ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.09.23 09:09

Увайгүй зан гаргах нь урд хөршид зөвхөн зөвшөөрөгддөг юм шиг байж болох уу


Энэ жил хөршүүдийн хувьд хоёр том ой, тэмдэглэлт үйл явдал болж байна. Нэг нь хойд хөршийнхөн Халхголын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэлээ. Монголд энэ ой, зохион байгуулалт, үзэл суртлын өндөр дээд түвшинд болсныг бид харж байна. Дээр дооргүй тэмдэглэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүрхий сурталчиллаа. Зэрэгцээд урд хөршид Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ болж байна. Энэ ой бол монголчуудын хувьд бас том баяр. Хятадтай дипломат харилцаа тогтоосон 70 жил бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүхэн хийгээд улс төрийн том үйл явдал юм аа. Үүнд урд хөршийнхөн их ач холбогдол өгч байна. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ эхлэхийн өмнөхөн Хятадын Гадаад харилцааны сайд Ван И манайд албан айлчлал хийж “Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын харилцааг бид шинэ шатанд гаргана” гэж онцолсон юм. Мөн тэрбээр айлчлалынхаа үеэр албан ёсны мэдээлэл хийхдээ, “Хоёр тал яриа хэлэлцээрээр хэд хэдэн чухал тохиролцоонд хүрлээ. Нэгт, бие биеийнхээ язгуур эрх ашгийг хүндэтгэнэ. Хоёрт, хоёр талын улс төрийн суурь үндсийг сахин хамгаална. Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байна. Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж байна. Мөн хоёр орны өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгална. Бодит харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ. 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ. Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр чухал ахиц гарсан. Хоёр улсын хилийн боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байна. Мөн Монгол Улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авахад бэлэн байна. Цаашид соёл, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын солилцоог улам идэвхтэй хөгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван улсын гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналд нэгдсэн. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэсгэж, бүс нутгийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Олон улсын чөлөөт худалдааны механизм болон дэлхийн худалдааны байгууллагын журмыг сахин хамгаална” хэмээн мэдэгдсэн юм. Үүний үргэлжлэл болгож БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймины зүгээс манай төр засгийн удирдлагуудтай уулзаж Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх 70 төслийн талаар санал солилцсоноор ийнхүү ойн арга хэмжээнүүд эхэлсэн. Хоёр орны хамтарсан соёлын арга хэмжээнүүд Улаанбаатар хотод бол урлагийн тоглолт, үзэсгэлэн, номын яармаг, уран сайхны кино, кино солилцоо, анагаах ухааны төлбөргүй оношилгоо, аялал жуулчлал, спорт нөхөрлөлийн тэмцээн зэргээр үргэлжилсээр...

Гэтэл урд хөршийн эдгээр олон арга хэмжээнүүд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш муу мэдээлэгдэж байна. Шулуухан хэлэхэд ерөөсөө мэдээлэгдэхгүй байна. Урд хөрш бол Монголын хэвлэл мэдээллийнхэнд их тусалж, МСНЭ-тэй хамгийн сайн харилцаатай байгааг сэтгүүлчид бүгдээрээ мэдэж байгаа. Сүүлийн жил гаруйн хугацаанд Монголын 400 орчим сэтгүүлч урд хөршид айлчилсан. Айлчилсан гэж зориуд хэлж байгаа юм шүү. Яагаад гэвэл очсон сэтгүүлчдийн баг бүхэнд маш хүндэтгэлтэй хандаж, амаар нь гартал цайлж, дайлж, хөгжил цэцэглэлтээ онцгой харуулж ойлгуулаад буцаадаг. Олон сэтгүүлч очиж байгаагаар бол Хятад-Монголын дипломат харилцааны 70 жилийн ойг их мэдээлмээр, гүн хүндэтгэлтэй хандмаар юм. Гэтэл тэгэхгүй байна. Хятадад тасралтгүй очиж байгаа тэр олон сэтгүүлчид ийм увайгүй байж болохгүй. Урихаар нь уургийн морь шиг ухасхийдэг. Урилгаас нь татгалзсан хэвлэл мэдээллийн байгууллага Монголд байхгүй шүү дээ. Урилгаар нь сайхан зочилсон хэрнээ Элчингээс нь зохион байгуулж байгаа арга хэмжээн дээр нь огт очихгүй байна. Эрхбиш МҮОНТ хааяа нэг очсон харагдах юм. Очоод хийж байгаа мэдээ нь хариугүй. Эфирээр гарч байгаа нь Хятадын элчин сайдын эхний үгийг хэлүүлээд гүйцээлгүй тасалж өөр хүмүүсийн дуу авиа оруулчих жишээтэй. Гэтэл сая Халхголын 80 жилийн ойгоор яаж байна, Үндэсний телевиз шиг хойд хөршүүдийн дуу хоолойг нэвтрүүлсэн газар алга. Ийм л увайгүй шинжтэй манай хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж байна.

