ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2020.07.01 04:07

УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг томиллоо

Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан болов.

Хуралдаанаар УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг томиллоо. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг МАН-аас, УИХ-ын гишүүн С.Одонтуяаг АН-аас нэр дэвшүүлсэн юм. УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайханыг сонгох санал хураалтыг гар өргөн явуулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос бусад нь зөвшөөрлөө. Харин С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаар сонгохыг чуулганд оролцож буй гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар намын бүлгүүд байгуулагдсаныг болон бүлэг тус бүрийн дарга нар сонгогдсоныг албан ёсоор танилцууллаа. Үүний дараа парламентад суудалтай намуудаас сонгогдсон УИХ-ын дэд дарга нарыг танилцуулж, тэднийг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулж, баталлаа. Ийнхүү МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат. УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нар сонгогдлоо.

Салдангийн ОДОНТУЯА:

Мэргэжил: Олон улсын эдийн засагч, бизнесийн удирдлага

Эрдмийн зэрэг, цол: Бизнесийн удирдлагын магистр, АШУИС-ийн докторант

Төгссөн сургууль: ОХУ-ын Санкт-Петрбургийн Улсын Их Сургууль

Ажилласан байдал:

  • 1988 - 1991 онд - Шинжлэх Ухаан Техник мэдээллийн төвд мэргэжилтэн
  • 1991 - 2012 онд - "Сод трейд" ХХК, “Лотс Инвест” ХХК-ийн захирал
  • 2007 оноос - "Иргэн Та Баялаг" сангийн тэргүүн
  • 2008 - 2012 онд - Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
  • 2011 - 2012 онд - Эрүүл мэндийн сайдын зөвлөх
  • 2012-2016 онд- Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
  • 2016-2020 онд- Баянгол дүүргийн Засаг дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж 2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Төмөрбаатарын АЮУРСАЙХАН:

Мэргэжил: Эдийн засагч

Эрдмийн зэрэг, цол: Доктор

Төгссөн сургууль: БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургууль, ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургууль

Ажилласан байдал:

  • 2000-2005 онд -“Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
  • 2006-2009 онд -Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
  • 2008-2012 онд- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
  • 2009-2012 онд- Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012 онд -Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2013-2015 онд- Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга
  • 2015 онд- Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
  • 2012 оноос- Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга
  • 2016 оноос- Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2018 оноос- Хөгжлийн төлөөх эрдэмтэд ТББ-ын тэргүүн
  • 2019 оноос- Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

Х.ЕСҮ

Онцлох нийтлэлүүд