ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.08.30 12:08

Улаан лоолиор байлдах баярыг тэмдэглэв


Лхагва гарагт Испанийн зүүн нутгийн Бунол хотод жил бүрийн зун зохион байгуулдаг “Ла Томатина” хэмээх улаан лоолиор байлдах баярт олон мянган хүн оролцсон байна. Энэ үеэр 145 тонн улаан лооль ашиглажээ.

Бунол хотын хэдэн залуу дэлгүүрээс улаан лооль худалдаж аваад, бие бие рүүгээ шидэж тоглосноор энэхүү баяр анх үүссэн байна.

Энэ жилийн баярт гадаадын 22 мянга гаруй хүн оролцохоор ирсэн бөгөөд цөөн хүн амтай тус хот нь 9000 гаруй оршин суугчтай юм байна.

Баярын үеэр болц нь хэтэрсэн 145 тонн улаан лоолийг ачааны тэргүүдээр авчирсан бөгөөд баярт оролцогчид тун удалгүй улаан өнгөөр будагдах аж. Зарим хүн няцарсан улаан лооль болон их хэмжээний шүүсэн дээр хэвтэж үзэж байжээ.

Филиппин улсын нэгэн иргэн зөвхөн энэхүү баярт оролцохын тулд Испани улсыг зорин ирсэн аж. “Ийм баярт өмнө нь оролцож байгаагүй болохоор маш сайхан байна” гэж тэрбээр хэлжээ.

Энэ наадмыг зохион байгуулагчид террорист халдлагаас сэрэмжлэх үүднээс аюулгүй байдлыг өндөр түвшинг хангаж ажилласан байна.

Онцлох нийтлэлүүд