ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2014.08.06 10:08

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга асны баривчилгаа буюу Л.Гансүхийн эргэн тойронд

2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл болж УИХ-ын сонгуульд оролцсон намууд сонгуулийн дараа эвслээ задалснаас болж Ардчилсан нам нэг хэсэгтээ УИХ-д бүлэг ч үгүй, юу ч үгүй болох дөхсөн билээ. Эцэст нь АН-ын зөвлөл гээчийг байгуулж даргаар нь Лүймэдийн Гансүхийг сонгож байв. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл гээч нь одоогийн бүлэг гэсэн үг. Ардчилсан нам сонгуульд ялагдаж цөөнх болсон тэр жилүүдэд Зөвлөлийн дарга Л.Гансүх ачааны хүндийг үүрч, намынхаа нүүр царай болж ажиллаж байсныг хүмүүс санаж байгаа байх.

2008 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгаас сонгогдсон тэрбээр Байгаль орчны яамны сайдаар давхар ажиллаж байв. 2012 оны сонгуулиар намаасаа жагсаалтаар нэр дэвшигчдийн 12 дугаарт бичигдсэн бөгөөд дөнгөж өмнүүрээ улаан шугам татуулсан юм. Өдгөө тэрбээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх. Өнгөрсөн долоо хоногт Л.Гансүхийг Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрөөс хувьдаа мөнгө завшсан хэмээн АТГ-аас баривчлан хориод байна. Энэ хэрэг шүүхээр шийдэгдээгүй учраас хэрхэх тухай хэлэх юм алга. Харин ингэнэ гэсэн мэдээлэл аль хоёр гурван сарын өмнөөс хэвлэлээр түгж байсан юм. Өөрөөр хэлбэл, “Л.Гансүх луйварчин. Тиймээс баривчилна” гэдэг пиараа аль эртнээс явуулж байсан нь өдгөө тодорхой харагдаж байна.

Л.Гансүхийг баривчлагд­санаас хойш юу юу болж өнгөрөв. Үүнийг тоймлон хүргэе.

Түүнийг баривчлагдсаных нь маргааш Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргалаа. Түүнд “Ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно.

Монгол Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн дурдсан байдаг.

Төд удалгүй Ерөнхий сайд Төв аймаг дахь шоронд хоригдож байгаа Л.Гансүхийг эргэж очсон талаар шуугиан дэгдлээ. Хууль зүйн сайдаа дагуулж очсон гээд тэд бүгдийг буруутган, амтай хэлтэй бүхэн харааж байгаа. Энэ дуулиан шуугианаас нэг л зүйл их тод мэдрэгдэж байна. Ерөнхий сайдыг хууль зөрчсөн гэхээсээ илүү хүн ёсны талаас нь харвал Монголын улс төрд сүүлийн 30-аад жил алга болоод байгаа ёс зүй, хүн чанарыг мэдрүүлсэн үйл явдал боллоо хэмээн харагдаж байна.

Төрд гайгүй алба хашиж байсан нэгнийгээ шоронд ороход манайхан эргэж очих нь бүү хэл олигтой мэдэгдэл ч гаргаж зүрхэлдэггүй. Улстөрчид нэгийгээ шоронд орохоор “би тэр хүнийг танихгүй” гэж гүрийдэг. Найзалж нөхөрлөж, хамтдаа туулсан он жилүүдээ ингэж булшилж, хэрэгт холбогдсон нэгнээсээ нүүр буруулсан жишээ бид их олныг үзсэн дээ. Гэмт хэрэгтэнтэй нэр холбогдож хэрэгт татагдах вий гэдэг айдсаас гадна олон түмэнд шударга нэгэн болж таалагдах гэсэн өөрийн өчүүхэн нэр нүүрээ хамгаалж байгаа царай нь тэр аж.

Дээрх шуугиан гараад нэг өдрийн дараа нь Авлигатай тэмцэх газраас хариу мэдэгдэл хийлээ. Мэдээллийг нь харж суухад Л.Гансүх болон түүнтэй хамт баривчлагдсан хүмүүсийн хэргийг аль хэдийнэ шийдсэн мэт, шүүхийн шийдвэр уншиж байгаа мэт ойлгогдохоор байлаа. Уг нь бол тэр хүмүүсийн гэм буруутайг шүүх тогтоогоогүй, буруутай эсэхийг нь шалгах ажил л үргэлжилж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс нь ойлгоно. Нийт масс бол шууд гэмт хэрэгтэн мэтээр хүлээж авдаг.

Үйл явдал энэ хүртэл өрнөөд байна. Цаашид үйл явдал хаа хүртэл үргэжлэх, хэн хэнтэйгээ, хэн нь юутай тэмцэлдээд байна гэдэг нь ойлгомжгүй болж байна. “Түмний нэг” кинонд дуудлага худалдаагаар худалдаж буй нэг морины үнэ тэнгэрт хаддаг хэсэг байдаг. Үүнийг харж байсан хүн “Энэ ямар ид шидтэй морь болоод ингэж үнэд хүрч байна вэ” гэхэд “Мориндоо ч гол нь биш байх аа” гэж хариулдаг. Үүн шиг Л.Гансүхийг баривчлан хорьсон нь нүүрсний мөнгийг луйвардсан гэдэгтээ ч биш байх. Үүний цаана асар том тэмцэл өрнөж байна гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Харин дээр хэлсэн шиг хэн хэнийг хамарч, хаана хүрч зогсохыг харах л үлдлээ.

Өрнөж буй үйл явдлаас хэн хожиж, хэнд ашиг гарч байна гэдгийг харвал цаад нарийн учир нь тайлагдана. Одоохондоо хэн нэгэн нь илт хожоо гаргаж амжаагүй байна. Тиймээс энэ тал дээр түр хүлээзнэх хэрэгтэй.

Баривчилгаа буюу Засгийн газрын эсрэг ажиллагаа юунаас яагаад эхэлсэн бэ гэвэл Ардчилсан нам МАХН-тай хамтарч ажиллах гэрээ байгуулсны дараахнаас л эхэлсэн. Нэг ёсондоо тэр гэрээний хариу цохилтуудын нэг нь л энэ юм. Шангаа хүртэж байгаа хэрэг. Бас Н.Энхбаярт өгсөн сануулга байна. Яагаав түүнийг эх орондоо ирэхийнх нь өмнөхөн гаргасан Ц.Батбаярыг шоронд хорих шүүхийн шийдвэрийг санаж байгаа биз дээ.

Дээр нь монгол төгрөгийн ханш уналт байна. Ямар ч жолоодлогогүй унаж байгаа ханшны эсрэг яагаад одоо болтол хэн ч юу ч хийхгүй байна вэ. Хэн нэгэн ямар нэг юмыг хүлээгээд байгаа бус уу. Төгрөгийн ханш ард түмний дургүйцлийг хүргэх хэмжээнд хүртэл унаагүй л байгаа гэсэн үг. Ард түмэн чемодан мөнгөөр талх худалдаж авах тэр үеийг л анаад хэвтээд байна гэдэг нь илт харагдаж байна.

Энэ бүхнээс харахад Шинэчлэлийн Засгийн газар унаж хамтарсан засаг буюу МАНАН үүсэх шинжиндээ орчихсон байна. МАНАН-гийн Засгийн газрын Ерөнхий сайд Женко. Харин шадар сайд нь М.Энхболд болно хэмээн Жунайтангууд шивнэлдэж эхэлжээ. Үүнээс үүдэн албан тушаалын алаан хэдийнэ эхэлсэн биз. Элдэв юм л яригдаад эхэллээ.

Мөн МАН доторх эрүүл саруул үзэлтэй хүмүүс МАНАН-д дургүйцэж эсэргүүцлээ илэрхийлж байгаа бололтой. Арга ч үгүй юм, энэ бол хувь М.Энхболдод л хожоотой, МАН-д огтоос ашиггүй зүйл юм.

Баривчилгаа, бие бие рүүгээ шидсэн мэдэгдэл, засаг унагах санаачилга зэрэг улс төрийн хүрээнд өрнөөд байгаа үйл явдал нь Монголын ард түмэн, Монголын төрд хэрэгтэй юу, ямар ашиг тус авчрах вэ. Улс төрд байгаа хөрөнгөтэй мөнгөтэй, эрх мэдэлтэй хувь лидерүүд тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх газар зэрэг төрийн агентлагууд, тэр бүү хэл хууль, шүүх, прокурорыг нэг нэгээрээ эзэмшээд өөрсдийнхөө тэмцлийн гар хөл болгон ашиглаж байгаа нь үйл явдлаас тодхон харагдаж байна. Энэ бол Монгол төрийн дархлаанд асар хортой, аюултай үзэгдэл юм. Шулуухан хэлэхэд энэ бүх үйл явдал нь улс орон дампуурч байгаагийн гол шинж мөн гэдэгт аливаад нухацтай ханддаг, юмны наад цаад учир ойлгодог хүн болгон санал нэгтэй байгаа.

Ийн хүмүүс ид амарч байгаа зуны дэлгэр энэ цагт улс төр харин дээд цэгтээ хүртэл улайсч байна. Бодвол урд хөршийн даргатай хэн хундага тулгах вэ гэдгийг шийдэх гэж энэ бүх хор найруулагдаж байхыг ч үгүйсгэх арга үгүй юм. Урьд өмнөх түүхэнд ч ийм юм гарч л байлаа даа.

Д.ОЮУНТУЯА


Онцлох нийтлэлүүд