ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.07.18 11:07

​Т.Оошимаг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимаг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.

Үүний дараа Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарын уулзалт эхэллээ.

Энэ өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзана. Эдгээр уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцох юм.

Мөн эрхэм зочин Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцана.

Энэхүү айлчлал нь Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд манай улсад хийгдэж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд