ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.10.12 09:10

УИХ “ялтан” Б.Махбалыг шүүв

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулган эцэстээ яаман дээр болсон хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг шүүх хурал болж хувирлаа. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд үг хэлж санаа бодлоо илэрхийлдэг л дээ. Гэхдээ энэ удаагийн чуулганы хуралдаанаар гишүүдийн хэлж ярьж байгаа нэг л биш ээ. Хэт хувийн үзэл бодол үнэртсэн, хэтэрхий жижиг эрх ашиг ханхалсан, Үндсэн хууль илт зөрчсөн үг хэлцгээлээ. Бүр тодруулж хэлбэл хүний эрхийн хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн хурал болж өнгөрлөө. Н.Оюундарь гишүүн “Алуурчин Б.Махбал гэх хүн хувьдаа таван компани, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй. Түүний төрсөн дүү нь нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай “Тэнгэр Ази Инвест” гэх банк бус санхүүгийн байгууллагатай, Баянзүрх дүүрэгт хоёр ч орон сууцны барилгатай, мөн хэд хэдэн компанитай. Төрсөн хүү Билгүүн нь 21 настай, найман үл хөдлөх хөрөнгөтэй, мөн тэр хэмжээний автомашинтай. Талийгаачийн ажил, албан тушаалд шунаад байсан Дорждагва гэх хүнд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй “Лотус” гэх компани байдаг. Төрийн албаны цалингаар шинэ автомашин худалдаж авдаг, хувийн хаусуудыг Жаргалантын аманд бариулдаг. Дорждагвын эхнэр Мөнхчимэгийн нэр дээрх “Төслийн удирдлагын хөгжлийн хүрээлэн” гэх төрийн бус байгууллага ЗТХЯ-тай арван сая төгрөгийн гэрээ байгуулсан” гэж ярилаа. Нутгийнхаа залууг өмөөрөлгүй л яахав. Гэхдээ өмөөрөхөд учир бий. Хөрөнгө чинээгээр ялгаж, зааглаж, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад хэн нэгнийг ялтан болгох эрх хэнд ч байхгүй. Тэр дундаа хууль батлалцаж суудаг парламентын гишүүн хүний хувьд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр яриад суудаг сэдэв бүр биш.

Үндсэн хуульд хүнийг үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаж болохгүй гэсэн том зарчим бий. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж тов тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл Н.Оюундарь гишүүн энэ зарчмын эсрэг зүйл ярьж, шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хэнийг ч гэмт хэрэгтэнд тооцохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байр суурь илэрхийллээ. Нийгэмд хөрөнгөтэй хүн муухай гэх хандлага төрүүлэхээр, мөнгөтэй хүний өөдөөс мөнгөгүйг нь босгох сэдэл өгөхөөр байр суурь мөнөөсөө мөн. Гишүүний үгийг сонссон хэнд ч ийм ойлголт төрнө.

Н.Оюундарь энэ үгээрээ хүн бүр хуулийн этгээд гэсэн заалтыг бас зөрчиж байна. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлд “Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалт дурайж байгаа. Хүн бүр эрх зүйн этгээд гэсэн ойлголт цаанаа нарийн утгатай. Аавынхаа хэргийг хүү нь хүлээх учиргүй, хүүгийн хэргийг аавд тохох ёсгүй гэдгийг ялгаж, салгаж хэлж өгсөн чухал заалт. Эрхэм гишүүн Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа гарсан хэрэгт буруутгагдаж буй хүний тухай ярихдаа хүүг нь онцолж дурдсан цаад шалтгаан нь юу вэ гэсэн асуултад хариу хайгаад олсонгүй. Б.Махбал, түүний хүү хоёр тусдаа хуулийн этгээд. Нэг нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол нөгөө нь хэргийг үүрэх хуулийн ямар ч үндэс байхгүй. Товчхондоо Б.Махбалын үйлдсэн гэх хэрэгт хүүг нь хамаатуулж ярих шаардлага хэтээсээ байхгүй. Коммунизмын үед л ангийн дайсны хүүхэд, феодалын үр сад гэсэн муйхар гадуурхалт байсан. Өнгөрсөн нийгмийн ийм муйхарлал хүнлэг ардчилсан нийгэмд давтагдах вий гэсэн болгоомжлолоор “Хүн бүр эрх зүйн этгээд” гэж хуульчилж өгсөн юм. Хүүд аавын үйлдсэн гэх хэрэг ямар ч хамаагүй гэдгийг манай улс Үндсэн хуулиндаа ийм заалтаар тэртээ ерээд онд хэлээд өгчихсөн. УИХ бүр сүүлдээ ард нь үлдсэн ах дүүсийг нь олны өмнө, чуулганы индрээс яллаж эхлэх нь гэсэн болгоомжлол төрж байна. Монгол Улс иргэнийхээ эрхийг Үндсэн хуулиараа ингэж хамгаалсан байдгийг УИХ-ын гишүүн нь мэдэхгүй, мэдрэхгүй сууна гэдэг харамсалтай хэрэг шүү. Ингээд ч зогсохгүй төрөл төрөгсөд, эцэг эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь иргэндээ олгочихсон улсын нэг нь манайх.

