхэд эмнэлгийн эмч, ажилчиддаа 30 хувийн цалингийн нэмэгдэл олгох боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

-Хэн сайн ажилласан, хэн чадал чадвартай нь илүү үнэмлэмжтэй байх ёстой...

-Тэгэлгүй яахав. Бид цаашид гүйцэтгэлээр нь цалин, урамшууллыг тооцох системийг төгөлдөржүүлэх бодолтой байна. Өнөөдөр их, бага ажилласны ялгаа цалин, урамшууллын тогтолцоон дээр бага байна. Тиймээс хэн сайн ажиллана, тэр хүн цалин орлого сайтай байх шударга тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм.

-Таны ярианаас УНТЭ-ийн ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө болон батлагдсан гэж ойлголоо?

-Намайг ажлаа авахад УНТЭ 2015 оноос хойш стратеги төлөвлөгөөгүй ажиллаж байсан. Ингээд бид бүхэн эмнэлгийнхээ бүх эмч, ажилчид, эрдэмтэн судлаачид, иргэд, үйлчлүүлэгчдээсээ санал, судалгаа авч, төлөвлөгөө боловсруулан удирдлагын багаараа хэлэлцэн 2020-2024 он хүртэлх хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжихүйц стратеги төлөвлөгөөгөө батлан гаргасан.

Стратеги төлөвлөгөөндөө хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэн нутагшуулах, байгууллагын бие даасан байдлыг хангах менежмэнтийн арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, сургалт эрдэм шинжилгээ судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх, эрсдэлгүй ээлтэй орчин, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах гэсэн тэргүүлэх таван чиглэлийг оруулсан.

Уг төлөвлөгөөнд орлогоо нэмэгдүүлэх, эмчилгээ оношилгооны төрлөө сайжруулж дэлхийн түвшинд өрсөлдөхүйц “тоглогч” болох, эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг бодлого, төлөвлөттэйгөөр дэмжих, цалин урамшууллаа нэмэгдүүлэх, ард иргэддээ төвөг чирэгдэлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэгт голлон анхаарч ажиллахаар тусгасан. Бид стратеги төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр дөрвөөс таван жилийн дараа эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг хоёроос гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн харж байна. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан 2020 оны зорилтын хүрээнд эмнэлгийн ажилчдадаа “Хандлагын 10 хувь”-ийн урамшууллын системийг олгохоор болсон. “Хандлагын 10 хувь” бол том төлөвлөгөөний нэг хэсэг бас төлөвлөгөө зөвхөн цаасан дээр биш амьдралд хэрэгжиж буй жишээ гэж үзэж болно.

-Төлөвлөгөө бүр сайхан амлалт, тэмүүлэл байдаг л даа. Гэхдээ төлөвлөгөө санхүүгийн бололцоо, хөрөнгө оруулалт, орлоготой байж л хэрэгждэг. Танай эмнэлэг орлогоо яаж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Бид бүхэн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр долоон үе шаттай төлөвлөгөөг боловсруулсан. Үүнд хамтран ажилладаг түрээслэгч нартаа нээлттэй, үнийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг бий болгох, амбулаторийн эмийн санг ашиглалтад оруулах, зөв худалдан авалтыг бэлтгэн нийлүүлэгчээсээ хийх менежмэнтийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх захиалгат төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх, ажлын өдөр ажлын цагаар Эрүүл мэндийн дэмжих төвөөр дамжуулан төлбөртэй тусгай үйлчилгээг үзүүлэх, харьяалал даатгал харгалзахгүйгээр манай эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн иргэддээ төлбөртэй буюу VIP тасгаар үйлчлэх, амралтын өдөр эмч, сувилагч нартай цаг товлон төлбөрт үзлэг, оношилгоо эмчилгээнд хамрагдах боломжуудыг бий болгож орлогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Нөгөө талдаа эмч, ажилчдадаа цалингийн нэмэгдэл олгох, нийгмийн асуудалд нь анхаарах, сэтгэл тайван ажлаа хийх, өөрийгөө хөгжүүлэх, ард иргэддээ цаг алдалгүй илүү хүртээмжтэй, сэтгэлд нийцсэн үйлчилгээг нэмэлтээр авах зэрэг олон талын давуу талыг бүрдүүлж байгаа юм.

