ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.05.27 12:05

​Улсын болон залуучуудын шигшээ багийн тамирчидтай спортын дасгалжуулагчийн ангийнхан

Үндэсний биеийн тамирийн дээд сургуулийн Д.Өлзийжаргал багштай 2г анги.

Шинжлэх ухааны доктор профессор, хөнгөн атлетикийн спортын мастер Г.Лхавасүрэнгийн үүсгэн байгуулсан Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын дасгалжуулагчийн “2г” ангийг энэ удаагийн “Нэг анги” буландаа онцолж байна. Улсын шигшээ багийн гурван ч тамирчинтай энэ анги 38 оюутантай. Ангийн 10 нь эмэгтэй бол 28 эрэгтэй юм байна. Улсын болон залуучуудын шигшээ багт энэ ангийн тамирчид багтдаг. Тухайлбал, 57 кг-ийн жинд барилддаг олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэн. Самбо жудо бөхийн олон улсын хэмжээний мастер Л.Нинжин, Олон улсын хэмжээний мастер Н.Балжиням нар жудо бөхийн улсын шигшээ багийн тамирчид байх жишээний. Ангийн зарим нь “Алдар” спорт хороо, “Хилчин” зэрэг клубуудэд харьяалагддаг цалинтай тамирчид болжээ. Бөхийн төрлөөр хичээллэдэг тамирчид хэрнээ дуулна, шүлэг уншина, бүжиглэнэ, бөх, морины цол дуудна гэх мэт язгуур урлагийн төрлөөр ч чамгүй амжилт гаргадаг авьяаслаг андууд аж. Тэд ангиараа өнгөрсөн жил сургуулийнхаа урлагийн үзлэгт гуравдугаар байр эзэлсэн бол энэ жил амжилтаа ахиулан хоёрдугаар байрт шалгарчээ. Үндэсний бөхөөр хичээллэдэг залуус ч бий. Тухайлбал, Говь-Алтай аймгийн начин Н.Баатархүүгээс гадна гурван ч сумын заан цолтой залуу байна. Увс аймгийн харьяат сумын заан Д.Ядамсүрэн Дархан-Уул аймагт зохиогдсон оюутны үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод, уран барилдаант бөхөөр шалгарчээ. Спортын төрлөөр хичээллэдэг залуус бие бялдарын хөгжил сайтайгаас гадна хариуцлагатай, хэлсэн амандаа заавал хүрдэг, тууштай, тэвчээртэй, хөдөлмөрч, үнэнч шударга байдаг хэмээн ангийн багш Д.Өлзийжаргал ярьж байлаа. Мөн багш нар болон ах эгч нартайгаа заавал хагас бөхийж мэндэлдэг, хүнийг хүндэлдэг дэг журамтай, монгол ёс уламжлалаа дээдэлдэг хүүхдүүд гэнэ. 1991 онд байгуулагдсан 27 жилийн түүхтэй Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн бас нэг онцлог нь үндэснийхээ ёс уламжлал, зан заншил, урлаг спортын төрлүүдээ өвлүүлэн уламжлуулж залгамж болгодгоороо бусад сургуулиас эрс ялгардаг хэмээн оюутнууд сургуулийнхаа тухай ярив. Энэ сургуулийг төгссөн оюутнуудыг сургуулиуд биеийн тамирын багш дасгалжуулагчаар авах сонирхолтой байдаг тул төгсөгчдөд ажлын байр элбэг олддог гэнэ. Энэ сургуулийн оюутнуудыг байгууллагууд дадлага хийлгэх ихэд дуртай, чадахгүй байсан ч хичээдэг, саанчилгатай бусадтай хүндэтгэлтэй ханддаг хэмээн үнэлдэг гэж байв. Мөн худлаа ярих, хулгай хийх, залилан мэхлэх гэдэг зүйл бол спортын сургуулийн оюутнуудад байдаггүй юм хэмээн Д.Өлзийжаргал багш ярилаа.

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Л.Энхрийлэн, Л.Нинжин.