Чуулганы хуралдаан шүүх хурал боллоо гэдэг шүүмжлэл дээр бас нэг жишээ хэлье. Өчигдрийн чуулганы хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат “Санаандгүй алсан гэсэн зүйл ангиар зүйлчилсэн байна. Санаатай алсан болгож өөрчлөх ёстой” гэсэн утгатай үг унагалаа. Ж.Мөнхбат Б.Махбалын гарт амиа алдсан гэгдэж буй талийгаач залуугийн эхнэртэй нэг анги, НАМЗХ-нд мөр зэрэгцэж явсан гэх мэт мэдээлэл дуулдаж байсан. Эндээс анзаарахаар МАН-ын 32, 33-ын бүлэглэл хоорондын зөрчилдөөн энэ хэргийн цаана байж магадгүй гэж хардмаар ч юм шиг. Ж.Мөнхбат цааш нь “Халтар аа, Дорждагвыг хал. Шүүх прокурор эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүний өмнө бөхийхгүй гэдгээ харуулаарай” гэсэн заавар зөвлөгөө өглөө. Шүүх, прокурорынхон хуулийн дагуу үнэн мөнийг тогтоохын төлөө л ажиллах учиртай. Түүнээс биш эрх мэдэлтэй, эрх мэдэл багатай, мөнгөтэй, мөнгөгүй гэсэн шалгуур хуульд лав байхгүй. Шүүх ямар ч хэргийг эрх мэдэлтэйгийнх нь зөв, мөнгөгүйнх нь буруу гэсэн үнэлэмж, өнгөөр шүүдэг гэсэн утга анзаарагдахаар үгийг ганц Ж.Мөнхбат ч биш УИХ-ын олон гишүүн хэлж байна. Монгол Улсын шүүх прокурор арай ч иймдээ тултал нугалаа гаргаж, завхраагүй байлгүй дээ. Тодорхой хугацааны дараа энэ хэргийн үнэн мөн тодроод ирэх байх. Товчхондоо өчигдрийн чуулган буруутайг нь шүүхээр тогтоогоогүй байхад хэн нэгнийг буруутан, ялтан болгож зарласан мэдэгдлүүдээр дүүрэн, өнгөрсөн зууны эхээр болсон хэлмэгдүүлэлтийг санагалзуулсан, хэлэлцэх асуудлаасаа тойрсон, хальсан асуудал руу хошуугаа дүрсэн хурал боллоо.

Бас нэг инээдтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү өнгө өчигдрийн чуулганаас тод харагдлаа. Д.Тэрбишдагва гишүүн “Наад нөхөр чинь Г.Батхүүгийн үед яаманд ирсэн. Өдий хүртэл дарга хийгээд явдаг ямар том хаалгатай нөхөр вэ” гэх юм. Ц.Нямдорж гишүүн Б.Махбалыг “МоАХ”-ны угшилтай гэж ирээд ярилаа. УИХ-ын гишүүдийн энэ мэдэгдлүүд “Төрийн албанд удаан ажиллах тийм байж боломгүй үзэгдэл үү” гэсэн асуулт тавихад хүргэж байна. Зүй нь төрийн албанд удах тусам өнөө яриад байдаг мерит зарчим биеллээ олжээ гэж олзуурхмаар юм. Төрийн алба улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой байхыг мерит буюу чадахуйн зарчим гэдэг, энэ тогтолцоог хэрэгжүүлсэн улс орнууд асар богино хугацаанд хөгжсөнийг дэлхий хүлээн зөвшөөрдөг. Монголд яагаад энэ зарчим хэрэгжиж, монгол хүн яагаад төрийн албанд нам харгалзалгүй зүтгэж, төрийн албаны удирдах түвшинд мэргэшиж, удаан хугацаанд ажиллаж болохгүй гэж. Нам солигдохоор төрийн албаныхан хуйгаараа халагдах ёстой гэсэн ойлголт, хандлага төрүүлсэн мэдэгдлийг төрийн ордонд, УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд парламентын гишүүд нь тунхаглаад суухаар мэргэшсэн төр, чадварлаг төрийн албан хаагч гэсэн ойлголт амьдралд хэзээ ч биелэлээ олохгүй л дээ.

Чуулганы өчигдрийн хуралдаанаас бас нэг эмгэнэлтэй зүйл ажиглагдлаа. Махбалыг нэг нь манай намынх биш гэхээр нөгөөх нь “Манай намынх ч биш” гэх юм. Энэ төрд аль ч намыг дэмжихгүй хүн ажиллаж болохгүй хэрэг үү гэж асуумаар өнгөтэй байр сууриуд чуулганы хуралдааны үеэр хөвөрсөн. Төрийн албанд мэргэшсэн хэмжээнд зүтгэж чадаж байгаа л бол нам бус хүн зүтгэж яагаад болохгүй гэж.

Ер нь өчигдөр болсон чуулганы хуралдаан нэг зүйлийг маш тод хэлээд өглөө. УИХ-ын гишүүдийг ямар ч чадваргүй, чадамжгүй гэдгийг. Хэлэлцэх асуудлынхаа утгыг ойлгохгүй хадуурч, хуулийн хэм хэмжээ зөрчсөн элдэв мэдэгдэл, байр суурь илэрхийлж байгаагаас нь харахад ингэж чамлахаас өөр арга алга. “УИХ бодлого гаргадаг болохоос шүүх хурал биш” гэсэн энгийн логикоо анзаарахгүй, мэдрэхгүй хальж давхиж байгаа улсаас мэргэн бодлого, зөв хууль, хөгжлийн гарц гаргалгаа хүлээгээд нэмэргүй л санагдаад байна даа.


Онцлох нийтлэлүүд