ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2015.09.02 06:09

“Улаанбаатар“ Олон улсын кино наадам ирэх сард болно

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ) санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-тэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 7 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг ирэх аравдугаар сарын 7-11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн наадам Монгол кино үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд дэлхийн шилдэг Канн, Берлин, Торонто олон улсын кино наадамд шалгарсан Франц, Колумб, Исланд, Иран, Хятад, Унгар, Турк зэрэг орнуудын 9 кино бүтээлийг олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

Энэ жилийн наадмын онцлох орноор Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Франц улсыг сонгосон бөгөөд тус улсын орчин үеийн киноны уран бүтээлээс бүрдэх “Францын Кино Өдөрлөг”-ийг аравдугаар сарын 8-нд Францын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулна.

Наадмын хүрээнд Улаанбаатар Олон Улсын Кино Форум хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд “Кино бүтээл түүх, цаг хугацааны тусгал болох нь”, “Монголын кино урлагийн салбар дах олон улсын хамтын ажиллагаа” үндсэн хоёр сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлэн, ярилцлагыг өрнүүлэх болно. Тус форумын эхний хэсэгт “Цогт тайж” Монголын уран сайхны кино (1945 он), Францын уран сайхны киног (1945 он) тус тус танилцуулж, хэлэлцүүлгийг явуулах ба сүүлийн хэсэгт Италийн Венецийн кино наадмын хөтөлбөр боловсруулагч Пауло Бертолин, БНХАУ-ын Дуу дүрс бичлэг, дижитал хэвлэлийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Зан Жи Жүн зэрэг олон улсын болон Монголын киноны найруулагч, продюсер, уран бүтээлчдийг урьж оролцуулах болно.

2014-2015 онд бүтээгдсэн Монголын шилдэг 4 кино бүтээлийг танилцуулах зорилготой “Монгол Кино Хөтөлбөр”-ийг Монголын Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран 2015 оны 10-р сарын 9-нд уламжлалт ёсоор зохион байгуулна. Тус хөтөлбөрийн шалгаруулалтыг Монголын киноны уран бүтээлчдийн дунд 2015 оны 9-р сарын 1-ий өдөр зарлан, 9-р сарын 15-ны дотор материалыг хүлээн авна.

Зохион байгуулагчид “Улаанбаатар” олон улсын наадмын хөтөлбөрийг дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, урлаг, уран сайхан, дэвшүүлж буй санаа болон хийцийн хувьд өргөн цар хүрээ, сонголттой байхад анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд наадам зохион байгуулагчид олон улсын кино хөтөлбөр зохицуулагчаар Францын иргэн, Канн болон Парис Синема олон улсын кино наадам зохион байгуулдаг туршлагатай Тибу Бракийг гурав дахь жилдээ дахин урьж ажиллуулж байна.

Онцлох нийтлэлүүд