Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Булангууд
2015.06.14 12:06

Улаан-Үдээс “гахай” чирэх хэцүү

ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш Алтанбулагийн гаалийн ачаалал нэмэгдэж, 24 цагаар ажилладаг болсон. Манайхны ихэнх нь газар орон үзэж, Итгэлт хамбад мөргөхийн сацуу Улаан-Үдээр аялж, Байгаль нуурын хөвөөнөө очих зорилготой. Гадаад паспортынхоо дуусах хугацааг шалгаагүйгээс буцах тохиолдол хааяа нэг гардгийг эс тооцвол иргэдийн хувьд хилээр гарахдаа ноцтой зөрчил ер нь гаргадаггүй юм байна. Деклараци энэ тэрээ бөглөхдөө л жаахан будилна. Гэхдээ нэр ус, овгоо хаана бичих, паспортын дугаараа хаана нь бөглөх зэргийг бэлэн заагаад өгчихсөн хувилбар байдаг юм байна. Тэрийг нь хараад л дуурайгаад биччихнэ. Алтанбулагийн боомт айхавтар ачаалалтай, хонон өнжин дугаарлаж, зарим тохиолдолд машин гаргахгүй байгаа гэх зэрэг мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тардаг. Энэ мэтээр эндхийн үйл ажиллагааг буруу талаас нь таниулсан ташаа мэдээ сэлт явж байгааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын дарга Р.Одмөнх үгүйсгэсэн юм.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон хэвлэл мэдээллийн 20 орчим байгууллагын төлөөлөгчдийн баг Монголын хилээр гараад 19 цагийн үед ОХУ-ын хил дээр очоод автобусандаа нэлээд сууцгаалаа. Монголын талаас явж байгаа суудлын арав гаруй тэрэг ч хүлээж байна. Оросын талаас энэ зэргийн хүлээлт бий болгодог нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Гэхдээ зориод ирсэн болохоор хил дээрээс буцна гэж байхгүй учир хаалгаа нээтэл нь хүлээцгээхээс өөр аргагүй.

Хиагтын дэргэдүүр өнгөрч “Роснефть”-ийн шатахуун түгээх станцаас түлш авснаар бидний худалдан авалт эхэлнэ.

Улаан-Үдийг зорин очиж байгаа жуулчдын 30 гаруй хувь нь Итгэлт хамбыг зорьдог аж. Хашаагаар нь оруут л шашны эд өлгийн зүйлс, бэлэг дурсгал, бурхан сахиус, арц хүч, дарцаг сэлт нүд хужирлана. Худалдаачид нь эрчүүлийг хараад “Энэ очир бол эр хүнд байвал их сайн” гэж ирээд сурталчлах. Эсхүл залуу охидод модоор урласан жижигхэн хос нугасаа их “шахна”. Энэ хос нугасыг дэрлээд унтвал үтэр түргэн заяаны ханьтайгаа учирч, нөхөрт гардаг гэнэ. Эсхүл шаазан хонх үзүүлээд “Гэрт муу муухай юмыг тогтоодоггүй, хөөж гаргадаг” гэх мэтээр бараа бүхэн нь жанцантай. Худалдаачдынх нь дэргэдүүр өнгөрөөд гол дацанд хүрэв. Итгэлт хамба заларч буй гол дацан руу ороход нэг хүнээс 250 рубль авна. Хоёр лам угтаж, хэрхэн яаж залбирах, сунаж мөргөхийг зааварлана. Дотор гэрэл зураг авахыг хатуу хориглох аж. Итгэлт хамбын дэргэд байж, ирсэн сүсэгтнүүдэд тусалдаг энэ хоёр лам уриалгахан зантай. Сүсэгтнүүдийн авчирсан хадгийг очир зангилаагаар зангидаад буцаагаад өөрт нь өгнө. Очир зангилаа нь муу бүхнийг зайлуулж, эргэн тойрондоо сайн эрчим түгээдэг гэнэ. Хүмүүс хүслээ бичсэн захидлаа дацангийн тахилын өмнө үлдээдэг юм байна. Ингээд гол дацангаас гараад зүүнтээх дацанд орно. Эндээс хамбын рашаан, арц хүж зэргийг авч, уншуулах номоо бичүүлнэ. Ном бичиж байгаа ламын эргэн тойронд бэлэг дурсгал, шашны холбогдолтой зүсэн зүйлийн эд бараа өрөөстэй. Хүнтэй ч мэндлэх завгүй номоо бичиж, хандив авахын хажуугаар наймаа хийнэ. Ном, CD, хэвийн боовноос эхлүүлээд матрёшка тоглоом, аяга, таваг ч байна. 20, 40, 50, 150 рублийн үнэтэй элдэв зүйлсийг манайхан авч мэднэ. 20, 40 гэж байгаа нь бидэнд бага тоо боловч цаагуураа мөнгө гүйж өгнө. Жуулчдад зориулсан болохоор энэ хавийн зүйлс үнэтэй. Энд 250 рублиэр зарж байсан хонх Улаан-Үдийн томоохон супермаркетад 181 рублийн үнэтэй байх жишээтэй. Итгэлт хамбад мөргөж байгаа хүмүүсийн дотор буриадууд өөрсдөө олон байх. Бас гадны жуулчид ч харагдана.

