ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.06.21 11:06

​​УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Засгийн газрын шийдвэрийг шүүгч хянаад танил талын захиалгаар шийдвэр гаргадаг болсон байна

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд Зөрчлийн тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ "Эрүүгийн хууль, зөрчлийн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаад өнөөдөр яамд руу санал авахаар явууллаа. Намайг хуулийн яаманд очоод С.Зоригийн хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яриад өөр ажил хийхгүй байна гэж зарим хүмүүс яриад байгаа. Хуулийн яаманд зөндөө ажил болж байна. Энэ хоёр хууль хэрэгжиж эхлээд нэг жил ч хүрээгүй. Нэг жилийн хугацаанд ийм дайны хуулийн согог гарч ирдэггүй. Хоёр, гурван жил болж байж согог бүрэн хэмжээгээр гарч ирж шинэчлэгддэг. Батласан хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг тодорхой хугацаанд ажиглах хэрэгтэй. Гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны хуулинд өөрчлөлт оруулах заалтын талаар сайн муу олон зүйл ярьж байна. Нэг талаас зөв. Нөгөө талаас яагаад ийм оруулж ирэв гэдгийг бодоорой. Захиргааны шүүхийг би 2004 онд батлуулсан. 2006 онд хэрэгжилтийг нь эхлүүлсэн. 21 аймагт давж заалдах Захиргааны шүүх байгуулж өгсөн. Би энэ шүүхийг байгуулахдаа шийдвэртэй арга хэмжээ авах байх гэж горьдож байсан. Өнөөдөр хэрэг явдал биш болсон байна. Бодсоны эсрэг ажилдаг шүүх болсон байна. Засгийн газрын оруулж ирсэн санал нь хэт өргөн болсон бол нарийн болгох эрх их хурлын гишүүдэд бий. Засгийн газрын шийдвэрийг шүүгч хянаад танил талын захиалгаар шийдвэр гаргадаг болсон байна. Үндсэн хуулинд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө эсвэл Их хурал хүчингүй болгоно гээд заачихсан байдаг. Засгийн газрын шийдвэрийг шүүдэг өөр газар байдаггүй. Цэц гэдэг Үндсэн хуулийг манаад сууж байгаа шүүх. Захиргааны шүүхэд Засгийн газрын шийдвэрийг харъяалуулаагүй. 2005 онд гомдол гараад цэц хуралдаж Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэдэг шийдвэр гаргасан. Ингээд шийдвэр хүчинтэй болсон. Ийм шийдвэр хүчинтэй байсаар байхад захиргааны шүүх хянаад байна. Маргаан үүсгээд ажил боймлоод захилгаар ажиллаж байна. Энийг таслан зогсоох гэж би энэ хуулийг оруулж ирсэн. Үүн дээр хатуу байна. Хэн ямар үг хэлэх нь сонин биш. Монголын хувь заяа сонин. Эх орон чинь хайран байна. Шүүхийн ялзралыг одоо ярих цаг болсон. Дахиад захилга мөнгө сүлжээ ийм л байдалтай. Энэ үнэнийг ард түмэн мэдэх ёстой. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуулийг хүртэл тоодоггүй шүүхтэй болсон. Ийм үед их хурал хөдөлж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Би энэ хуулийг батлуулсан болохгүй бол шүүхийг татан буулгах эрх надад бий" гэлээ.

Онцлох нийтлэлүүд