ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.08.23 08:08

Улсын аварга С.Мөнхбатын ангийнхан


Хорьдугаар зууны манлай монгол бөх, дархан аварга, хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх XXI зууны шилдэг тамирчдыг бэлтгэхээр “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн үйл ажиллагааг Спортын төв ордны хажууханд нээж байсан. Хоёр давхар навтгар цагаан байшинд боловсорч тив дэлхийн дэвжээнд гялалзсан тамирчид олон байдаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар, Баянмөнхийн Гантогтох, олон улсын хэмжээний мастер, Азийн тивийн аварга, аймгийн арслан Норжингийн Баярмагнай нарын тамирчид дотоодын ширүүн өрсөлдөөнөөс шалгарч тив дэлхийн дэвжээнд нэгэн цагийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, спортын хорхойтнуудыг өндөлзүүлж явсан удаатай. Өөрийн уран хурц, зоримог дайчин барилдаанаараа онцгойрч чадсан дархан аварга А.Сүхбат ч энэ заалнаас их амжилтын их аяндаа мордож байсан түүхтэй. Шонхорын заалнаас тодорсон өөр нэг шилдэг хүчтэн нь Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга Сүхбаатарын Мөнхбат.

“Нэг ангийнхан” булан энэ удаа улсын аварга С.Мөнхбатын ангийнхныг онцолж байна. Аварга цолтонтой энэ ангийг онцолсон нь бас учиртай. Эдний ангийн аймгийн цолтнууд нь өнөө хэр нь амжилттай сайн барилдаж нутаг орныхоо нэрийг дуурсгаж яваа.

Тэртээ шинэ мянганы эхэн үе. 2004 оны намар цаг. Хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар Афины олимпоос хүрэл медаль хүртэхийг зурагтаар харж огшиж, омогшиж суусан 30 гаруй залуус том бөх болох мөрөөдөл тээж “Шонхор” сургуулийн босгоор алхаж байжээ. Эдний ангийн олонх нь хөдөө орон нутгийн харьяалалтай, сум орны наадамдаа шаггүй барилдчихдаг, зарим нэг нь сумын цолд хүрчихсэн залуус нэг ангид цуглажээ.

Сайн бөх, сайн багш дасгалжуулагч бэлтгэх үүргийг тухайн үед ид барилдаж байсан Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Даш-Очирын Батболд, аймгийн арслан Равсалын Дамдин нар хүлээж анги удирдсан багшаар нь томилогдсон байна. Энэ ангиас улсын аварга С.Мөнхбат, Дорнод аймгийн харьяат аймгийн арслан П.Мөнхбат, Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Б.Отгонбаатар, Өвөрхангай аймгийн харьяат аймгийн заан О.Бундхорол, Ховд аймгийн харьяат аймгийн харцага М.Ганзориг нарын мундаг бөхчүүд энэ ангид суралцаж төгсчээ.

Гол төлөв хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудаас бүрдсэн энэ ангийнхан ихэнхдээ хотод байх ах дүү, хамаатан садныхаараа амьдардаг байжээ. Бусад нь оюутны дотуур байранд сууна. Гэр орон, аав ээжээсээ хол болохоор гэдэс өлсөх, мөнгө төгрөггүй болох үе их гарна. Мөнгөтэй үедээ 100-гийн ундаа, 150-ын наполеон торт идчихнэ. Бас сургуулийнхаа гуанзны пирожки, мантуун буузыг ёстой нэг идэх шиг болдог байсан гэнэ.