Улаан-Үд “Титан”, “Абсолют” гэсэн хэд хэдэн сүлжээ, үйлчилгээний төвүүдтэй. Супермаркетийн зарчмаар ажиллах бөгөөд хажууд нь дагалдах үйлчилгээний цэгүүдтэй. Үнэ нь ерөнхийдөө хямд байдаг болохоор худалдан авагч олонтой. Монголчуудын хувьд молоко, душонка, утсан гахайн мах, матрёшка, чихэр, паалантай савнууд, сархад, ирис, зөгийн бал зэргийг голдуу цуглуулах аж. Дээхнэ үед идэж, хэрэглэж байсан зүйлс нь яг тэр хэвээрээ дэлгүүрийн лангуун дээр байгаа нь нүдэнд содон. Душонка буюу үхрийн жигнэсэн мах 24.9 рубль болж хямдарсан байлаа. Зах худалдааны төвүүдэд явж байгаа монголчуудын хувьд бэлэг дурсгалын зориулалтаар цөөхөн тооны юм цуглуулж байгаагаас бус их хэмжээгээр бараа сэлт авч байгаа нь цөөн. Эрээнээс “гахай”-гаар бараа чирч ирдгээс арай өөр худалдан авалтыг монголчууд энд хийдэг юм байна. Оросоос гарахад хил дээр зарим зорчигчийн цүнх, чемоданыг задалж, юу авч явааг нь нэг бүрчлэн шалгаж, онгичиж байгааг харсан хүмүүс “Улаан-Үдээс бараа авч явмааргүй юм байна. Авлаа ч ганц хоёр л юмтай буцвал болох санж” гэцгээж “Гахай чирнэ гэж саналтгүй бололтой” хэмээн толгой сэгсэрнэ. Хувийнхаа машин тэрэгтэй яваа монголчууд бараагаа хайрцаглаад ам амсрыг нь битүүмжлэхгүй нээлттэй явдаг юм байна. Эсвэл машиныхаа багажинд сул хийчихдэг аж.

ОХУ руу визгүй зорчдог болонгуут монголчууд хойшоо их явжээ. Цагаан сарын үеэр оргилдоо хүрсэн юм байна. Монголчууд юм шинэ дээрээ сайхан гэдэг. Түүн шиг Орос улс, Улаан-Үд, Итгэлт хамбыг зорих иргэдийн тоо ерөнхийдөө буурах хандлагатай байгаа бөгөөд ирэх намраас хойш чиглэсэн жуулчлал татрах аж.

Онцлох нийтлэлүүд