ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.10.03 11:10

Улс орнууд цахим мөнгийг хуулиараа зохицуулахаар оролдож эхэлжээ


Сүүлийн үед дэлхийд цахим мөнгө моодонд орж байна. Хөрөнгийн бирж дээр үнэ нь өсч, уруудаж байсан хувьцаатай адил хүчээ авч байгаа цахим мөнгөн тэмдэгт юм. Биет бус мөнгө нь тусгай компьютерийн программчлалаар кодолсон дахин давтагдашгүй төлбөрийн хэрэгсэл. Мэдээллийн технологид гарч байгаа энэ шинэ дэвшил манайд ч нэвтрээд эхэлж. Хамгийн сүүлд гэхэд Монголбанк нэгэн сэрэмжлүүлэг гаргасан нь криптовалют руу хөрөнгө оруулах нь эрсдэлтэйг анхааруулсан явдал юм. Тиймээс криптовалютын тухай ярилцахаар “Itools” компанийн үүсгэн байгуулагч А.Баттамиртай уулзав.

-Ккриптовалют гэдэг нь яг юу юм бэ?
-Криптовалют гэдэг нь койнуудын ерөнхий нэршил. Биткойн бол нэг ёсондоо манайхаар төгрөг гэсэн үг. Криптовалют дотроо хамгийн анх гарсан мөнгө нь биткойн. Үүнтэй адил эфериум, лайткойн гэх зэргээр өдгөө 1200 гаруй төрлийн койн бий болчихоод байна. Энэ койнуудыг нийтэд нь криптовалют гэж нэрлээд байгаа юм. Бүгдээрээ өөр өөрийн гэсэн ялгарах онцлогтой. Жишээ нь Биткойныг хакердах боломжгүй гэх мэт. Биткойныг 2008 онд үүссэн гэж үздэг. Ингээд жилийн дараа худалдах оролдлогууд гарсан байдаг. Тэр үеэс хойш биткойны үнэ тогтмол өссөөр өнөөдрийн ханшаар зах зээл дээр нэг биткойн 4330 ам.доллартай тэнцэж байна.
-Монгол төгрөгт шилжүүлбэл арав гаруй сая гэсэн үг үү?
-Тийм. Биткойны хувьд ийм байна гэсэн үг. Ер нь 1200 гаруй койн бүгд өөр өөрийн гэсэн ханштай. Яг л хөрөнгийн зах зээл шиг зарим хэсэг нь цахим мөнгийг худалдан авч үнэ нь өсөхийг хүлээн хадгалж байна. Зарим нь биткойноо худалдаж ханшийн зөрүүнээс мөнгө олж байна. Мөн цахим мөнгөөр бараа таваарын худалдаа хийж, үйлчилгээ авч байна.
-Биткойныг мөнгөгүй хүн худалдаж авна гэж санасны гарз юм байна, тийм үү?
-Яалаа гэж. Ямар ч хүн байгаа мөнгөндөө тааруулж цахим мөнгө авч болно.
-Жишээ нь 100 мянган төгрөгт хэдийг авах юм?
-0.01 биткойн авч болно.
-Ингэж бага багаар авсаар нэг биткойнтой болох нь ээ?
-Тийм л гэсэн үг.
-Биткойн бодит мөнгө биш биз дээ?
-Бодит мөнгө биш. Монгол төгрөгийг манай төв банкнаас гаргадаг. Ам.долларыг АНУ-ын төв банкны зохицуулалтаар бий болгодог. Тэгвэл вlokcchain гэдэг төвлөрсөн бус системд суурилсан крипто мөнгийг хэн ч зохицуулдаггүй. Энэ нь цэвэр математикт суурилсан тодорхой алегритмуудын дагуу ажилладаг систем юм. Үүнийг анх Сатоши Накомота бий болгосон гэж үздэг.
-Сатоши нь бодит хүн биш юм биш үү?
-Бодит хүн гэхэд эргэлзээтэй. Сатоши 2008 онд энэ программыг бичсэн. Ингээд бусад программ хөгжүүлэгчид нэгдэж, цааш нь хөгжүүлсэн түүхтэй. Гэтэл Сатоши Накомото 2011 оноос хойш сураггүй болсон. Тиймээс бодитой хүн байв уу, үгүй юу гэдэг эргэлзээ бий болсон гэсэн үг. Үнэндээ Сатоши Накомото гэж хэн байв гэдэг дээр маш олон таамаг явдаг. Японы том корпорациуд нэгдэж, энэ программыг гаргасан гэдэг таамаг ч бий. Учир нь вlokcchain-д суурилсан биткойн бол хэтэрхий төгс систем. Үүнийг жирийн нэг программист зохиочих нь үнэмшилгүй гэдэг дүгнэлтүүд явдаг юм.
-Blokcchain гэдэг нь юу юм бэ?
-Математикт суурилж, компьютер ашиглаж хийсэн төвлөрсөн биш технологийн систем. Blokcchain гарснаараа мэдээллийн технологид асар том хувьсал гарсан.
-Биткойныг олборлоно гэж яг ямар процессыг хэлээд байна...
-Биткойныг тусгай төхөөрөмжөөр бий болгож олборлох процессыг хэлээд байгаа юм. Хүмүүс биткойн олборлож болно. Эсвэл арилжааны сайтуудаар дамжуулан биткойн худалдаж авч болно.
-Сүлжээний бизнес биш үү. Үгүй юм бол жинхэнэ биткойныг сүлжээнээс яаж ялгах юм бэ?
-Энэ бол сүлжээ биш дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологи. Эхэлж орсон хүмүүс нь баяжиж, сүүлд орсонд нь ашиггүй санхүүгийн пирамид биш. Компаниуд хувьцаа босгохдоо IPO хийдэг шиг крипто мөнгөнүүд ICO хийдэг. Манай койн ийм онцлог давуу талтай гэх зэргээр сурталчлаад урьдчилсан захиалга авч, мөнгөө босгодог. Бэлэн болсны дараа дэлхийд байгаа 100 гаруй арилжааны сайтаар дамжуулан койноо худалддаг. Гэтэл сүлжээнийхэнд ийм зүйл байдаггүй. Биткойноо худалдаж өөр хоорондоо шилжүүлдэг бүртгэл мэдээж байдаг байх. Гэвч ICO хийх боломж тэдэнд байдаггүй. Бодит крипто мөнгийг дундын ямар ч зуучлагчгүйгээр компьютер дээрээ сууж байгаад бие бие рүүгээ шилжүүлж болдог. Нэг арилжааны сайтыг сонгож ороод бүртгүүлнэ. Өөрийгөө бодит хүн гэдгээ нотлохын тулд нэлээд шалгуурыг хангах ёстой. Жишээ нь иргэний үнэмлэхээ хуулбарлаж илгээнэ. Байрны мөнгө төлсөн баримтаа орчуулж, нотариатаар батлуулаад явуулах жишээтэй. Ингээд өөрийгөө нотолсны дараа мөнгөө

