ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.05.31 09:05

Уламжлалт зуухыг орлох эко цахилгаан халаагуурууд 800 мянгаас 2.5 сая төгрөгийн үнэтэй байна

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлээд өчигдөр хаалтаа хийлээ. Энэ үеэр байгальд ээлтэй халаагуур, Монголд үйлдвэрлэсэн барилгын дулаалгын материал зэргийг ихэвчлэн худалдаалж байна. Иргэд хамгийн их сонирхож байсан нь монгол гэрт зуухны оронд хэрэглэх боломжтой, паартай дулаалгын халаагуур байлаа. Тодруулбал, “Мөнхийн амар дулаан” ХХК-ийн бүтээсэн тус халаагуур нь тулга шиг дугуй хэлбэртэй, ус хийгээд, цахилгаанаар халдаг мөртлөө паарыг давхар залгаж өгсөн. Дээрээ индукцин плиткатай юм байна. Энэ халаагуур 100-180 кв-ыг халаах хүчин чадалтай аж. Нэг айл уламжлалт нүүрс түлдэг зуухаа ашиглахаа больсноор өвөлдөө үүнийг хэрэглээд гэрээ 24 цаг дулаан байлгаж, бүх хоол хүнсээ плиткан дээр хийлээ гэхэд сардаа 40-70 мянган төгрөгийн л цахилгааны зардал гаргадаг гэж байна. Уламжлалт зуухаа ашиглахад дунджаар сард 100 мянган төгрөгийн нүүрс авах шаардлагатай болдог аж. Дугуй монгол гэрийн тулга шиг болон дөрвөлжин хоёр янзын хэлбэртэй хийгдэж байгаа юм байна. Халаагуурын дэргэд байрлуулж өгсөн паар нь усаар халдаг, орон сууцны паартай төстэй учраас эрүүл мэндэд хоргүй гэнэ. 800 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн үнэтэй. Нэг жилийн хугацаатай зээлээр авах боломжтой аж. Мөн үүнээс гадна нам даралтын зуух, аяллын газан плитка зэргийг уламжлалт болон орчин үеийн хэв маягийг хослуулан үйлдвэрлэжээ. Мөн монгол тулган хэлбэртэй, ширмэн тавцантай халуун тогооны суурь хийсэн байв.

Энэ талаар “Мөнхийн амар дулаан” ХХК-ийн захирал Г.Мөнхбатаас зарим зүйлийг тодруулахад “Манайх бүтээгдэхүүндээ хоёр жилийн баталгаа өгдөг. Манайхаас халаагуур авсан айлууд өнөөдрийг хүртэл ганц нэг удаа гар ажиллагааны тень солих зэрэг асуудлаар л бидэнтэй холбогдсон. Ер нь их амар юм байна. Нүүрс түлж утаа гаргахгүй, цэвэрхэн байна гэж байгаа. Энэхүү халаагууруудын сэлбэг нь хүртэл хямдхан худалдаалагддаг учраас эвдэрсэн тохиолдолд гэрийн нөхцөлд өөрсдөө ч сольчих боломжтой. 2008 оноос хойш 800 гаруй айл, 70-аад байгууллагад цахилгаан халаагуур, нам даралтын зуух зэргийг суурилуулж өгсөн байна. Мөн цэцэрлэг сургууль, нийтийн байр, Онцгой байдлын газар гэх зэрэг янз бүрийн байгууллагад төхөөрөмж суурилуулсан. Саяхнаас эхлэн 12 сарын хугацаатай лизингийн үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож байна” гэв.

Мөн дээрх бүтээгдэхүүнтэй төстэй, монгол гэр жижиг байшинд тохиромжтой халаагуур нь “ЭКО тулгат” зуух байв. Дуковтой плиткатай төстэй, дөрвөлжин хэлбэртэй, дээрээ хоёр ширэмтэй халаалтын төхөөрөмж. Үүнийг ашиглахын тулд шөнөдөө цахилгаанаар халааж хоноод, дулаанаа хуримтлуулж, хуримтлуулсан дулаанаараа 24 цагийн турш гэр халаах боломжтой. Мөн монгол гэрийн зуухтай адил тал, тал тийш дулаанаа тараана. Үнийг евро стандартаар Монголд үйлдвэрлэсэн. “Монватт” компани нь энэхүү бүтээгдэхүүндээ хоёр жилийн баталгаат хугацаа болон 30-35 жилийн ашиглалтын хугацааг амладаг байна. 3-6 ханатай гэр буюу 35-45 м2-ийг бүрэн халаах чадалтай. Шөнийн цахилгаан хямдралтай үед шөнөдөө залгаж хонох ба дүүрэн цэнэглээд дахин 24 цаг огт тогонд залгахгүйгээр ашиглаж болно. Өвөлдөө сард дунджаар 52 мянган төгрөгийн цахилгаан зарцуулдаг аж. Энэ төхөөрөмж нь хоёр сая 580 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжтой гэж байв.

