ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.03.15 09:03

Улсын хөгжлийг эмэгтэйчүүдээр нь тодорхойлж болно

Эхнэрийн өнгө зүс, нүдний гал цогоор нөхрийнх нь хэр халамж анхааралтайг мэддэг шиг улс орны хөгжлийг эмэгтэйчүүдээр нь тодорхойлж болно. Гудамжинд тааралдах бүсгүйн өнгө төрхнөөс эхлээд тухайн улсын нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага зэргээс нь хараад ямархуу хөгжилтэй орон бэ гэдгийг хөнгөхөөн дүгнэчихэж болдог.

Үндэсний статистикийн хүрээлэнгээс гаргасан монгол эмэгтэйчүүдийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад өнөөдөр Монголд нэг сая 646 мянга гаруй эмэгтэй хүн амьдарч байна. Тэднээс 330 шахам мянга нь дээд боловсролтой аж. Монгол бүсгүйчүүд дунджаар 26 насандаа гэрлэж, гурван хүүхэд гаргаж, 76 насалдаг. Товчхон бөгөөд тодорхой мэдээлэл. Бас эмэгтэйчүүдийн дундаж цалин 910 мянган төгрөг гэж байгаа нь нийт улсын дунджаас арай бага харагдаж байна. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүд нийт бүсгүйчүүдийн 4,4 хувь буюу 70 гаруй мянга. Гэтэл 2002 оны статистикийн мэдээллээр өрх толгойлсон эмэгтэйчүүд 61.8 мянган байгаа нь нийт өрхийн 10.9 хувьтай тэнцэж байжээ. Өөрөөр хэлбэл, турьхан биедээ даамааргүй их ачааг үүрч өрх гэр, үр хүүхдүүдээ ганцаараа хариуцан амьдарч байгаа эмэгтэйчүүдийн тоо өссөн гэсэн үг.

Үүнээс гадна их, дээд сургуулийн бакалаврын ангийн оюутнуудын 57 хувь нь эмэгтэй, 42 хувь нь эрэгтэй байна. Жендер буюу хүйсийн тэгш эрхийн талаар сүүлийн үед дэлхий нийтээр анхаарч, бид ч бас дутахгүй ярьж бичиж, гадна дотныхонтой уулзаж зөвлөлдөж байна. Нийгэмд ч хүйсийн ялгаатай байдлын тухай ойлголт мэдлэгтэй болж, амьдралд энэ талын өрөөсгөл хандлагууд багасч байна. Дэлхийн хүйсийн ялгаатай байдлын индекс анх 2006 онд гарч байжээ. Манай улс хүйсийн ялгаатай байдлын үзүүлэлтээрээ өнгөрсөн оны байдлаар дэлхийд 53-т бичигддэг бол Азийн бүс нутагтаа гуравдугаар байрт ордог.

Гудамжинд гунхах эмэгтэйчүүд нь ч гоолиг, үс зүс сайтай. Өмссөн хувцас нь ч өнгөлөг. Монголчууд хэдийнээсээ ганган хээнцэр улс болохоор өмсөж зүүхдээ санаа тавьж, хүнээс дор орохгүйг хичээдэг нь бүсгүйчүүдийн донж төрхийг илүү тодотгодог юм. Дээрх мэдээллээр бол монгол эмэгтэйчүүд дажгүй сайхан амьдардаг. Монголд хүйсийн тэгш эрх алдагдаагүй, амгалан тайван орон бөгөөд бүсгүйчүүд нь бүхий л салбарт эрчүүдтэйгээ эн тэнцүү ажилладаг. Энэ бүхнээс харахад Монгол маань дажгүй хөгжиж байгаа, хүн бүхэн өөрийн эрх чөлөөгөөрөө тайван сайхан амьдарч байна.