-Улсын эмнэлэг төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ гэдэг хууль зөрчсөн үйлдэл биш үү?

-Шинээр нэвтрүүлж буй төлбөрт үйлчилгээ нь зөвхөн хүссэн иргэдэд сайн дурын үндсэн дээр үзүүлэх үйлчилгээ гэдгийг онцолъё.

Эмнэлэг нийт орныхоо 10-аас ихгүй хувьд нь төлбөрт үйлчилгээ үзүүлж болно гэж журманд заасан байдаг. Бид энэ хүрээндээ орчин нөхцөл сайтай, тав тухтай, чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тэр бүх бололцоог хангаж, төлбөртэй үйлчлэх юм.

Дээрх орлогоо нэмэгдүүлэх 7 төлөвлөгөө нь одоо хэвийн үйлчилж буй даатгалын системийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, төлбөртэй болгож байгаа зүйл огт биш. Даатгуулагчийн эрх ашгийг зөрчиж, ачаалал нэмэгдэх асуудал үүсэхгүй. Энэ тал дээр ЭМЯ, ЭМДГ-аас тогтмол хяналт тавьж ажилладаг. Хэрэв бид хэт төлбөрт үйлчилгээ рүү чиглээд иргэд, үйлчлүүлэгчидээ хохироовол эмнэлэг даатгалын байгууллагаас санхүүжилтээ авч чадахгүй эрсдэл үүснэ. Тиймээс бид зохион байгуулалт дээр маш сайн хяналт тавьж ажиллана. Эмнэлэг нэмэлт боломж, дотоод нөөцөө ашиглан орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж буй явдал юм.

-Эмнэлгийн ажилчдын цалин, урамшуулал нэмэгдэж байгаа нь таатай мэдээлэл юм. Гэхдээ эмнэлгийн ажилтан, эмч гэдэг бол онц нарийн мэдлэгийн салбар. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв байгаагүй юу?

-Харин ч эсрэгээрээ. Өмнө нь манай эмнэлгийн эмч, ажилтны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний зардал, хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх сургалтад тусгайлан зориулсан зардлыг тусгаж өгдөггүй байсан. Тэр үед манай ажилчид хувийн шугамаар аливаа сургалтад хамрагдаж ирсэн. Харин одоо бидний боловсруулсан төлөвлөгөөгөөр сургалтын зардал, эрдэм шинжилгээний ажлын зардлуудыг тусгайлан, онцолж төсөвтөө суулгаж өгсөн. Энэ бол таны хэлснээр эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх онц үүргээ эмнэлгийн удирдлага тусгайлан анхаарсан менежмэнт гэж үзэж байгаа.

-Таны дээр хэлсэнчлэн УНТЭ хөгжингүй орны түвшинд хүрч хөгжихөд хэр хугацаа шаардагдах вэ?

-УНТЭ-ийн хувьд Монголдоо хамгийн том эрүүл мэндийн институт. Гэвч дэлхийн хэмжээнд “тоглогч” болж чадахгүй байна. Өнөөдрийн бидний танилцуулж байгаа ажлууд ирээдүйд “том” зорилго руу чиглэсэн ажил. Бид, манай эмнэлэг хошуучилж байж Монголын эрүүл мэндийн салбар дэлхийтэй хөл нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэж хэлэх нотолгоо манайд байна. Чадварлаг, мэргэшсэн, бэлтгэгдсэн эмч, баг, хамт олон байна. Энэ бол маш том давуу тал. Энэ давуу талаа ашиглан олон шинэ технологи, инновацийг эхнээсээ нэвтрүүлээд, нутагшуулаад явж байна. Шинэ эмчилгээний технологи нэвтрүүлж байна аа гэдэг дэлхийн тоглогч болох нэг алхам ойртож байгаагийн илрэл юм. Энэ дотроо хандлагаа өөрчлөх ажил бол том бодлого руу чиглэсэн түлхүүр ажил бас өрнөл юм.

Онцлох нийтлэлүүд