ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.07.04 11:07

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон ажлаа тайлагнав

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооныхон хийсэн ажлаа тайлагнав.  “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн зарим шаардлагатай хууль, бусад шийдвэрийг хэлэлцэн батлуулах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явц байдлын талаар холбогдох байгууллага, яамдын мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгсөн гэнэ.  

Эдийн засгийн  тогтвортой байдлыг хангаж, гадаад валютын ханшийн хэт өсөлтөөс сэргийлж, төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, төсвийн зардлыг илүү хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах бодлогын хүрээнд “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталжээ. Уг тогтоолоор гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийг эрсдэлээс сэргийлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах; эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих; хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилт; төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх” гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн 26 арга хэмжээг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллагууд, хувийн хэвшилтэй хамтран авч хэрэгжүүлэхийг даалгасан байна.

 “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталж, эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалах, ажилгүйдлийн түвшинг 6,6 хувьд байлгах зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, улмаар өсөлтийг хангах боломжийг бүрдүүлж байна гэж тэд үзжээ.

Ээлжит чуулганы хугацаанд Газрын тосны тухай хууль/шинэчилсэн найруулга/ батлагдан гарснаар газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болж, газрын тосны салбарт төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын эрх, үүрэг, газрын тосны нөөц ашигласны төлбөр, хураамжийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой зохицуулалтуудыг боловсронгуй болголоо. Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортоос хамааралтай байдлаас гарах, экспорт нэмэгдэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгож байна. Түүнчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцөлийг хэвээр хадгалсан нь хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлж байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгосон хөрөнгийн мэдээллийг холбогдох байгууллагаас авч мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нутгийн захиргааны байгууллагатай байгуулах гэрээ, ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн боловсруулалтын чанарыг сайжруулах, ашигт малтмалын баялаг, нөөцийн тухай нэр томьёог олон улсын жишгээр хуульчлах, Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тодорхой болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг тодорхой хугацаанд хориглож байсан эрх зүйн зохицуулалтыг цуцалжээ.

Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар үйл ажиллагаа нь жигдэрсэн томоохон хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд хувьцаа болон түүнд хөрвөх үнэт цааснаас бусад аливаа хэлбэрийн үнэт цаас /өрийн бичиг болон бусад хуулиар зөвшөөрсөн санхүүгийн хэрэгсэл гэх мэт/-ыг хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд санал болгон гаргаж, хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацаатай, хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэр татах боломж бүрдэж байна. Түүнчлэн хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон шинэ зохицуулалтуудыг хуульчилсан байна.

Үүрэн телефон хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх үед тухайн ашиглаж байгаа дугаарыг солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглуулах боломж олгох замаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг идэвхжүүлэх чиглэлээр Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох бусад хуулийн төслүүд, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлгийн шатанд шилжүүлжээ.

Онцлох нийтлэлүүд