ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.01.13 08:01

Улсын начин Э.Даш түрүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Энэхүү барилдааны зүүн талын тэргүүн магнайд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, баруун талын тэргүүн магнайд Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан нар магнайлан барилдсан юм.

Улсын арслан Н.Батсуурь хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Баянхонгор аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлд өвдөг шороодлоо. Тавын даваанд зүүн талын тэргүүн магнайг улсын заан Б.Пүрэвсайхан магнайлан гарч, Булган аймгийн заан Б.Түмэндэмбэрэлийг амлан авч барилдсан нь үзэгчдийг баясгасан барилдаан болсон. Улмаар хоёр бөхийн барилдаан үзэгчдийг шуугиулж, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл залуу заанаар тав давлаа. Мөн энэхүү даваанд тунаж барилдсан аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, О.Хангай нарын барилдаан сонирхолтой болсон юм. Барилдааны санаачлагыг Ш.Мөнгөнбаатар авч барилдсанаар О.Хангай арсланг баруун хөлийг нь хонгодож, өргөх мэхээр тав давлаа. Өнөөдрийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Үндсэн хуулийг анх батлалцаж байсан АИХ-ын дептатууд хүрэлцэн ирж үзсэн билээ.

Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан хүчит 224 бөх барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш түрүүлж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабшир үзүүрлэв.

Өнөөдрийн барилдааны их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын харцага Н.Жаргалбаяр, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Л.Цэрэнтогтох нар үлдсэн юм.

Онцлох нийтлэлүүд