ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.02.15 01:02

Улсын аварга малчин Тогтохын Чотон: “Чотон чонын дайсан, чоно малын дайсан” гэсэн хэлц үг ч гарсан. Тэр чинь би юм.

Монгол Улсын аварга малчин Тогтохын Чотонтой ярилцлаа. Тэрээр хувь амьдралаа өөрийн хүчээр босгон улсын аваргын болзол хангасан ч алдар хүндэд бялуураагүй нэгэн юм. Сум орон нутгийнхаа эмнэлэгт хүүхдийн тасаг иж бүрнээр нь тохижуулан хүлээлгэн өгч, жил бүр хүүхэд хөгшдөд гарын бэлгээ гардуулж, өөрийнхөө нэрэмжит шагналыг малчдын дунд бий болгосон гээд Чотон гуайгаар овоглосон буян дагуулсан үйлс тасрахгүй. Г.Аким зохиолчийн “Тэнгэрийн нохой” номын баатар улсын сайн анчин түүний таван хүүхдийн нэг нь төрийн их баяр наадмын хүчтэн өндөр Баянмөнх начин билээ. Сэлэнгэ нутгийн төрийн түшээдээс аваад олон хүн эл эрхмээс үг сургаалыг нь сонсдог юм. “Эгэл жирийн өвгөд гэдэг эрдэнэ хадгалсан уулс юм” хэмээн нэрт зохиолчийн хэлсэнчлэн эгэл даруухан хэрнээ номын гэгээ цацруулж, ариуслын цагаан мөрийг тунаруулсан аварга малчныг “Өдрийн сонин”-ы хаврын тэргүүн сарын шинийн нэгний дугаартаа урин хөөрөлдсөн маань ийм учиртай.


-Таны уугуул нутаг, удам судраас яриагаа эхлэх үү?
-Миний бие 1954 онд Увс аймгийн Хяргас сумын Хайрхан буюу одоогийн Хөшөөт багийн нутагт төрсөн. Манай нутаг Цагаан өвгөн, Цогт, Цэцэн, Бор хайрхан гээд дүнсгэр сайхан уулстай. Бор хайрхны бэлд би төрсөн. Баянаа аварга болоод бидний шүтээн уул юм. Бага нас минь тэр үеийн хүүхдүүдийн адил эцэг эхийн гар дээр өсөөд жаран хоёр онд Хяргас сумын сургуульд орсон. Дараа нь төмөр замын техникумын автын ангийг төгч нэг жилийн хугацаанд хөдөө ээжийгээ сахиж байгаад цэргийн албанд татагдсан. Би чинь тагнуулын шүхрийн анги гэж тусгай үүрэгтэй ангийг төгссөн шүхэрчин хүн, шүхрийн хоёрдугаар зэрэгтэй. Сонирхуулж хэлэхэд тэр үед Хятад улс манай нэг номерийн дайсан байлаа. Хятад руу үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн цэргийн тагнуулын нэг би юм. Одоо бол хөрш орны ах дүүгийн барилдлагатай байгаа. Миний ан хийдэг, мэргэн бууддаг зэрэг нь цэргийн тусгай мэргэжилтэй холбоотой. 1991 онд хошууч цолтой энгийн амьдралд шилжиж байлаа. Цэргийн хүн нүүдлийн шувуу хоёр нутаггүй гэдэг. Миний хувьд олон нүүсэн хүн. Хамгийн сүүлд ирж суурьшиж нутагшсан газар маань Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон юм. Уул хангай хосолсон, жимс ногоо сугсарсан жаргалын өлгий. Монголын хамгийн сүүлчийн ноён гэгддэг Баатар ван Насан-Очирын Наваан-Юндэнгийн унаган нутаг шүү дээ. Манай Сэлэнгэ аймгаас сонгогдсон Их хурлын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь надтай элэг нэг явдгийн нэгэн сэжим энэ юм. Мандал сумын нутагт таван жил улсын байцаагчийн хариуцлагатай албыг хийсэн. Улсын байцаагч тэр үед 12 мянган төгрөгийн цалинтай байлаа. Хэл ам ихтэй, хэцүү алба. Ийм л ажлыг орхиод би гэдэг хүн чаддаг юм маань энэ гээд мал малласан даа.
