ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.11.30 12:11

Улсын гарьд, начин цолтонтой нэг ангийнхан

"Манай ангиас аймгийн арслан зургаа төрсөн. Тэр зургаагаас хоёр нь улсын цолонд хүрсэн. Үлдсэн дөрөв маань ид барилдаж байгаа. Ер нь манай ангийн 25 төгсөгчөөс арав гаруй нь улс, аймгийн цолтой. Жинхэнэ шижигнэсэн хөвгүүд байлаа даа" гэж оюутан цагийн дурсамжаа ярих нэг ангийнхантай уулзлаа. Тэд бол 2004 онд "Аварга" биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн ангийн төгсөгчид. Ангийн багш нь Монгол Улсын начин Д.Адъяахүү. Спортод, тэр дундаа бөхөд хайртай 35 залуу эх орныхоо өнцөг булан бүрээс цуглаж нэг ангийнхан болжээ. Дөнгөж арван жилийн сургуулиа төгсөөд ирцгээсэн, тэгээд ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн болохоор барагтай бол гадуур тэнэдэггүй байсан гэнэ. Эхний хоёр жил гэр сургууль, сургууль оюутны байрны хооронд жим гартал алхдаг байсан тухайгаа ярьж байна. Нэгдүгээр курст байхдаа хичээлээ цаг тухайд нь хийдэг, одоогийн оюутнууд шиг ганц нэг цагийг тасална гэх ойлголтгүй байжээ. Нэг ёсондоо тун томоотой оюутнууд явсан гэнэ. Гэхдээ хөвгүүд л болсон хойно байсгээд сахилгагүйтчихнэ. Багш нь тэр үед айхтар загнаад байхгүй ч хааяа нэг орой руу нь ортол зэмлэдэг байжээ.

Эдний ангийнхан нэгдүгээр курстээ 35-уулаа элссэн гэсэн. Дөрвөн жилийн хугацаанд шилжих нь шилжээд, сургуулиа орхих нь орхисоор 25-уулаа төгсчээ. Харин ангид ганцхан охин байсан нь Уянга. Хөвгүүд нь ганц охиноо үерхэж барья гэж илт гуйхгүй ч гэлээ бусад ангийн хөвгүүдээс сэмхэн харамладаг байжээ. Ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн болохоор голдуу хотод байх ах дүү, хамаатан садныхаараа амьдардаг. Бусад нь оюутны дотуур байранд суудаг байжээ. Гэр орон, аав ээжээсээ хол болохоор гэдэс өлсөх, мөнгө төгрөггүй болох үе их гарна. Мөнгөтэй үедээ 100-гийн ундаа, 150-ын наполеон торт идчихнэ. Бас сургуулийхаа гуанзны пирожки, мантуун буузыг ёстой нэг идэх шиг болдог байсан гэнэ. "Тэр үеийн пирожкины амт одоо ч амтагдах шиг болж байна.

Манай сургуульд эрчүүд голдуу сурдаг байсан болохоор гуанзны эгч нар оюутан хүүхдүүд гээд өрөвддөг байсан байлгүй мах ихтэй хийдэг байсан шүү" гэж ярилаа. Нээрээ л оюутнууд пирожки, мантуун буузтай найзалсан шигээ дөрвөн жилийг өнгөрөөдөг дөө. Харин "Аварга" сургууль биеийн тамирынх гэдэг утгаараа сургууль дээрээ маш олон цагийг өнгөрөөдөг байжээ. Өглөө найман цагаас хичээл нь эхлээд өдөр 13, 14 цагийн үед тарна. Хичээл тарахаар цаг хэртэй хугацаанд хоол унд эргүүлж байгаад үдээс хойш бэлтгэлдээ гарна. Д.Адъяахүү багш нь чөлөөт бөхийн мэх, барилдах арга техникээс эхлээд бөх хүн биеэ хэрхэн авч явах тухай, спортын ёс зүй, хэм хэмжээний тухай хаа явсан газраа үлгэрлэдэг байсан гэнэ. Ангийнхан нь багшийгаа дурсахдаа "Манай багш биднийг ер нь зодож байгаагүй. Зарим эрэгтэй хүүхдүүдтэй ангийг удирдахад хэцүү байдаг юм шиг байна лээ. Багш зодоод гэхийг зөндөө л олон удаа сонсож байсан. Харин манай ангийн багш биднийг зодож байгаагүй. Загнах нь ч ховор байсан байх. Гэхдээ л бид багшаасаа их айна. Ер нь анзаараад байхад хүүхдийг айхтар загнахгүй байхаар тэр хэрээр хүндлэл хүлээдэг шиг байгаа юм. Манай багш тийм л хүн байсан. Амьдрал дээр гарахаар янз бүрийн л хүнтэй уулзана. Хэцүү ааштай хүнтэй таарлаа гэхэд багш байсан бол лав л муудалцахгүй, эвтэйхэн өнгөөрчих байсан даа гэж бодоод аргалдаг юм" гэв.