“Шонхор” бол биеийн тамирын сургууль. Ийм ч утгаараа оюутнууд нь завгүй. Бүтэн өдрийг сургууль дээрээ өнгөрүүлнэ. Өглөө найман цагаас хичээл нь эхлээд их үдийн алдад тарна. Цаг орчмын хугацаанд хоол унд эргүүлж байгаад үдээс хойш бэлтгэлдээ орно. Д.Батболд, Р.Дамдин нарын багш нар нь бөх барилдах арга барил мэх техникээс авахуулаад тамирчин хүн биеэ хэрхэн авч явах тухай, ёс зүй, хэм хэмжээний талаар үлгэрлэж өгдөг байж. “Багш маань биднийг ер нь зодож байгаагүй. Зарим эрэгтэй хүүхдүүдтэй ангийг удирдахад хэцүү байдаг юм шиг байна лээ. Багш зодоод гэхийг зөндөө л олон удаа сонсож байлаа. Харин манай ангийн багш бидэнд гар хүрч байгаагүй. Загнах нь ч ховор байсан байх. Гэсэн ч бид багшаасаа их айна. Ер нь анзаараад байхад хүүхдийг айхавтар загнахгүй байхаар тэр хэрээр хүндлэл хүлээдэг шиг байгаа юм. Манай багш тийм л хүн байсан. Амьдрал дээр гарахаар янз бүрийн л хүнтэй уулзана. Хэцүү ааштай хүнтэй таарлаа гэхэд багш байсан бол лав л муудалцахгүй, эвтэйхэн өнгөрөөчих байсан даа гэж бодоод аргалдаг юм" гэж шавь нар нь ангийн багшийнхаа талаар дурслаа.

Бусад оюутнууд шиг гадуур, дотуур тэнээд явах цаг зав тэдэнд байхгүй. Зав гарвал бэлтгэлээ хийж завсар зайгаар нь барилдаан үзэж, завшаан гарвал аманд гарч явсаар эхний хичээлийн жил улирчээ. Энэ их хөдөлмөрийн үр дүнд л эдний ангийнхан өнөөдөр том бөхчүүд болсон талаар “Шонхор” сургуулийнхан ярьдаг юм билээ.

Хоёрдугаар курсийн хичээлийн жил эхлэхэд өнөө ангийнхан эрийн цээнд хүрчихсэн байжээ. Бөхийн өргөөнд гараад зодоглоход бас дугтруулаад тохойлдчихооргүй хэмжээнд хүрсэн байсан талаараа дурсаж байна. Тогтмол барилдаанд оролцдог болсон тул үндэсний бөхийн бэлтгэлдээ гол хүчээ хаях болжээ. Энэ нь үр дүнгээ өгч заал танхимын барилдаанд ганц нэг давчихдаг болсон гэнэ. Сумын цолтнуудын барилдаанд түрүү, үзүүрт зорьж зодоглодог болсон талаараа ангийнхан дурсаж байлаа.

“ШОНХОР”-ЫН БАРИЛДААНДАА ШУУГИУЛДАГ АНГИЙНХАН

“Шонхор” дээд сургуулийн аварга шалгаруулах барилдаан ширүүн өрсөлдөөнтэй болно. Өнөөдрийн улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Бо.Батжаргал, Б.Баатарцол нар курс ойролцоо. Үеийн залуус хоорондоо оч үсчиж, гал маналцтал яс үзнэ. Ийм өрсөлдөөнөөс өөрийгөө хурцалж шалгарч чадсан С.Мөнхбат өнөөдөр улсын аварга цол хүртээд байна. Энд өгүүлж буй ангийнхнаас Говь-Алтайн Б.Отгонбаатар, Дорнодын П.Мөнхбат нар шөвгөрч сайн барилддаг байжээ.

