ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.10.19 10:10

Улсын аварга Э.Оюунболдын шүүх хурал дахин хойшиллоо


Удаан хүлээлгэсэн Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны аравдугаар сарын 19 буюу өнөөдөр болох байсан ч хойшилжээ.

Тодруулбал өмгөөлөгч нь өвчтэй, акт ирүүлсэн учраас хойшилсон байна.

Энэ шүүх хурлын шийдвэрээр Улсын аварга Э.Оюунболд цолтойгоо үлдэх эсэх нь шийдэгдэнэ. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар хийхдээ “Шүүхийн шийдвэр эцэслэн гарсаны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргана” хэмээж байсан юм.

Улсын аварга Э.Оюунболдын гомдлоор бүтэн жилжингээ “дуншсан” шүүх хурал эргэж буцаж, түүний элдэв шалтгаас болж хэдэнтээ хойшилсоны эцэст анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргаад буй.

Тодруулбал, анхан шатны шүүхээс Э.Оюунболдын цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэх шийдвэр гаргаж, давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн билээ.

Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдын барилдах эрх давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр бол өнгөрсөн долдугаар сарын 12-ноос эхлэн сэргэх боломжтой болсон гэсэн үг. Гэхдээ аливаа асуудал гурван шатны шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэгддэг. Гэтэл барилдах эрхийг нь сэргээх шийдвэр гарчихаад байхад Э.Оюунболд Дээд шүүхэд гомдол гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболд цолоо хураалгахгүй хэмээн дахин гомдол гаргасан гэсэн үг юм.

Онцлох нийтлэлүүд