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан хариуцсан багш, докторант 2г ангийн анги даасан багш Д. Өлзийжаргал ярихдаа “Бид оюутнууддаа мэргэжлийн болон өөр олон төрлийн онолын хичээл, лекцүүдийг сургалтын хөтөлбөртөө тусгаж тогтмол заадаг. Ирээдүйн сурган хүмүүжүүлэгч болох, нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирт анхаарах хүмүүс өөрсдөө ёс суртахуунтай, мэргэшсэн боловсон хүчин болох ёстой гэж манай сургуулийнхан үздэг. Зөвхөн мэргэжлийн хичээлээр зогсохгүй өөр олон байгууллага, хувь хүмүүстэй хамтран оюутнуудаа хөгжүүлэхийг хичээдэг. Тухайлбал өнгөрсөн 16-ны өдөр л гэхэд “Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-тай хамтран доктор, профессор Намжил гуайг урьж, эрэгтэй оюутнуудад “Гэр бүл төлөвлөлт”-ийн асуудлаар лекц уншуулсан. Мөн бид “Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар”-тай хамтран улирал бүр нэг зөрчлийн тухай хууль, гэмт хэргийн хохирогч болон оролцогч байхаас ангид байх, нийгэмд биеэ зөв авч явах зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулдаг. Энэ мэтчилэн олон талаас нь хөгжүүлснээр манай оюутнууд маш сайн бие хүн болж төлөвшихөөс гадна, маш сайн мэргэшсэн боловсон хүчин болдог. Хэзээ ч өнөөдөр энэ дасгалыг арван удаа хийчихье, маргааш харин хийхгүй гэдэггүй. Өнөөдөр энэ дасгалыг арван удаа хийсэн бол миний энэ булчин, энэ холбоос маань ингэж хөгжинө гэхчлэн онолын хичээлээр үзсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй мэлэг чадвар олгодог. Бүх хичээл, тодорхой шатлал, системтэйгээр заагддаг. Хэзээ ч шигшээ багийнхаа хүүхдийг, анхан шатны хүүхэдтэйгээ нэг бэлтгэлд, хичээлд оруулдаггүй” хэмээн ярьсан юм.

Мөн ҮБТДС-нь архины хэрэглээг эсэргүүцдэг сургууль гэдгээрээ бусад сургуулиудаас онцлог аж. Жил бүрийн намар их, дээд сургуулийнхан шинэхэн оюутнууддаа зориулан танилцах үдэшлэг зохион байгуулдаг. Харин ҮБТДС- нь багш, оюутнуудаа хамарсан нэг өдрийн явган аяллыг зохион байгуулж, тэмцээн уралдаанаар өөрсдийгөө сорьдог ажээ. 2г ангийнхан зөвхөн спорт гэлтгүй нийгмийн идэвх оролцоо сайтай, үүргээ нэн сайн ухамсарладаг гэдэг нь Боловсрол, Монгол HD зэрэг телевизүүдийн шоу нэвтрүүлгүүдэд хөгжөөн дэмжигчээр оролцдог хэмээн ярих багшийн ярианаас тод харагдаж байлаа. Мөн нөхдийнхөө оролцсон тэмцээн бүрийг нь ангиараа алгасалгүй үзэж, хөгжөөн дэмждэг эвтэй хамт олон аж. Энэ сургуульд аймаг бүрээс ирсэн олон зуун оюутан суралцдаг учраас оюутан бүрийн дотор эх орноороо бахархах, хайрлах, эх оронч сэтгэлгээ оршдог. Мөн тэднийг тодорхойлох хамгийн гол онцлог нь тэвчээр, хатуужил аж. Бусад мэргэжлийн оюутнуудын хувьд зуны амралтаараа аялах, хэл сурах, ажил хийх зэргээр өөрийгөө хөгжүүлэх хугацаа байдаг бол тэдний хувьд энэ бүхнийг бэлтгэлийнхээ хажуугаар амжуулах хүндхэн үүрэг оногддог байна. Жингээ тогтмол барих, бэлтгэлээ зөв хийх нь амжилтын үндэс. Жилийн дөрвөн улирал тасралтгүй бэлтгэл хийж, хөлсөө урсгаж байж өнөөдрийн энэ амжилтад хүрдэг ажээ тэд.

Спортын мастер Б.Дарханбаатар, Н.Алтантуяа, А.Сүрэн нар

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан хариуцсан багш Д.Өлзийжаргал таеквондогийн спортын зэрэгтэй тамирчин. Тэрбээр Анагаахын дунд сургуулийг төгсөөд энэ сургуульдаа ахин суралцаж багшаар үлджээ. Өдгөө тэрбээр Удирдахуйн ухааны доктурант бөгөөд спортод болон хүүхдэд хайртай зан нь түүнийг төрлөх сургуульдаа сэтгэлээ өгсөн багш болгожээ.


Л.Энхрийлэн залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн баярт мөч

Онцлох нийтлэлүүд