ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2018.09.04 02:09

“Улаанбаатар-2018" Олон улсын дүрслэх урлагийн наадам маргааш эхэлнэ

Энэ сарын 5-наас 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын урчуудын эвлэлээс “Улаанбаатар-2018" Олон улсын дүрслэх урлагийн наадмыг зохион байгуулах юм.

Тус наадам нь дүрслэх урлагаар дамжуулан олон нийт болон залуу үеийнхний урлаг соёлын боловсролыг нэмэгдүүлж, Монгол Улсын Дүрслэх урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготой ажээ. Энэ хүрээнд олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүдээс дэлгэн үзүүлэх юм байна.

“Улаанбаатар 2018” олон улсын наадамд Монгол, Орос, Хятад гурван улсын кураторууд ажиллах ажээ. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй галерейнуудад (Үүнд: МУЭ-ийн арт галерей, UB арт галерей, Цагаан уул арт галерей, Q арт галерей, 976 арт галерей, MN 17 арт галерей, Best арт галерей, Өв арт галерей, Хаан галерей, Норпей арт галерей) Монголын шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд гол павилион нь Морьтны хөшөөнд байх юм байна.

Энэхүү олон улсын наадамд БНХАУ (И Сан, Ли Хонгбо, Жианг Феймо), Швед (Жоанэс Ниэлсон), Эстониа (Сим-Танел Аннус), Мьянмар (Мин Тэйн Сунг), Австрали (Тан Лаурэнс), БНСУ (Ли Квон Соеп), ОХУ-аас (Жигжит Баясгаланов, Юрий Мандаганов, Татьяна Бороноева) зэрэг олон улсын шилдэг уран бүтээлчид оролцох ажээ.

БНХАУ-ын алдарт барималч И Сан өөрийн бүтээл болох “Хил хязгааргүй соёл иргэншил” бүтээлээ уг олон улсын наадамд зориулан Монгол Улсын Засгийн газарт хандивлах юм байна.

Энэ сарын 6-ны өдөр “Улаанбаатар-2018” Олон улсын дүрслэх урлагийн наадмын Арт-форум зохион байгуулах ба форумд Монголын урлаг судлаач, эрдэмтэн профессорууд болон олон улсын кураторууд хүрэлцэн ирж, Монголын Дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, түүний олон улс дахь байр суурийн талаар хэлэлцүүлэг, уран бүтээлчдийн яриа, лекц зохион байгуулах ажээ.

Онцлох нийтлэлүүд