Зөвхөн монгол гэр гэлтгүй зуслангийн болон гэр хорооллын амины сууцны хувьд дулааныг хялбараар шийдэх технологиуд олноор нэвтэрч байгаа ажээ. Тухайлбал, дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийн графен ашигласан шалны халаалт байв. Графен гэдэг нь нүүрстөрөгчийн атомоос тогтсон маш нимгэн утсан материал. Үүнийг ашиглан Монголд шалны халаагуур бүтээжээ. Энгийн шалны халаагууртай харьцуулахад цахилгааны зардлыг 50 хувь хэмнэх бөгөөд 50 жил хүртэл ашиглах боломжтой гэнэ. Энэ халаагуур нь удирдлагатай, удирдлагаар асааж, унтрааж болно, мөн wi-fi холболттой учраас давхар утсаараа халаалтын төхөөрөмжөө удирдаж болох юм байна. Ер нь графен хэмээх энэхүү утсыг ашиглан халдаг паркетан шал, халдаг хивс, халдаг ханын гоёл зэрэг бүтээгдэхүүнийг “Graphene owners” компани монголд үйлдвэрлэж байгаа аж. “Самсунг” хүртэл энгийн цэнэглэгчээс тав дахин хурдан цэнэглэдэг хамгийн сүүлийн үеийн цэнэглэгчийг графен хэмээх уг утсаар гаргах гэж байгаа гэж байв.

Энэ мэт дулаалгын эко төхөөрөмжүүдийг монголчууд үйлдвэрлэж байгаа юм байна. Мөн вакум уурын бойлуур байна. Үүнийг гэр хороолол, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй албан газар сургууль цэцэрлэгт суурилуулж, вакум бойлуураар халааж, гэр хорооллын утааны асуудлыг шийдэх боломжтой ажээ. Мөн үүнээс гадна Хятадаас оруулж ирж буй ялтсан халаагуур байна. Халаагуураа тогонд залгаж ажиллуулчихаад, дээр нь нойтон даавуу тохчихвол орчныг чийгшүүлээд өрөөний агаарыг илүү таатай болгодог гэнэ. Үнийн хувьд 130-150 мянган төгрөг юм байна. Мөн ухаалаг тоолуур нэлээд гарчээ. Дулааны хэрэглээ, зарцуулалтыг нарийвчлалтай тооцоолдог европ технологийн тоолуурууд. Мөн халаалт, хөргөлт агааржуулалтын системийн энергийг тооцоолдог бөгөөд 960 цагаас 15 жилийн турш ч мэдээллийг хадгалдаг байна.

Үзэсгэлэнгийн үеэр “Монгол базальт”-ын дулаалгын материалууд, МАК-ын үйлдвэрлэсэн сайн чанарын дуу тусгаарлагчтай, галд, газар хөдлөлтөд тэсвэртэй блок гарсан байв. Мөн хонины ноосоор дулаалгын төхөөрөмжийг “ECO WOOL” компани хийжээ. Энэхүү хонины ноосон барилгын дулаалгын материал нь галд тэсвэртэй, химийн найрлагагүй, хортон шавьжаас хамгаалах боломжтой, дулаан хадгалах өндөр чадвартай зэрэг давуу талтай гэнэ.

Энэ үеэр үзэсгэлэн сонирхож байсан иргэн Г.Мөнхөөс зарим зүйлийг тодруулахад “Үзэсгэлэнд харьцангуй цөөхөн бүтээгдэхүүн тавигдсан байна. Монгол гэрт байрлуулах боломжтой төхөөрөмжүүд амьдралд ойр санагдлаа. Нэг авчихсан байхад сардаа цахилгаанд 40-100 мянган төгрөг зарцуулаад нүүрс түлдэг асуудлаасаа салж болох нь байна. Ямар ч байсан ирэх өвлөөс өмнө нэг халаагууртай больё гэж бодож байгаа. Гэр хороололд тавих боломжтой халаагуурыг хөнгөлөлттэй олгодог, зээлээр өгдөг асуудлыг төрөөс дэмжиж өгмөөр байгаа юм. Гэрт амьдарч байгаа айлууд барагтай бол нэг, хоёр сая төгрөг гаргаад халаалтын төхөөрөмж авчихаж чадахгүй учраас нүүрс, хамер түлсээр байна шүү дээ. Зуух тарааж байхаар, ийм төхөөрөмж үнэгүй тарааж болдоггүй л юм байх даа” гэлээ.

Л.Анударь

Онцлох нийтлэлүүд