Эднийх биеийн тамирын сургууль ч гэлээ оюутнуудын дунд ямар л уралдаан тэмцээн болох ёстой тэр бүхнийг зохионо. Урлагийн үзлэг болохоор ганцхан охинтой ч янз бүрийн үзүүлбэр үзүүлчихнэ. Чөлөөт сэдэв дээр туранхай, өндөр биетэй хөвгүүдээ загвар өмсөгч болгоод шоу хийчих жишээтэй. Энхсүх, Лхагва-Очир, Буянбаатар нарын залуус нүүрээ будаад, хиймэл үс зүүн эмэгтэй дүрд тоглодог байжээ. Эгчийнхээ, дүүгийнхээ, таньдаг эмэгтэй найзынхаа өндөр өсгийт, даашинзыг өмсөөд гунхалзаж өгнө. Бүр хөхний даруулга хүртэл зүүдэг байсан гэж байгаа. Нэгдүгээр курсийнхээ урлагийн үзлэгээр үзүүлсэн уг үзүүлбэр шүүгчдийн зүгээс өндөр оноо авсан тул ангиараа тэргүүн байр эзэлж байжээ. Харин найрал дуу дуулахаар дан эрчүүд урлагийн заалыг нураах шахам, сүртэйхэн дуулдаг байсан гэнэ. Бас сагсан бөмбөгөөр хоёр ч удаа сургуулийнхаа аварга болж байжээ. Ер нь авьяастай хүүхдүүд олон. Л.Баасанбаяр, Отгонхүү, Цэнджав, Эрдэнэбат, Лхагваа нарын хүүхдүүд ангийнхнаа манлайлан явдаг байжээ.

Хөвгүүд олонтой, дан эрчүүдийн анги ч гээд хэлчихэж болох учраас аливаа баяр ёслолын үеэр олон охинтой сургуулийнхантай шефлэнэ. Өөр сургуулийн, олон охинтой анги олох үүргийг ангийн багш нь хариуцдаг байжээ. Багшийнхаа олоод ирсэн ангийн охидыг хөөрхөн, муухай гэж гололгүй бөөн баяр болон хүлээн авдаг байсан гэдэг. Ингэж хоёр ангийнхан шефлэхэд хосоо олоод авах сэргэлэн нэгэн байх. Хэд хэдэн хос тэрхэн зууртаа үерхэж нөхөрлөж байсан нь оюутан ахуй цагийн дурсамж болон үлджээ.