Энэ ангийнхнаас түрүүлж тодорсон нь Сүхбаатарын Мөнхбат. 2006 оны хавар гуравдугаар курсээ төгссөн залуу Сүхбаатар аймгийн наадамд зодоглохоор сэтгэл шулуудаж хүлгийн жолоо залжээ. Эх орны баруун хязгаар Хархираа түргэний уулсын өвөр бэлд өсч торнисон хүү “ногт ганзагалж” зүүн бүсэд очсон нь буруудсангүй, аймгийн заан болчихоод сэтгэл тэнэгэр буцаж байжээ. Энэ үеэс “Шонхор” сургуулийн Мөнхбат гэж туранхай бор залуу улсын цолтнуудын “шүдний өвчин” нь болсон байна. Улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Бөхийн өргөөнд зохион байгуулагдахад улсын аварга Д.Сумъяабазар, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан До.Ганхуяг нарыг хазайлгаж шуугиулж байсан удаа түүнд бий. Аймгийн заан цолтой байхдаа шүү дээ. Ангийн анд Мөнхбатынхаа араас нөхөд нь ч аажимхан сайжирсаар байжээ. 2007 онд “Шонхор” сургуулийн шинэхэн төгсөгч Пүрэвжавын Мөнхбат төрөлх нутаг Дорнод аймгийнхаа наадамд зодоглож тав давснаар аймгийн заан цол хүртсэн байна. Хожим тэрбээр 2012 онд аймгийн наадамдаа түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм. Эдний ангийн Б.Отгонбаатар 2008 онд Баянхонгор аймгийн наадамд тав давж ангийнхаа аймгийн цолтнуудын тоог нэгээр нэмжээ. Тэр жилээ Говь-Алтай аймгийнхаа наадамд түрүүлэх зорилготой зодоглосон ч чимэг нэмээд буцсан энэ залуу хожим Дархан-Уул аймгийн наадамд түрүүлж дутуугаа гүйцээсэн. Өдгөө Алтай нутгийнхны итгэл хүлээлгэсэн цолондоо дүүрэн том бөх болжээ. Арал бяртай арсланд улсын цол ойрхон талаар баг дасгалжуулагчид ярьдаг.

АНГИЙН АМЬДАА НАР НААДМЫН ДЭВЖЭЭНД ЧУХАЛ ДАВААНД УЧРАА ТААРЛАА

Энэ ангид баруун болон зүүн аймгийн төлөөлөл хоёр Мөнхбат бий. Нэг нь Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат. Нөгөөх нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн арслан П.Мөнхбат. Улсын цолны тааварт олон жил яригдаж буй шийртэй сайн бөх. П.Мөнхбат арслан өнөө жилийн улсын их баяр наадмаар улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын гарьд Ш.Жаргалсайхан нарыг илүүрхэж тавын даваанд босох эрхтэй болсон юм. Улсын цолны төлөө хариуцлагатай даваанд П.Мөнхбат бөхийн ертөнц рүү цуг алхаж орсон, оргил өөд хамтдаа зүтгэж буй ангийн найзтайгаа хүч үзэхээр болсон юм. Тавын давааны ам сонссон бөх сонирхогчид “Аварга найзыгаа дэмжих нь, улсын цолны босго алхуулах нь” гэх мэтээр өөр хоорондоо ярилцаж байв. Гэсэн ч хоёр найз наадмын дэвжээнд яс үзэж аварга нь илүүрхэв. Арслан Мөнхбат дүүрэн нулимстай наадмын дэвжээг орхив. Харгүй сайхан барилдсан найзууд тэврэлдээд салахад халаглах хүмүүс олон байсан даа. Шударга барилдаан гэдэг ийм л байдаг. Наадмын дэвжээ ийм л хатуу.

Шинэ мянганы эхэнд газар газраас цуглаж Шонхор сургуулийн босгоор алхаж байсан залуус өнөөдөр төрдөө үнэлүүлж, түмэндээ хүндлэгдсэн том бөхчүүд болжээ. Хүнд хүчир бэлтгэлийг давж байсны шанд энэ хамт олноос улсын аварга цолтон төрсөн байна. Аймгийн цолтнууд нь ч цолондоо эзэн болж, төгссөн сургууль, төрсөн нутгийнхаа нэрийг дуурсгаж сайн барилдацгааж байна.


Онцлох нийтлэлүүд