ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.09.20 01:09

Уламжлалт “Номын баяр” болж байна

Соёл, спорт аялал жуулчлалын яам, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй “Номын баяр” өнөөдөр Чингисийн талбай дээр болж байна.

Уламжлал ёсоороо 16 дахь баярын хүндэт зочид нь ахмад зохиолчид байх бөгөөд хүндэтгэлийн улаан хивсний ёслол юм. Мөн харааны бэрхшээлтэй иргэдийн номын сангийн эрх зүйн орчин, номын сангийн шинэлэг үйлчилгээ, номын зах зээл сэдвээр илтгэл тавигдана.

“Номын баяр” өдрөөр тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах, үнэт ховор номын үзэсгэлэн, хамгийн их уншлагад гарсан, уншлагад гараагүй номын үзэсгэлэн, Ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, хамгийн их уншигддаг уран зохиолын номын рейтингийг тогтоох юм. Мөн номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт зэрэг ном тойрсон олон олон үйл явдал болж байна.

Ахмад зохиолчид өөрсдийн ном бүтээлээ сурталчлан оролцож, гарын үсэгтэй худалдаалах юм. Мөн ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50% хямдруулан худалдаална. Зохион байгуулагчдын зүгээс төрийн болон бизнесийн байгууллагуудад хандан номын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, ном худалдан авч, тархи оюунаа цэнэглэн оюундаа хөрөнгө оруулахыг уриалж байгааг дуулгалаа.

“Номын баяр” өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны 11.00-19.00 цагийн хооронд болно.

Онцлох нийтлэлүүд