Чөлөөт бөхийн ангийн хөвгүүд мэдээж хэрэг дөрвөн жилийг хоорондоо ноцолдож өнгөрөөсөн байж таараа. Бэлтгэлийн үеэр нэгийгээ давахын хүсэлд дийлдэн тэмцэлддэг мөртлөө хичээлийн бус цагаар нэгэндээ жигтэйхэн хайртай болчихсон байдаг байжээ. Ер нь гадны, өөр ангийнхнаас нэгийгээ учиргүй өмөөрнө. Ганц нэгээр нь явж байхад дээрэлхэх гэвэл олуулаа яваад очно. Гэхдээ гар зөрүүлэхгүй. Сүрийг бадруулж, нөгөө хэдийнхээ зүрхэнд шар ус хуруулчихаад л яваад өгчихдөг байжээ. Ер нь спортын аль нэг төрлөөр хичээллэж байгаа хүмүүс юун түрүүнд зодолдох гээд байдаггүй, аливаа маргааныг зөвөөр шийдвэрлээд сурчихдаг гэсэн. Харин нэгдүгээр курсээсээ хоорондоо, дараа нь сургуулийнхаа хэмжээнд ноцолддог байсан бол гуравдугаар курст орох жилээсээ улсын наадамд зодоглож эхэлсэн түүхтэй. Улсын наадам болон энд тэндхийн барилдаанд гайгүй гэсэн залуусаа ноцолдуулна. Заалны барилдаануудыг ер нь алгасдаггүй байжээ. Мөн төрөлх аймаг, сумынхаа наадамд очиж барилддаг байсан түүхтэй. Цолонд түрүүлж хүрсэн нь Ш.Жаргалсайхан. Тэрээр гуравдугаар курст орох жилийнхээ зун Завхан аймгийнхаа наадамд очиж ноцолдоод начин цол авсан гэнэ. Оюутан байх дөрвөн жилийн долдугаар сарын 12-ны оройг ангийнхан руугаа утас цохиж өнгөрүүлнэ. "За чи яав хө. Би гурвын даваанд уналаа. Тэр намайг амалж авлаа. Нөгөө хэдээс сураг байна уу. Манай нөгөө ангийн тэр манай нутгийнх юм байна. Аймагт ирж ноцолдоод овоо хэдэн даваа авчихлаа" гэхчлэн ярина. Оюутан байхаасаа ноцолдсон хөвгүүдээс одоо улсын цолтон хоёр төрчихсөн. Энэ жилийн наадамд үзүүрлэсэн улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын өсөх идэр начин Э.Энхбат хоёр тус ангийн бахархал. Наадам дөхөөд ирэхээр нөгөө хоёрын бэлтгэл хэр хангагдаж байгаа юм бол гээд чих тавин суудаг гэсэн. За тэгээд наадмын өмнөх орой барилдах хоёроосоо дутахгүй догдлон нойр нь хулждаг ажээ. Багаасаа бие биенээ мэдэх болсон нэг ангийнхан учраас давахад нь хамт хөөрч, өвдөг шороодоход нь хамт унаж иржээ. 2011 онд Ш.Жаргалсайхан, Э.Энхбат хоёр хамтдаа улсын начин цолонд хүрч анги хамт олон төдийгүй "Аварга" сургуулийнхнаа баярлуулжээ. "Өнгөрсөн жилийн наадмаар манай ангийнхан тэр чигтээ ёстой нэг догдолсон байх. Жагаагаа давах бүрт л магнай хагартлаа баярлаж байсан. Эрхгүй догдолдог юм билээ. Гэр гэртээ зурагтаа үзээд сууж байгаа хэрнээ давах бүрт нэг нэгэн рүүгээ залгаж баяраа хуваалцаж байсан" гэж ярив. Аваргуудыг даваа бүрт давсаар үзүүр, түрүү булаалдахаар зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэхэд харах ч хэцүү, харахгүй байх ч хэцүү болтлоо тэвдэцгээжээ. Ангийн анд нь амжилттай сайн барилдаж, улсын гарьд цолонд хүрэхэд тун их бахархсан талаараа өнөөдөр ам булаалдан ярьж байна.

Тэдний оюутан насны дурсамж дандаа л бөхтэй холбоотой байх юм. Хоёрдугаар курст байхдаа ангийнх нь гайгүй сайн барилддаг таван залуу нийлж аваад Дарханд болсон тэмцээнд зодоглохоор явжээ. Дарханчууд ургацын баяраа хийгээд бөх барилдуулсан юм байх. Түрүүлсэн бөхийг хөгжмөөр шагнана гэдгийг дуулсан хөвгүүд уухайн тас явцгаажээ. Залуу насны дэврүүн сэтгэлээр очоод бүгдийг нь хага шидэх юм бодож явсан гэнэ. Тэгсэн нутгийн бөхчүүдэд бүгдээрээ өвдөг шороодчихож. Барилдаанаа дуусгачихаад буцах гэтэл унааны мөнгө үлдээгүй байна. Хөгжим өвөртлөөд буцна гэж байсан залуус харих ч мөнгөгүй болоод аргаа барахдаа галт тэргэнд "туулайчилж" хотод ирж байжээ.

Спортоор амьсгалсан ангийнхан өнөөдөр салбар салбарт амжилттай ажиллаж байна. Улсын цолтой хоёр бөхөөс гадна дөрвөн аймгийн арслантай. Сүхбаатар аймгийн хурц арслан Б.Батжаргал, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Ц.Нямдорж, Сэлэнгэ аймгийн арслан А.Амараа, Орхон аймгийн арслан Б.Ганхүү нарын "аваргууд" үндэсний бөхөөрөө барилдаж буй. Мөн Спортын төв ордны багш Батнаран тус ангийнх. Бусад нь голдуу хувийн бизнес хийж байгаа ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд