ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.02.14 05:02

Улаанбаатарын утааг бууруулахад НҮБ-ын дэмжлэгийг хүсчээ

ЗурагУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.

УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд тусгай ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байнгын хорооны гишүүдээс орж ажиллаж буй. Тиймээс намрын чуулган завсарласан ч утааг бууруулах чиглэлээрх ажлуудад хяналт тавьж ажиллана гэдгээ байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир мэдэгдэв. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийг оруулахаар санал оруулсан ч жагсаалтад тусаагүй. Уг хууль батлагдвал иргэд, аж ахуйн нэгжийн туслалцаатайгаар агаар, хөрсний бохирдлыг бууруулах боломж бүрдэх юм хэмээн ярьлаа.

Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, "Байнгын хороо, УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах тодорхой ажлуудыг хийж байгаа. Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа 30 жилийн хугацаатай, 0.2 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын хөгжлийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Уг зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах юм. Өмнө нь ганц нэг сан байгуулж байсан ч үүн шиг том хэмжээний хөрөнгө босгож байгаагүй. Удахгүй зээлийн хөрөнгийг юунд зарцуулах нь тодорхой болно. Хоёрдугаарт БНХАУ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 2.3 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг авахаар тохиролцсон. Тэгэхээр гэр хорооллыг дахин төлөвлөснөөр утаанаас ангижрах нэг гарц болно. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн удирдлагатай Давост уулзаж, Улаанбаатарын утааг бууруулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Өөрөөр хэлбэл энэ чиглэлд олж ирсэн мөнгөө зөв төсөл хөтөлбөрт зарцуулах нь уу гэдэг дээр хараат бус байдлаар зөвлөн туслаач гэсэн асуудлыг харилцан ярилцсан" гэв.

Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 удаа хуралдаж, 41 хуулийн төсөл, дөрвөн УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэж, яам агентлаг, харьяа байгууллагуудын тайлан мэдээлэл 2-ыг сонссөн бөгөөд 14 хууль, УИХ-ын 4 тогтоол батлуулжээ.

Онцлох нийтлэлүүд