Монголын хэвлэл мэдээллийнхэн ингэж болохгүй. Хоёр хөрштэйгөө бид эн тэнцүү харилцах ёстой. Мэдээллийн баланс Орос-Хятад хоёр дээр адил тэнцүү байх зарчмыг редакциуд онцгой анхаарах ёстой. Энэхүү мэдээллийн тэнцвэргүй байдал дан ганц Монголын хэвлэл мэдээллийнхний буруу бас биш. Урд хөршүүд Монголын хэвлэл мэдээллийнхэнтэй харилцаж буй харилцаа, сонголтондоо их муу байгаа харагддаг. Өөрийн гэсэн мэдээллийн байгууллага, редакцигүй, сэтгүүлч нэр зүүсэн хүмүүстэй нэлээн харьцаатай байх шиг харагддаг. Хятадын албаны хүмүүст Монголын хэвлэл мэдээллийн талаар хэн бодитой мэдээлэл өгч, хэн нь буруу мэдээлэл өгч байгаа нь тодорхойгүй байна. Хятад руу сэтгүүлчдийн багт явж байгаа хүмүүсийн цөөнгүй нь, ирээд гаргах мэдээллийн суваггүй, ганц сэтгүүлчтэй сайтын “ганц” нь өөрөө явж байгаа харагддаг. Монголын сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд нь урд хөршийнхнийг хуурч, янз бүрийн зохиолч, сэтгүүлч, зураглаач, чөлөөт уран бүтээлч... нэртэй хүмүүсийг урагш авч явдаг нь мэргэжлээрээ ажиллаж байгаа сэтгүүлчдийн шүүмжлэлийг хүртэх болсон. Энэ байдал нь эргээд Хятадын Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд сөргөөр нөлөөлж ирэв бололтой. Хятадын сэтгүүлчдийн багт явж байгаа, хэн ч мэдэхгүй, танихгүй сэтгүүлч гэх нэгэн бээр “Надад сайтын 10 редакци байна” гэж ярихыг сонсоод мэл гайхсан сэтгүүл зүйн доктортой таарч байлаа. Тэгэхээр Хятадын нөхдүүд маань үүн дээрээ онцгой анхаарах хэрэгтэй.

Ер нь урд хөршийнхөө хэвлэл мэдээлэл хариуцсан дарга нарт хандаж шуудхан хэлэхэд өнөөдөр Монгол Улсад тогтмол, албан ёсны үйл ажиллагаа явуулж буй редакцитай мэдээллийн сайт гэвэл news.mn, medee.mn, ikon.mn, dnn.mn, baabar.mn... гэхчлэн гарын арван хуруунд багтах хэд л бий. Телевиз гэвэл МҮОНТ, 25 суваг, ТВ9, ТВ5... байна. Сонин хэвлэл ч ялгаагүй, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” гэсэн өдөр тутмын, тогтмол гурван сонин л байна. Бусад сонин хэвлэл нь зуны цагт амарчихдаг. Тэгэхээр Хятадын Элчин сайдын яаманд хандаж хэлэхэд нэр дурдсан дээрх хэвлэл мэдээллийн байгууллагуудтай албан ёсоор харьц, хандаж бай. Бусдыг нь Монголд тоодоггүй юм аа, Монголд бүү хэл, гадаадад ч тоодоггүй юм. Үүнд хэн нэгний буруу байхгүй. Учир нь Монголын хэвлэл мэдээллийн салбар өнгөрсөн хугацаанд маш олон хуваагдаж, салж сарнисан. Олон толгойтой, олон эзэнтэй болсон. Эдгээр эрээвэр хураавар мэдээллийн хэрэгслүүд нь бүгдээрээ босоо биш хэвтээ, хавтгай удирдлагатай. Нэгдсэн бодлого, хариуцлага огт байхгүй явж ирлээ. Хавтгай удирдлага гэдгийг тодруулж хэлэхэд тухайн байгууллагад үгэнд ордог сэтгүүлч байхгүй болсон. Сэтгүүлч бүр нь дур дураараа мэдээ материалаа бэлддэг болсон нь чанаргүй сэтгүүл зүй болчихоод байна. Харин энэхүү хариуцлагагүй байдал нь дээр нэр дурдсан хэвлэл мэдээллийн байгууллагуудад байхгүй учраас та бүхэн тэдэнтэй хамтран ажиллах нь ажилд чинь тустай.

Гэхдээ мэдээж Монголын хэвлэл мэдээллийн салбар алдаандаа дүгнэлт хийж ахиж, дээшилж, сайжрах зам руугаа явж байгааг урд хөршийнхөн маань харж байгаа байх. Хариуцлагатай, чадварлаг редакциудын тоо нэмэгдэж байгаа нь дамжиггүй. Тэдэндээ хандаж хэлэхэд хоёр нүүрээр хоёр хөрштэйгөө харьцаж болохгүй шүү. Увайгүй зан гаргах нь урд хөршид зөвхөн зөвшөөрөгддөг юм шиг ажиллаж болохгүй шүү гэдгийг л хэлэх байна.

Онцлох нийтлэлүүд