Улс орнууд цахим мөнгийг хуулиараа зохицуулахаар оролдож эхэлжээшилжүүлж койн худалдаж авдаг. Энэ бүгдийг өөрөө хийх боломжтой. Дундын ямар ч зуучлагч байх ёсгүй. Үүнээс өөрөөр юм уу дундын ямар нэг зуучлагчтай, их мөнгөөр эхэлж элсэх тухай ярьж байвал сүлжээ гэж хардаж болно.

-Биткойны үнэ яагаад ингэж өсөөд байдаг юм бэ?
-Биткойны нийлүүлэлт хязгаарлагдмал. Дэлхий дээр нийтдээ 21 сая биткойн олборлох боломжтой. Энэ нь 2140 он хүртэл гэсэн үг. Үүнээс цааш биткойн олборлох боломжгүй гэж тооцоолсон байдаг. Тиймээс биткойны эрэлт нэмэгдэж, үнийг нь өсгөж байна.
-Койнууд хүчээ авсаар байвал хэтдээ банк хэрэггүй болох нь ээ. Тиймээс банкууд сандраад байна уу?
-Тийм байх. Банкуудаар дамжсан гүйлгээний шимтгэл өндөр байна. Тиймээс дундын ямар нэгэн зуучлагчгүйгээр мөнгө шилжүүлдэг системийг бий болгоно гэсэн санаагаар Сатоши Накомото анх эхэлсэн гэдэг. Тийм учраас банкууд санаа зовоод байгаа байх.
-Дэлхий дээр хичнээн хүн энэ зах зээл дээр тоглож байна вэ?
-Ойролцоогоор 20 сая хүн байна гэсэн тоо бий. “Turkish airlines” цахим мөнгийг хэрэглээндээ нэвтрүүлсэн. Google, amazon ирэх арваннэгдүгээр сараас биткойныг хэрэглээндээ нэвтрүүлэх гэж байна. АНУ-ын Флорида хотод биткойны АТМ гарчихлаа.
-АТМ-ээс яаж биткойн авах юм?
-Биткойнд зориулсан карт гарч байгаа.
-Монголд биткойны хэрэглээ, худалдаа ямар түвшинд байгаа юм бэ?
-Монголд биткойн худалдах, авахад хүндрэлтэй байна. tred.mn крипто мөнгийг авдаг, зардаг. Ихэнх нь гадны арилжааны сайтуудаар дамжуулж биткойны худалдаа хийж байна.
-Крипто мөнгийг зохицуулдаг хууль аль ч улсад байдаггүй юм билээ. Тэгэхээр хууль бус харилцаа гэж ойлгохоор байна л даа...
-Улсууд эхнээсээ хуульчилж байгаа. Хятад улс ICO хийх процессыг түр хаасан нь үнэн. Гэхдээ ямар нэг зохицуулалттай болгоод буцааж нээнэ байх гэсэн хүлээлт бий. Япон гэхэд биткойныг худалдаанд нэвтрүүлэхийн тулд хуулиа сайжруулж байна. Солонгосчууд мөн хуульчилж байна. Мэдээллийн технологид гарч байгаа энэ хувьслаас хоцорч үлдэх сонирхолтой том компани дэлхий дээр байхгүй байх.

М.МӨНГӨЛДЭЙ


Онцлох нийтлэлүүд