Улс төр
2020.12.03 02:12

УИХ-ын чуулган: Япон улсаас 233 сая долларын зээл авахыг дэмжив

Ч.Хүрэлбаатар: Японоос авах зээлийг зөвхөн ковидтой холбоотой зүйлд  зарцуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын "Covid-19"-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн 63.8 хувь нь дэмжин, баталлаа.

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь "Covid-19" халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулагдах юм. Нийт 25.0 тэрбум иенийн /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн санхүүжилт олгох ба зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байх юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Энэ зээл Олон улсын валютын сан /ОУВС/-тай хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үргэлжлэл мөн үү. Хөтөлбөрийг хэрэгжүүлж байх үед Монгол Улс гадаад өрүүдээ гадаад зээлийн эх үүсвэрээр төлөх болохоор цааргалдаг байсан. Одоо хөтөлбөр дууссан учраас ирэх онуудад гадаад өрүүдээсээ төлж эхлэх боломжтой юу. Энэ гэрээн дээр хориглосон зүйл байхгүй биз дээ.

Хоёрдугаарт, зээлийг иениэр хийнэ гэж ойлгосон. Ханшийн эрсдлээс хамгаалсан ямар зохицуулалт хийж байгаа вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байсан тэр хөтөлбөртэй энэ зээл хамаарахгүй. Нийтдээ 800 орчим сая ам.долларын зээл авахаар ОУВС-тай тохирсон байсан. Үүнээсээ өмнө Японтой тохирсон байсан. ОУВС-гаас 280-аад сая ам.доллар авсан. Үлдсэнийг нь аваагүй байгаа. Энэ зээлийг зөвхөн Covid-19 халдвартай холбоотой асуудалд л зарцуулна. 2020 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын сарын хооронд авч хэрэгжүүлсэн аж ахуй нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийг орлогын албан татвараас чөлөөлөх, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй чөлөөлөх, хүүхдийн мөнгө олгох зэрэгтэй холбоотой арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд хэрэглэнэ. Ханшийн эрсдлийг зохицуулна, Монголбанктай гэрээ байгуулан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Энэ бол сайн зээл. Гэхдээ зарцуулалт нь төсвийн алдагдал нөхнө. 233 сая ам.доллар нь ойролцоогоор 700 тэрбум төгрөг болно. Үүнийг иргэдэд тараавал ойролцоогоор 800 мянга гаруй төгрөг оногдох юм. Энэ нь иргэдийн орлогыг дэмжихээс гадна үндэсний үйлдвэрлэлийг давхар дэмжинэ. Эсвэл тус зээлийг эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуйн салбарт зарцуулмаар байна. Төсвийн алдагдалыг нөхөж зээлийг үрэн таран хиймээргүй байна. Ерөнхий сайд мөнгө байвал хамаагүй иргэддээ тараана гэж хэлсэн. Хэлсэндээ хүрэх хэрэгтэй. Өмнө нь Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үеэр дотооддоо халдвар алдаагүй байсан. Одоо иргэд бараг нэг сар гаруйн хугацаанд орлогогүй гэртээ сууж байна.



Онцлох нийтлэлүүд