ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2020.08.12 03:08

УГЗ Гаадангийн Дунбүрээ: Байгаль бол миний багш, би байгалийн өчүүхэн шавь


УГЗ Гаадангийн Дунбүрээтэй ярилцлаа.


-Сайн байна уу? Юуны өмнө ярилцах хүсэлтийг минь хүлээн авсан таньд баярлалаа. Ингээд яриагаа таны бага насны амьдрал, зураач болох хүсэл мөрөөдлийн тань талаар эхлэе?

-За баярлалаа чамд ч мөн энэ өдрийн мэнд хүргэе. Би 1941 оны хүн, бага байхаасаа л зураг зурдаг байсан. 1950 онд Төв аймгийн Өндөрширээт суманд бага сургуульдаа сурсан. Улаанбаатар хотын 3-р арван жилийг төгссөн. 1958 онд Пионерийн ордон анх ашиглалтанд ороход анхны уран зургийн дугуйланд орсон.

Эхлээд орохдоо би зүгээр ч нэг орчоогүй \инээв\ бөхийн дугуйланд 3 сар гаруй хугацаанд яваад больсон. Хажууд нь “Уран зургийн” дугуйлан байсан. Төрийн хошой шагналт, анхны ардын зураач, УГЗО.Цэвэгжав багш заадаг байсан, тэр дугуйланд хоёр жил яваад 1961 онд төгсөж МУБИС-ийн зураг хөдөлмөрийн ангид орсон. 1964 онд төгсөөд“Урчуудын эвлэлийн хороо”-нд томилогдон очиж эдүгээ 50 гаруй жил монголын дүрслэх урлагийн байгууллагад өөрийн хувь нэмрээ оруулан ажилласаар байна.

-Таны хувьд өөрийн уран бүтээлээрээ юуг түгээхийг зорьдог вэ?

-Миний бүтээлүүд өвөрмөц л дөө. Анх урчуудын эвлэлийн холбоонд ажиллаж эхлээд олон сайхан уран бүтээлч зураачдын дунд ажиллажбайсан учраас тэднээс их зүйлийг сурсан. Бүтээлээрээ монголын ард түмний зан заншлыг Монгол, Европзургийн аргаар хослуулан зурж егөөдөл, ёгтлолын шог хошин байдлын аргаар илэрхийлэн зургаа зурдаг.Миний анхны уран бүтээл болох “10 ямаа” нэртэй бүтээл маань хөрөнгөтний үзэл суртал гээд төрд загнуулж байсан үе бий л дээ. Бүтээлүүдмаань үзэсгэлэнд орохоосоо илүүтэй ихэнх нь хасагдаж байсан. Энэ нь ч надад маш их хат, тэвчээрийг суулгаж өгсөн.

“10 ямаа, 10 тэмээ, 10 адуу гэх олон бүтээлүүд маань монголын мал сүргийг арав арваараа өсөн үржих болтугай хэмээн бэлгэдсэн утгаар зурсан”.

Бүтээл бүрдээ монголын түүх соёл, ахуй амьдралыг тусгахыг л зорьдог доо.

-Урлаг,уран зургийн ертөнцөд 50 гаруй жил ажиллаж амьдарсаар байгаа уран бүтээлчийн хувьд та залуу уран бүтээлчиддээ юуг захиж зааж зөвлөх вэ?

-Монголын дүрслэх урлагийн босго бол хатуу хэн дуртай нь тэр босгыг алхана гэдэг хэцүү. Уран бүтээлч хүн өөрийнхөө бие сэтгэл хамаг зүйлийг зориулж байж бүтээл хийнэ. Шантрах явдал бол бий л дээ гэхдээ нэгэнт сэтгэл гаргасан бол түүндээ үнэн ч байж өөрөө өөрийгөө байнга дайчилж, цэнэглэж, дэлхийн сонгодог урлагийн түүхийг сайтар судалж мэддэг байж бүтээл хийнэ. Хувь хүний хөдөлмөр хичээл зүтгэл, бусдаас суралцах чадвар, судалгаа их чухал. Би өөрөө их судалбар хийдэг тав зургаан зуун мянган судалгааны ажил надад бий. Улсынхаа түүх их хүрээний талаар ихээхэн судалдаг. Нөгөөтэйгүүр “Байгаль бол миний багш, би байгалийн өчүүхэн шавь” хэмээн бодож байгалиас суралцсаар л явж байна.

