Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2017.01.12 03:01

Улаанбаатар хотын агаарын бохирдлоос болж жилд 1300 орчим хүн нас бардаг

АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн эрдэмтэд агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар судалгаанууд хийснээ өнөөдөр танилцуулж, холбогдох байгууллагуудтай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал профессор, АУ-ны доктор О.Чимэдсүрэн "Өнгөрсөн таван жилийн хугацаанд АШУҮИС-ийн НЭМС-ийн судалгааны баг олон улсын судлаачидтай хамтран агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар олон судалгаа хийсэн.

Тухайлбал, 2013-2014 онд Улаанбаатар хотын агаарт байгаа нарийн ширхэгт тоосонцорын хүүхэд, насанд хүрэгчдийн эрүүл мэндэд нөлөөлөл нөлөөллийг АНУ-ын Калифорнийн их сургуультай хамтраад хийсэн байгаа. Тэр судалгаанаас харахад 2014 оны байдлаар агаарын бохирдол 0-5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын эмгэгт нөлөөлж 120 орчим хүүхдийн нас барах шалтгаан болсон. Насанд хүрэгчдийн хувьд 1,200-1,300 хүний нас баралтад нөлөөлсөн гэж үзсэн. Улаанбаатар хотод жилдээ 7,000 орчим хүн нас бардгаас агаарын бохирдлоос шалтгаалан 120 хүүхэд, 1,200 орчим насанд хүрсэн хүн нас барж байна. Хэрвээ агаарын бохирдлыг дорвитой бууруулахгүй бол 2017-2024 он гэхэд 13,000 орчим хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барах тооцоолол гарч байна. Үүнээс сэргийлэхийн тулд юу хийх юм бэ гэдгийг бид бас тодорхойлсон. Хамгийн нэгдүгээрт агаарын бохирдлын гол эх үүсвэр болоод байгаа түүхий нүүрсийг хэрэглээнээс гаргах хэрэгтэй байна. Дараагийн дугаарт автомашинд евро зургаа стандартын түлш хэрэглэх, насжилт өндөртэй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байхад гадна агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын хэмжээг ДЭМБ-ын стандартад хүргэх боломж бүрдэнэ гэж үзсэн" хэмээн ярилаа.

Эрдэмтдийн зүгээс бодлого боловсруулагчид судалгааны үр дүнг харгалзан ажиллахыг уриалж байлаа. Тухайлбал, тус сургуулийнхан "Замын цагдаа нарын агаарын бохирдолд өртөлтийн судалгаа"-ны үр дүнгээ Замын Цагдаагийн Албанд хүргүүлж, замын хөдөлгөөн зохицуулагч цагдаад амны хаалт зүүлгэх, шүгэлтэй дохиур хэрэглүүлэх талаар саналаа танилцуулсан байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаарх судалгаа хийсэн эрдэмтэд зөвлөмж гаргажээ

  • Дулааны үр ашиг, эрүүл мэнд, эдийн засгийн үр нөлөөнд суурилсан Монгол гэр, гэр хороолол дахь амьны орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгад тохирсон утаагүй халаалтын шийдлүүд хэрэглэх,
  • Сайжруулсан зуух, хатуу түлшний хэрэглээг дэмжихгүй байх,
  • Цахилгаан дулаан түгээх дэд бүтцийг сайжруулах,
  • Эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх,
  • Цэцэрлэг эмнэлэг сургуулиудад агаар цэвэршүүлэгч ашиглах,
  • Агаарын бохирдол их үүсгэдэг автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Сургууль цэцэрлэгийн хичээллэх цаг, хуваарийг агаарын бохирдлын оргил үетэй давхцуулахгүй байх, бохирдол ихтэй үед амраах,
  • Зах зээл дээрх агаар цэвэршүүлэгч, амьсгал хамгаалах маскны үр ашгийг тооцож, бодит мэдээллээр иргэдийг хангах,
  • Иргэдийг нийслэл хотоос орон нутагт шилжтн суурьшихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Агаарын бохиролыг бууруулахад зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийг дэмжих,
  • Автомашины янданд агаар шүүгч хэрэглэх,
  • Агаарын бохирдол өртөмтгий хүн амд чиглэсэн үйл ажиллагаа явуулах,
  • Зам дээр зогсож ажиллаж буй цагдаа нарын хөдөлгөөн зохицуулалтын цагийг багасгах, эсвэл богино хугацаагаар зохицуулалт хийхээр ажлыг зохион байгуулах,
  • Шийдвэр гаргагч бодлого боловсруулагч нар автотээврээс үүдэлтэй бохирдлын өртөлтийг багасгах болон хянах бодлогын менежмент, эрсдэлийн удирдлагын стратегийг боловсруулан хэрэгжүүлэх,

Онцлох нийтлэлүүд