ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.05.14 12:05

“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдыг бүртгэж байна

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/161 дугаар захирамжийн дагуу энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна.

Олон улсын хэмжээнд зохион байгуулагдах “Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн нь зургадугаар сарын 07-нд болох бөгөөд тэмцээнд оролцогчдыг Нийслэлийн Биеийн тамир спортын газарт бүртгэж байна. Харин тавдугаар сарын 15-наас нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоон дээр бүртгэх ажил эхэлнэ.

Гүйлтийн тэмцээний үеэр марафон, сонирхогчдын гүйлт гэсэн 2 төрлийн тэмцээн болно. 18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн дунд хагас марафон /21975 м/, бүтэн марафон /42195м/ гүйлтийн тэмцээн,  Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 4 зайд зохион байгуулна. Тодруулбал:

-           17 нас хүртэл       4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

-           18-35  нас             8000 м, /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

-           36- 49  нас            5000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

-           50-иас дээш нас  4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

  Харин тэмцээнд оролцогчид дараахь байдлаар бүртгүүлнэ.

• Бүртгэл  06 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Соёлын төв өргөөний 1 дүгээр давхарын 13 тоот/, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбооны байранд явагдана. Бүртгэлд биеэр ирж болон онлайнаар хамрагдаж болно. /www.sport.ub.gov.mn/

• Бүртгэлд хамрагдах гүйгчид иргэний үнэмлэх болон өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирнэ.

• Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчид гараанд гарахаас өмнө эмчийн  хяналтад хамрагдан даралтаа хэмжсэн байна.  Бусад зайд гүйгчид гүйлт болохоос 3 хоногийн дотор эмчийн үзлэгт хамрагдан зүрхний цохилт, даралтаа хэмжүүлсэн байна.

•   Хөдөө, орон нутгаас оролцож байгаа тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага буюу тухайн тамирчин өөрөө хариуцна.

• Гүйлтийн  42195 м, 21975 м, 8000 м-ийн зайд уралдах гүйгчид 15000 төгрөг, 4000 м, 5000 м-ийн зайд уралдах монголын гүйгчид 2000 төгрөгийн хураамж төлнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд