ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2020.05.26 04:05

Умард Солонгосын тэнгисийн зэвсэгт хүчин шинэ шумбагч онгоцтой болно


Умард Солонгосын тэнгисийн зэвсэгт хүчин удахгүй шинэ төрлийн далавчит шумбагч онгоцтой болж магадгүй талаар Ёнхап агентлаг өчигдөр мэдээлжээ. Тус агентлаг Өмнөд Солонгосын тагнуулын газрын олж авсан мэдээллийг үндэслэн ийн уламжилсан байна. “Бидний олж авсан мэдээллээр Умардын тэнгисийн зэвсэгт хүчин удахгүй шинэ шумбагч онгоцыг ашиглахад бэлэн болно. Энэхүү үйл явцыг бид анхааралтай ажиглаж байна. Умард Солонгосын зүүн эргийн Синпо хотноо байрлах үйлдвэрт шумбагч онгоцыг бүтээсэн. Шумбагч онгоц нь гурван тонн усан түрцтэй. Дундын тусгал бүхий “Пукгуксон-3” гэх ангиллын гурван баллистик пуужингаар зэвсэглэгдсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард уг пуужингийн анхны туршилтыг явуулсан. Тухайн үед ойролцоогоор 910 км өндөрт 450 км зам туулсан гэж БНСУ-ын тагнуулын газар мэдээлжээ.

Шинэ шумбагч онгоц нь БНАСАУ-ын стратегийн хүчний шинэ зэвсэг болох гэнэ. Энэхүү зэвсэг нь сөнөөгч онгоц ба цөмийн хошуутай пуужин зэргээс бүрдэх аж. Ёнхап агентлаг “Умард Солонгост ойрын хугацаанд шинэ стратегийн зэвсгээ толилуулах болно” гэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байсныг эш татсан байна.

Одоогийн байдлаар БНАСАУ-ын тэнгисийн зэвсэгт хүчин хуучирсан загварын 70 шумбагч онгоцтой аж. БНСУ-ын тагнуулын газар шумбагч онгоцыг зөвхөн Умард Солонгосын нутаг дэвсгэрт ашиглах боломжтой гэж үзэж байгаа юм.

Онцлох нийтлэлүүд