ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.01.12 06:01

УИХ-ын чуулган цаг сунган хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 18.00 цагт өндөрлүүлэх ёстой байсан цаг сунган хуралдаж байна. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсны 25 жилийн ойн өдөр маргааш тохионо. Үүнтэй холбоотойгоор маргааш УИХ-аас олон арга хэмжээ зохион байгуулах тул чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах боломжгүй болсон аж. Иймээс өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны цагийг сунган хуралдаж байна.


Өнөөдөр үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд зааснаар 68 шийтгэлд албадан ажил хөдөлмөр эрхлүүлэхээр заасан бол хамгийн дээд ял нь 25 жил хорих заалт туссан юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Авлигын барьцааг ард түмэн төлдөг гэж УИХ-ын дарга Авлигатай тэмцэх газрын хурал дээр тодорхой хэлсэн. Авлигатай тэмцэх талаар энэ хуульд ямар тодорхой заалт оруулсан бэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

-Авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийг шинэчилсэн найруулга дээр байсан заалтаас чангатгасан. Зөвхөн авлига авсныг шийтгэдэг байя гэж шинэчилсэн хуульд заасан. Тиймээс нэмэлт өөрчлөлт оруулахдаа авлига өгсөн тохиолдлыг ялгаж, салгаж байна. Гарцаагүй нөхцөлд ажлаа бүтээхийн тулд авлига өгсөн тохиолдолд гэмт хэрэгт холбогдуулахгүй. Зохион байгуулалтай, санаатайгаар авлига албан тушаалтай нь холбоотой авлига өгвөл гэмт хэрэгт тооцно.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Аргагүй байдалд орж авлига өгнө гэж юу байх билээ. Энэ бол шууд санаатай үйлдэл. Бүгдийг нь шийтгэх нь зөв. Орон байрны хулгай, халаасны хулгай хэрээс хэтэрч, гамшгийн хэмжээнд хүрлээ. Үүнийг яаж тусгаж байна вэ? Зарим тохиолдолд өөрсдийнхөө арчаагүйгээс болж залиулсан байдаг. Хар тамхи, мөрийтэй тоглоом дээр ямар зүйл заалт орж ирж байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

-Хулгайн гэмт хэргийг шинэчилсэн найруулгын төсөлд 7 хоногоос таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана эсвэл шийтгэнэ гэж заасан байсан. Өөрсдийнхөө буруугаас болж залилуулдаг гэж байна. Мэдээж, залилсан эсэхийг нь мөрдөн байцаалтаар тогтооно. Хар тамхитай холбоотой заалтыг зөөллөсөн зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Орлогоо нуусан оффшортонгуудыг шийтгэх талаар ямар заалт орсон бэ. Онц ноцтой хүн гүтгэх хэрэг дээр яах гэж байна вэ? Тухайлбал С.Зоригийн хэрэгт холбогдуулаад байна. Гэтэл тэр этгээд нь дээд ял авсан байдаг. Ялыг нь нэмээд хэрэггүй шүү дээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

-Бид хуулин дээр шинэчилсэн найруулга хийх шаардлагатай болсон. Хуулийн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудал байгаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хуулийн этгээд, холбогдох албан тушаалтан дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр оруулж ирж байгаа. Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг шинэчилсэн найруулгын төсөлд байж байгаа. Гүтгэх асуудал Зөрчлийн хуулинд гэмт хэрэг биш гэж явж байгаа. Зөвхөн сонгуулийн үеэр хүн гүтгэвэл Эрүүгийн гэмт хэрэг болно. Цаазын ялгүй орон, манайх. Энэ асуудлаар бид олон улсын гэрээ конвенцид нэгдсэн.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Хохирлыг барагдуулах зохицуулалт хэрхэн тусав. Бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, бусдын амь насыг эрсдэлд оруулахад хохирол учруулсан хүмүүсийг тодорхой хугацаанд хориод, хэсэг хугацааны дараа гаргадаг. Ихэнх хохирогч хохирлоо барагдуулж чадахгүй үлддэг. 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад төр эхэлж хохирлыг нь барагдуулаад, цаашаа хариуцлагаа тооцоод явах заалт туссан. Энэ заалт хуульд орж ирсэн үү.

Хоёрдугаарт, цахим гэмт хэрэг гэдэг шинэ ойлголт гарч ирж байна. Цаг үеийн шаардлага хангасан хууль батлах ёстой. Залилан, гүтгэлэг, доромжлол цахим болсон. Ийм төрлийн гэмт хэрэг гарсан нөхцөлд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Үндэсний тусгаар тогтнолын эсрэг олон нийтийг турхирсан хэсэг бүлэг нөхөд бий болсон. Цахим гарын үсэг дуурайлгаж байна, хуурамч гүйлгээнүүд хийж байна. Эдгээрт ямар хариуцлага хүлээлгэх вэ.

Малын хулгай хэрээс хэтэрсэн. Малчдын хувьд амин зуулгаасаа салж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

-Хохирлоо барагдуулсан тохиолдолд л ялаас хөнгөлнө. Хэрвээ хохирлоо барагдуулахгүй бол ялыг нь хөнгөлөх боломжгүй, үүгээр шахна. Цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудал нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах, хор хөнөөлт програм хангамж бэлтгэх гэсэн зохицуулалтаар орж ирсэн.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

Онцлох нийтлэлүүд