ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.08.07 12:08

Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 тохиолдол гарчээ

Монгол Улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгаж тандалт судалгаа хийж байна.

Өчигдрийн /2020.08.06/ байдлаар нийслэлийн 31 байршилд 2228 иргэн, таван аймгийн есөн байршилд 351, улсын хэмжээнд нийт 2579 иргэн тусгаарлалт ажиглалтад байгаа талаар Улсын Онцгой комиссыншуурхай штабаас мэдээллээ.

Тусгаарлах байранд тавигдах журамд тусгаарлах байранд архи, согтууруулах ундаа, халуун бууруулах болон өвчин намдаах эмийг хэрэглэхгүй байхаар тусгасан. Мөн УОК-ын шийдвэрээр тусгаарлах байрны нэг өрөөнд нэг хүн эсвэл нэг гэр бүлийг оруулна гэсэн ерөнхий зарчимтай.

Гэвч иргэд тусгаарлах байранд архидан согтуурах, коронавирусийг илрүүлэх шинжилгээ өгөхгүй гэх зэргээр зөрчил гаргасаар байгаа аж. Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 тохиолдлоос нийслэлд 161, орон нутагт 358 байна.

Дэглэм журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу торгох, иргэнийг 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Цаашлаад Эрүүгийн хуульд тусгай зохицуулалт бий. Энэ нь өөрийгөө халдварт өвчтэйг мэдсээр байж бусдад тараасан бол Эрүүгийн хариуцлага хүлээдэг. Одоогоор дээрх асуудал үүсээгүй. Зөвхөн дэглэм журам, Гамшгийн тухай хууль зөрчсөн иргэдэд арга хэмжээ авч байгаа юм.

Онцлох нийтлэлүүд