-Хорин төлгийг хоёр мянган мал болгож улсын аварга болсон гэж таныг ус нутгийн олон тань хүндэтгэдэг юм билээ?
-Тэгж хэлдэг л дээ. Худлаа ч үг биш л дээ гэж би дотроо боддог л юм. Заамарын улсын аварга малчин Жамсран гэж хүнээс анх 23 төлөг нэг хуц, таван ишигтэй ямаа худалдаж авч байлаа. 12 жил нойр хоолгүй өсгөөд бараг 2000 дөхүүлсэн. 2007 онд Монгол Улсын аварга малчны алдрыг хүртсэн. Малыг өсгөе гэж бодохоор өсдөг юм шүү. Хүн алсыг харсан төлөвлөгөөтэй баймаар юм билээ. Чингис хааны “Алс хэтийн зорилгогүй болбаас ойрын зовлон эхэлдэг” гэж мэргэн үг бий. Миний хувьд алс хэтийн зорилготой байсан. Цалингаасаа тодорхой хувийг кассанд хийдэг байсан. Тэр үед банк гэж байсангүй. Ингээд цалингаас 16 мянган төгрөг цугласан байв. Тэр мөнгөө касснаас аваад, богцонд хийж ганзагалаад мал авахаар явж байлаа. 14 мянгад тэр малыг аваад хоёр мянган төгрөг цаана нь үлдэж байсан. Тэр 12 жилд малаа өсгөхдөө би таван сараас арван сарын хооронд гэртээ амар тайван унтаж үзээгүй. Дандаа гадаа хонож байсан. Манай нутагладаг газар бол Сэлэнгийн тайгын үргэлжлэл юм. Би морь жилтэй моринд дуртай хүн. Хурдны морь мөн ч их уяж байсан. Улсын наадамд ганцхан удаа уралдсан. Эрдэнэчулууны том шарга азарга соёолон байхдаа хадуураад түрүүлж байсан жил. Хоёр мянган он байх. Тэр жил шарга соёолон маань наймд, их морь 50-д давхисан. Их нас 500-гаад мордоход тавьд ирж байсан юм. Наймд давхисан соёолонгийн болоод их насны үнэмлэх надад бий. Улсад түүнээс хойш ирж уралдаагүй. Сум орон нутгийн наадмын түрүүг хэлж яаж барахав. Шандаст хүлгүүдийн алтан туурайгаараа хүртсэн 52 медаль манайд бий. Баруун хараа, Зүүн хараа, Батсүмбэр, Борнуур гээд улсын наадамд түрүү, айраг авдаг хурдтай газрууд манай эргэн тойронд байдаг. Манайх гэдэг айл адуутай болсон түүх бас сонин. Анд явдаг ганцхан хээр морьтой байлаа. Гурван шүдлэн байдас нэг шүдлэн саарал үрээ худалдаж авлаа. Түүнийгээ өсгөөд одоо 200 адуу тоолуулаад байна. Улсад хоёр удаа түрүүлсэн, Батсүмбэрийн цоохор Зэвгээгийн бор гэж адууны угшил бий. Улсад гурав айрагдсан Алтангэрэлийн адууны удам мөн л бий.
-Аким зохиолчийн “Тэнгэрийн нохой” номын гол дүр болсноо тодруулахгүй. Бас л сонин санагдаад байх юм?
-Тэр их асуудалтай. Би чинь Монгол Улсын тэргүүний анчин гэдэг алдартай. “Чотон чонын дайсан, чоно малын дайсан” гэсэн хэлц үг ч гарсан. Тэр чинь би юм. Миний аавын удам ядуу амьдралтай, цөөхөн малтай, анчин хүмүүс байж л дээ. Тэр тухай соёлын гавьяат Дамбын Цэмбэл зохиолчийн “Гурван хөх чулуу” номонд бий. Аавын минь нэр ус ч бий. Хорхолдой гэж сум тоолдог анчин байж. Акимын “Тэнгэрийн нохой”-д орсон нь ийм учиртай. Би чонын анчин Рааш гэдэг шиг нэртэй байлаа. Би ульж чоно агнадаг хүн юм. Удмаасаа тийм. Чоно шиг мөртлөө ямар цаг үед бусдыгаа дуудаж байна вэ гэдгээр ялгаатай улина. Манай удам тийм. Сунаж эхлэж дуудаад дундаа цохилт өгөөд гуншиж төгсөх үү, гуншиж эхлээд чангарч төгсөх үү. Тэр бүхэн чонын дохио хэл байдаг. Өглөө уулын оройд, орой уулын хормойд улих ёстой. Миний талаар Ёолк телевизийн нэвтрүүлэг хийнэ гэж хүртэл хэлж л байсан. Эл бүгдээс Аким “Ил товчоо” сонинд байхдаа сонссон юм билээ. Баасандорж гэж талийгаач хүүгээ дагуулаад манайд ирж байлаа. Чононы тухай ном бичихээр өөрийг чинь зорьж ирлээ гэдгээ хэлж байсан.
-Та шүхрийн спортын хоёрдугаар зэрэгтэй гэж хэлж байсан. Таны зургийн цомогт олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаатай авахуулсан зураг байна. Гүндэгмаагийн аав шүхрийн мастер байсан гэдгийг мэдэх юм. Та хоёр найзууд уу?
-Найзуудаар барах уу. Жинхэнэ сэтгэл зүрхний хүмүүс байлаа. Дагвын Отряд маань нууц юмаа надтай л ярьдаг байлаа. Хамт ажиллаж байхад Гүндэгмаа дөнгөж төрөөд хоёрхон настай байлаа. Хурганы үүргэвч шиг үүргэвчинд Отряд багш нялх охиноо хийж үүрээд цэргийн байранд орхидог байлаа. Айлын ганц охин юм. Ингээд олон жил боллоо. 1999 оны өвөл жийп машин манайд ирдэг юм байна. Тэгтэл Отряд багш бууж ирлээ. "Чамайг зорьж ирлээ, агаарын бөмбөлөг гэдгийг би Японоос оруулж ирсэн. Япон багш түншүүд маань ирчихээд байна. Энэ хэдийгээ салхинд гаргаж явна. Чамаар чоно улиулж дуудан, агнуулмаар байна" гэдэг юм. Хоол идээд миний орон дээр унтлаа. Ингээд маргааш япончуудаа авчрахаар явлаа. Маргааш нь хартал булган малгайгаа миний орон дээр мартаад явсан байв. Явахдаа надад “Өвгөн чинь гавьяатад тодорхойлогдсон. Удахгүй цэргийн баяраар гавьяат болох байх” гэдгээ хэлсэн. Маргааш нь цас ороод ирж чадаагүй. Гавьяат авна гэж хэлж байсан цэргийн баярынхаа үеэр шүхрээр бууж байхдаа осолдож нас барсан. Ингээд аавынхаа малгайг 17 жилийн дараа Гүндэгмаа ирж авсан. Би 17 жил хадгалж байсан. Гүндэгмаа өөрийнхөө тухай баримтат кино хийж байгаа юм билээ. Аавынхаа малгайг аваад уйлж байсан. “Миний аав хүний мөстэй сайхан найзтай байжээ” гээд. Гүндэгмаад “Би бол шүтлэгтэй хүн. Чи олимпод аварга болсон хүн. Буу чинь л гацсан болохоос. Хэрвээ чи аавынхаа малгайг надаас аваад шүтэж залбирч байсан бол олимпийн аварга болох байсан ч магад” гэж хэлсэн. Аавыгаа одоо амьд байгаа гэж бодож залбирч яваарай гэж хэлсэн. Тэгтэл Гүндэгмаа өнгөрсөн намар дэлхийн цомын аварга болдог юм байна. Миний санамсаргүй хэлсэн үг биелэлээ оллоо гэж бодож байна.

-Танай хүү Баянмөнх өөрийн хүчээр улсын цолны босго алхсан. Мөн ч аатай начин болсон. Ингэхэд та хүүдээ ус нутгийн домогт их аварга Хорлоогийн Баянмөнх аваргын нэрийг өгсөн үү?
-Өгөхөөр барах уу. Энэ их сонин түүхтэй. Манайх хоёр охинтой боллоо. Миний хувьд хүү төрчихөөсэй гэж бодоод байдаг. Өөрөө бэртлийн улмаас барилдаж чадаагүй учир хүү төрвөл бөх болгоно гэсэн бодол байгаад байдаг. Мөн дээрээс нь нэг голын хүчтэн, домогт их бөх Баянаа аварга бодогдоод байдаг. Эхнэртээ наргиан тоглоомоор “Чамаас хүү гарах нь уу, үгүй юу” ч гэж хэлж л байсан. Тэгтэл наян дөрвөн онд 4 хил 600 килограмм хүү төрлөө. Миний баярласан гэдэг тоймгүй. Хоёр нүдийг нулимс бүрхээд авдаг юм байна. Ханьдаа шөл хийж авчирч өгчихөөд сувилагчаар дамжуулж оруулахдаа зурвас хамт илгээлээ. Тэрхүү зурвас дээр “Хүүдээ Баянмөнх гэж нэр өгнө шүү” гэж бичиж өгөөд оруулж билээ. Би багаасаа барилддаг байсан. Далан таван онд Увс нутагтаа аймгийн начин цол хүртсэн удаатай. Хөлийн бэртлээс болоод барилдаагүй. Хүүгээ улсын наадамд таван жил зодоглоход нь ирж үзээгүй юм. Харин 2010 онд начин болох жил нь ирж үзсэн. Тэр жил миний хүү заалны барилдаанд гойд сайн байсан. “Нутгаа дуурсгана” гэсэн барилдаанд улсын цолгүй байхдаа гайхагдаж байсан. Сумъяабазар, Өсөхбаяр аваргуудыг бүгдийг нь хаяж магнайлж байлаа. “Аваргуудыг будаа болгов” гээд сонин дээр хүртэл бичигдэж байсан. Тэр жил наадмын бэлтгэлээ Зүүнхараад хийсэн юм. Бэлтгэлээс буухынх нь өмнө ээжтэй нь хамт хоёр хонь аваад яваад очлоо. Өсөх-Ирээдүй гээд бөхчүүд ирээд хэлж байна. “Чотон ахаа, энэ жил Баянмөнх маань начин болчих байх аа. Тун сайн байгаа шүү дээ” гэв. Хүүгээ харлаа, бие хаа гойд сайхан харагддаг юм. Өмнө нь бол би хүүгээ дандаа голдог байсан. Харин тэр жил аавынхаа цээжийг хүү минь дүүргэсэн. Наадмын өмнөхөн Зүүнхараагийн наадамд Сүхбат, Балжаа аваргуудыг хаяж байсан Пэрэнлэйдорж начинтай үлдээд түрүүллээ. Тогооч нар нь уйлаад начин болоод ирээрэй гээд үлдэж байлаа. Тэр нь надад маш сайхан санагдсан. Начин болох жил нь хүүгээ уядаг морь шиг дэргэдээ унтуулаад, ээжийг нь хажуугаар нь унтуулсан. Өөрөө байн байн гэрээс гарч тэнгэр бурхандаа залбирч, мэддэг мааниа уншаад л.
-Тавын даваанд Пүрэвжав харцагыг давсан санагдана?