Хөшигний наана амьдрал ингэж өрнөж, үргэлжилж байна. Өнгөлөг дэгжин, өрнүүн давилуун. Гэхдээ хөшиг нээгээд үзэхэд амьдрал арай өөр өнгөтэй юм аа. Хөөрхий, бүсгүйчүүд маань хормойгоо шуугаад хөлсөө дуслуулан ажилд зүтгэж байна. Архичин нөхрийнхөө гарын чилээг гарган, нулимстай суугаа хичнээн эмэгтэй буйг хэн ч хэлж мэдэхгүй. Бүсгүйчүүд маань гудамжинд хог шүүрдэж, гуанзанд аяга угааж, таксинд явж, бүр зарим нь тамхи ширхэглэн зарж, амь амьдралаа залгуулах гэж нойр хоолоо умартан явна. Урд хөршөөс ирж буй галт тэргийг хэрэг болгон анзаарч хараарай. Өнөө л бүсгүйчүүд маань, том том шуудайтай бараагаа чирч гулдран бууж байна. 20 жилийн өмнө ч ийм байсан, одоо ч хэвээрээ. Үр хүүхэд, эр нөхрөө арчилж, хоол ундыг нь таслахгүй гэж зүтгэх эмэгтэйчүүдийн нуруун дээр хичнээн өрх гэр тогтож явна вэ. Гэр бүлийн амьдралаа ил гаргаад яваад байх хэцүү, ил гаргалаа ч асуудлыг шийдэх боломжгүй учраас тэд шөнө хагаслан нулимс дуслуулан уйлж суудаг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж олон жилийг өнгөрүүлж, харин сүүлийн жилүүдэд зориг гарган нөхрөөсөө салсан ч дандаа нуугдаж амьдарч байгаа нэгэн ч бий. Амиа алдсан гашуун түүх ч бий. Гэр бүлийн хүчирхийлэл, айдас дарамт гэдэг хүний амьдралд арилашгүй сүүдрээ унагадаг.

Олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг гэдэг. Гэхдээ чухам түүнийгээ хүчирхийлэлд өртөж байна гэж ойлгож байна уу, чухам юуг хэлээд байгаа талаар охид бүсгүйчүүд, олон нийтийг мэдээлэлжүүлж, зөв ойлголтыг түгээж байх нь хүчирхийллийг улам гааруулж, төгсгөл нь үхэл эсвэл гэмт үйлдлээр дуусгахгүй байхад тун чухал. Харин үүний тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд агуулга дээрээ энэ чиглэлд анхаардаг, сэтгүүлчид нь жендерийн мэдрэмжтэй байх ёстой юм билээ. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хохирогчид шиг мэдрэхгүй юм гэхэд зах зухыг нь гадарлаж мэдээлэх ёстой юм байна гэдгийг сүүлийн үед илүүтэй ойлгох цаг нь болсон. Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, хүүхэд хамгаалал, хүний эрх, хүйсийн тэгш байдлын талаар олон нийтэд мэдээлэхдээ сэтгүүлч бид нар өөрсдөө тун мэдрэмжтэй, мэдээлэлтэй байхгүй бол энэ хамгийн эмзэг сэдэв. Хүчирхийллийн улмаас амь насаа алдсан, нөхөртөө зодуулсан, эсвэл найз залуугийнхаа гэрт хэдэн өдрөөр хориулж зодуулсан гээд элдэв хэргүүд байнга гардаг. Сард 70 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог гэсэн судалгаа байдаг бөгөөд ноцтой гэмтсэн, эсвэл амь нас нь хохирсон тохиолдлоос бусдад тэгтэл олны анхааралд хүрдэггүй.

Ил болон далд ийм л амьдрал өрнөж байна. Тэглээ гээд бүсгүйчүүд маань амьдралд өнгө нэмж, уяхан гоёхон гунхаж л явна.

Нийтээрээ нийгмийн хандлага өөрчлөгдөж байж улс орон маань хөгжинө. Нийгмээрээ өөрчлөгдөж байж бид бүсгүйн доголон нулимсгүйгээр аз жаргалтай сайхан гэр бүлдээ үр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдардаг болно.

Тэр цагт л бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг утга төгөлдөр тэмдэглэж буй за.

О.ТУЯА

Онцлох нийтлэлүүд