Байгалиас хүн ихийг сурах ёстой. Байгальд явж байж, байгальд өөрөө шингэж байж зургаа бүтээх хэрэгтэй. Зарим хүмүүс байгальд зурах зүйл юу ч алга гэж хэлдэг.

“Байгаль намайг голно уу гэхээс байгалийг би голохгүй” энэ бол миний зарчим. Нэг мод зурсан ч тэнд үнэ нь шингэдэг байх хэрэгтэй. Би өөрөө байгалийг хараад, дунд нь ороходбайгальд би ууссан юм шиг бүх юм мартагдаад ямар ч анир чимээгүй тэс өөр ертөнцөд орчихдог. Энэ бүхэн л миний уран зургаар дамжуулан авч чаддаг хамгийн гайхалтай мэдрэмж юм даа.

-Короновирустай холбоотой хөл хорио зураач таны хувьд хэрхэн нөлөөлсөн?

-Улам илүү нөлөөлсөн, хөл хорионы үеэр хийсэн судалгааны ажил их байна. Үүнээсээ үүдэн бүтээлүүдээ зэрэг зэрэг эхлээд явж байна. Би зурсан зураг бүрийнхээ ард түүхийг нь биччихдэг юм.

1965 оноос эхлээд л түүхийн сэдэвтэй зүйлийг ахмадуудтай уулзаж судалж байсан. Тэр сайхан хүмүүстэй уулзаж ярилцсан зүйлээ дандаа тэмдэглэж үлдсэн. Түүх гэдэг бол хүний оюун ухааныг өөрөө хөтлөөд орчихдог. Богд хааны музейн захирлаар долоон жил ажилласан. Түүнчлэн Орос болон Европын дийлэнх улс орнуудаар үзэсгэлэн гаргаж оролцож явсан. Их ч зүйлийг судалж сурч мэдэж, харж үзэж, архивт ч олон сар жилийг өнгөрөөн судалгаа хийсэн.

-Ойрын хугацаанд хийхийг төлөвлөсөн, хийж буй уран бүтээлээсээ дурьдвал?

-“Их хүрээний” талаар бүтээл зурж байна. Мөн ном гаргахаар төлөвлөж ажилдаа орсон. Миний хийж буй бүтээл, зураг бүхэн улс үндэстнийхээ түүх, соёл, өвөрмөц зан заншил, ахуй амьдралыг шингээж агуулж байдаг. Орос, Монгол, Хятад 3 хүн зэрэг суугаад зураг зурахад Монгол хүний зураг ялгарч чаддаг байх хэрэгтэй гэж боддог доо.

Хүн нэг л сонгосон салбартаа бүхий л хүч чадал, сэтгэл зүрхээ дайчлан, шантралгүйгээр хөдөлмөрлөж чадвал гавьяа шагнал нь өөрөө дагаад ирдэг юм. Цаашдаа энэ салбартаа хувь нэмрээ оруулж бүтээлээ туурвисаар байх болно. Би зургаа зурахдаа хэзээ ч ашгаа бодож зурдаггүй чин сэтгэлээсээ тухайн бүтээлээ хийж чаддаг тиймээс ч бүтээлүүдийн маань эзэн нь өөрөө хүрээд ирчихдэг юм.

-Залуу хойч үедээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Залуучууд бол хамгийн гол нь үндэснийхээ уламжлалт урлаг дээр түшиглэн, түүх соёлоо үеийн үед хадгалан үлдэж хийж буй зүйлдээ хоёргүй сэтгэлээр хандан үнэнч л байх хэрэгтэй хэмээн захья

Ярилцсанд баярлалаа

Б.ОЮУНДАРЬ

Онцлох нийтлэлүүд