-Өмнө нь начны даваанд хоёр удаа өвдөг шороодож байсан. Тавын даваанд гурав дахиа үлдэж байгаа нь тэр. Аварга, арслан, заанууд цолныхоо эрэмбээр ам авлаа. Аймгийн арслангаас ганцаараа үлддэг юм байна. Тэгтэл Пүрэвжав харцага амлалаа гэж дуулдав. Тэр өвөл Баянмөнх заалны барилдаанд Пүрэвжавт хоёр удаа унаж байсан. Битгий амлаасай гэж бодож байсан бөх нь амлах хэцүү юм билээ. Тавын давааны өмнө хүүдээ халуун цай хоол өгчихөөд, амьтнаас жаахан зайдуу гаргаж байгаад “За миний хүү бор зүрхээрээ л барилдах болж байна. Барьцанд хүрсэн бол хамаг байдгаа зориглоод хийгээрэй. Чамайг уналаа гэж хэн ч загнаж зэмлэхгүй” гэж хэлээд далыг нь алгадаад оруулсан. Ээж нь, эгч дүү нь гээд зэрэгцэж суугаад барилдааныг үзлээ. Би гэдэг хүн хүүгийнхээ барилдааныг ерөөсөө харж чаддаггүй. Есөн хөлт цагаан тугандаа залбираад байдаг. Нэг шуугиад явчихлаа. Яав гэтэл “Баяа унах дөхлөө” гэж байна. Удаа ч үгүй дахиад шуугиад хажууд сууж байсан эгч дүү нар нь орилолдоод, цэнгэлдэх тэр чигээрээ дайвалзаад явчих болдог юм. “Энэ ч нэг юм боллоо доо” гээд хартал Баянмөнх дэвээд, Пүрэвжав тахимаа өгч харагдлаа. Тэр хоёрын барилдаан тавын давааны хамгийн сүүлд үлдчихээд байсан. Нулимс асгараад л ирдэг юм билээ. Хүүгийнхээ есөн хөлт цагаан тугийг тойрч байхыг ч тухтай харж чадаагүй дээ. Наадмын дараа сонинд “Өөрийн хүчээр начин болсон бөхийн гүйж байгаа нь хүртэл үнэнээсээ” гэсэн Баянмөнхийн тухай мэдээлэл гарсан.
Тавын даваанд хав зөрөөд шуудагдахдаа хутгачихсан юм билээ. Аавын үг тэгж нөлөөлсөн байгаа юм. Энэ муу утас чинь улайстал янгинасан. Таних танихгүй олон хүн ярьсан. Өмсдөг Дамдиндорж зааны амьдарч байсан Түнхэлээс миний хүү өөрийн хүчээр улсын цол хүртэж олон түмнээ магнайг нь хагартал баярлуулсан. Манайх таван хүүхэдтэй. Гурван охин, хоёр бандитай. Бага охиных Шведэд амьдардаг. Геологийн багш бий. Хувиараа ажил эрхэлж ч байна. Хоёр хүүгийн том улсын начин Баянмөнх. Бага хүүдээ би Мөнхбат гэж нэр өгсөн. Монголын домогт хоёр аваргын нэрийг хоёр хүүдээ өгсөн. Бага хүүтэйгээ амьдарч байна. Ах нь одоогоос таван жилийн өмнө ханиа алдсан. Хань минь Галсангийн Янжмаа гэж хүний хайлан болсон сайны дээд байлаа.

-Таныг Түнхэл тосгоныхон төдийгүй Сэлэнгэ аймгийнхан “Манай Чотон гуай” гэж хүндэтгэдэг. Буяны үйлсэд гараа сунгасан ариун мөртэй хүн гэж дээдэлдэг юм билээ. Аварга малчин гээд архайж суухын оронд ариун үйлс бүтээнэ гэдэг сайхан юм. Тэр бүгдээсээ хуваалцахгүй юу?
-Бурханы ном судрын талаар бие дааж судалгаа хийсэн хүн л дээ, би. Энэ тухайд өөрийгөө тодорхой түвшинд хүрсэн гэж үнэлдэг. Мөн дээрээс нь би сахиус авсан хүн шүү дээ. Миний бие ээжээрээ овоглосон. Манай аав Хорхолдой гэж хүн байсан. Намайг гурван настай байхад өнгөрсөн. Миний бие үлдэж буй амьдралынхаа зам мөрийг зам буяны үйлсэд зориулсан. Тэр бүгдийг минь үнэлсэн юм уу, одоогоос хориод хоногийн өмнө олон улсын “Улаан хавирган сар” нигүүлсэл алтан медаль хүртсэн. Улсын аварга малчин болох үед 370 малыг бусдад үнэ төлбөргүй өгч малжуулсан байдаг. Түүнээс хойш 10 жил боллоо. Хамгийн сүүлчийн юм гэхэд би хорин жил дараалан орон нутгийнхаа наадмын түрүү бөхийн бай даагыг өгч байна. Хорин жил шүүснийх нь хонийг дааж байна. Улсын сайн малчныхаа нэрэмжит шагналыг бий болгосон хүн. Жилд хоёр хүнд өгдөг. Улсын аварга малчин Чотонгийн нэрэмжит гээд тусгай өргөмжлөл батламжтай, мөнгөн аягатай гардуулдаг уламжлалтай. Залуу, хөгшин хоёр хүнд өгнө. Хэдэн жилийн өмнө малчдын зөвлөгөөнд оролцохдоо "Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хэрэгтэй" гэдэг саналыг хэлж олны талархлыг хүлээж байсан. Миний санал төр засгийн бодлого болсонд баярладгаа энэ дашрамд хэлье. Мөн жил бүрийн хүүхдийн баяраар 300 хүүхдийн бэлгийг өгдөг юм. Таван мянгын бэлэг 1500.000 болдог юм. Хоёр жилийн өмнө ч болж байна уу, бага ангийн 500 хүүхдэд нийтдээ 2500.000 төгрөгийн бэлэг өгсөн. Талийгаачийнхаа буянд холбогдуулж өгсөн. Мөн жил бүр 30 өндөр настанд гарын бэлэг өгдөг. Зөвхөн энэ 2017 оны төгсгөлд Түнхэлийнхээ нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасгийг бүрэн тохижуулж өгсөн. Хоёр ээлжийн цагаан даавуу, гудас, телевиз, ус цэвэршүүлэгч, угаагуур, том цагнууд, хүүхдийн гурван ээлжийн тоглоом гээд бүрэн тохижуулсан. Өнгөрсөн жил айхтар түймэр гарав даа. Наадмын дараа 50 хоногийн түймэр. Таван настай нэг эр үхэр, нэг сувай гүү түймэр унтрааж буй хүмүүст хоол болгож өгсөн. Тэр бол надад юу ч биш. Түнхэлийн эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижуулж өгөхдөө нэг өнчин хүүхдэд хадгаламж нээж өгсөн. 100 мянган төгрөгөөр эхэлж нээсэн. Жил бүр мөнгийг нь нэмээд байх юм. Би гэгээрэх замыг сонгож байгаа. Гэгээрлийн лекц олон газар хийсэн хүн. Хүн физик бие буюу махан бие сүнс буюу оюун ухаан гэх хоёр зүйлээс бүтдэг. Би судалж бясалгал хийж гэгээрдэг хүн. Нэгэнт нас 65 хүрлээ. Одоо дараа төрөлдөө бэлтгэх учиртай. Энэ тухай судалсан, олон ч ном уншсан. Хүн сайн муу хоёр талтай байдаг. Санаатай бөгөөд санамсаргүйгээр өөрийгөө их бузартуулдаг. Дээд төрлийг олохын тулд амьддаа хийсэн бүх нүглээ тэглэх учиртай. Тэгж байж эрдэнэт хүний биеийг олж, үр хүүхдүүддээ эргэж төрнө. Ингэж л бодож, бясалгаж бусдын сайн сайхны төлөө амьдарч яваа хүн дээ, би.

Онцлох нийтлэлүүд