ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2015.01.09 10:01

Умар зүгийн Жавзандамбын шашин

Б.Цэнддоогийн "Соё­лын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин" (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыгиргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнө­сөн албадан соёлжуулах операци-соёлын довтол­гооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бич­сэн уг бүтээлд монгол­чуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэл хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх "Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн.Монголын соёлын түүхийн альманах" бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Бид уг бүтээлийн "Нүүдэлчид ба шашин шүтлэг" хэсгийн, төгсгөл бүлгээс толилуулж байна.

ХУВИЛГААНЫ ЦЭРЭГ ХУВИЛГААН

...Төвд, монгол хоёр шарын шашнаар ижилсэнэ. Гэвч төвдийн шашин дотроо гармава, нямава гэхчлэнгийн олон фракцитай. Харин гадаад монгол шашны хувьд тийм айхавтар зөрөө зөрчлөөр бага.Монголын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт Төвд газраас тодордгийн хувьд цастын оронтой мах цусны холбоотой. Холбоотой гээд бүх төвдийн төлөөлөл болж чадахгүй. Ер нь Хималайн уулын хавцалд эзэн сууж, арай боловсронгуй нь аймгаа,ялимгүй хоцрогдонгуй нь бүлгээ захиран суудаг энэ оронд нийтлэг захиргаа байхгүйтэй адил.

Ан гөрөө, худалдаа наймаагаар аж төрдөг энэ үндэстэн, дээрмийн ажлыг туслах аж ахуй маягтай эрхэлнэ. Дээрэм нь өөрийн дүрэмтэй. Мөргөлийн зам тоссон дээрэм нь таллага, сүрдүүлэлт, татварыг хослуулна. Харин аймаг хооронд өрнөх дээрэм бол "Хэрвээ баригдвалхулгайлсан эд зүйлээ нугалан төлж хохирлыг барагдуулах, хүний аминд хүрээд ирчлэгдвэл амийг амиар төлөх" гэхчлэнгийн арай өөр дүрэмтэй. Овог аймгийн эрчүүл ээлжит дээрэмд мордохын өмнө ахлагч тэргүүн нар нь энэ талаар зөвлөлгөө өгнө.

Хөөрхий буян бүтээхээс өөр бодох санах юмгүй болсон мөргөлчид энэхүү дээрэм тонуулыг үйлийн үр, бурханы төрөлд ойртох замд учрах нигууртай саад бэрхшээл гэж итгэн, хүлцэнэ. Хожим ийшээ замнах олон амьтны буян замын нэр хүндийг сэвтээх болуузай гэх сэтгэлээр энэхүү аймшгийн түүхийг төдий л ярилгүй, ам хамхидаг бололтой юм.

Учир нь Төвд орны амьдралын энэ хатуу үнэн, аян замын тонуул, дээрмийн тухай үлгэр, хууч халх нутагт дуулддаггүй. Тэрнээс биш иймэрхүү яриа ам дамжингаа сүр хүч, шидээр баяжин жинхэнэ аймшигт махчны үлгэр болон хөгжих учиртай. Харин Төвд орноор аялсан судлаач Ц.Гомбожав, П.Козлов, Хаслунд, Свен Хейден нарын тэмдэглэлээс Төвд орны өөр дүр төрх харагддаг.

Төвд орны шашны албан ёсны тэргүүн Далай лам нь шарын шашны гурван амьд бурханы нэг бөгөөдБанчин богд, Жавзандамба хутагт нарынхаа дээр нь байдаг гэж үзнэ. Ламын шашинтны хүрээнд тэрээр "Шажныхаан" хэмээн тооцогдоно.Энэ утгаараа, Гадаад Монголын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт ньтөрсөн нутгаараа төдийгүй, хувилгааны эрэмбээрээТөвдөөс хамааралтай болоод ирж байна. Өөрөөр хэлбэл, тэрээр Далай ламын цэрэг ажгуу.

ШАШНЫ ТУСГААРЛАЛААС ТӨРИЙН ТУСГААРЛАЛ

Шашны тэргүүнийг ньгадаадаас тодруулдагт монголчууд угаасаа дургүй. Анхдугаараас богдын таалал болсонтой холбогдох таамгаас эхлээд хоёрдугаарын үхлийн сэжиг, түүнчлэн гуравдугаар дүр болгохоор завдан тодруулагсдын хувь тавиланг бас яахин мартах билээ.

Гадаад Монголын элитүүд болох шашны мяндагтнууд хийгээд алтан ургийнхан хамтдаа нэгэн дүгнэлтэд хүрсэн нь "Тусгаар тогтнолоо бүрэн сэргээхийн тулд шашны хувьд Төвдөөс хараат бус болох явдал" байсан бололтой.Энэ бол улс төр, шашныхувьд Манж чин гүрнээс бүрэн тусгаарлах бодлогын эхлэл аж. Бид бүхэн "1911 оны хувьсгал" гэж нэрлэдэг тусгаар тогтнолоо бүрэн сэргээх хувьсгалын эхний цог энэ ажгуу.

Тусгаар тогтнолоо бүрэн сэргээх хувьсгалын ажлын эхний шатнь Төвдийн Буддизмаас хараат бус "Умар зүгийн Жавзандамбын шашин"-ыг тунхаглах явдал байлаа.Бурхан багш "Миний шашин умар зүгээс умар зүгт дэлгэрнэ" хэмээн бошиглосныг иш болгон энэ "Умар зүгийн" хэмээх тодотголыг авсан бололтой.

Умар зүгийн Жавзан­дамбын шашин бол Төвдийн Ламын шашны нэгэн хэсэг гэхээсээ илүү Энэтхэгт үүсэн дэлгэрсэн Буддагийн шашны умарт үзүүр болж байна. Цаашлаад, Умар зүгийн Буддизмын тэргүүн нь, Төвдийн Буддизмын тэргүүнтэй зиндаа нэг болж таарна. Тэгэхээр Далай лам бол Богд Жавзандамба хутагтын дарга бус зиндааны нөхөр байх нигууртай.

Төвдөөс салах гэдэг нь цаад утгаараа Манжаас салах гэсэн санаа. Төвд орон нь Манж Чин гүрний нэг хэсэг.Монголын шашин төвдөөс хамааралтайн хувьд Чин гүрний нутаг дэвсгэрт дээд удирдлага, оройн шүтээн нь байгаа гэсэн үг. Энэ санаа тунхаглагдахаас хавьгүй өмнө үндэс суурь нь тавигджээ.

Нүүдэлчдийн дунд түгээмэл байдаг хувь хүний амбици чухамдаа жалга жалгандаа эзэн, дов довондоо ноён, дош дошиндоо атмаан байх боломжоос эхтэй.Оюун сэтгэлийн хувьдтөрөл дамжин бурхан буддагийн зэрэгт очсон Жавзандамба хутагт нь бие махбодийн хувьд төвд л хүн. Түүнд монгол газар суугаа Төвдийн шашны төлөөний хүн, далай ламын шууд удирдлагын ажилтан байхаас илүүтэйгээр хэнээсхамааралгүй, өөрийн нутагтаа эзэн байх хүсэл төрөх нь аргагүй.

Бурханы шашны мөн чанар нь ертөнцийн хүлээснээс алдуурах явдал. Богд гэгээн Төвдөөс уяатай удирдлагын хүлээснээс ангижрахыг хүсэхэд буруу нь юу билээ. Түүний шавь монголчууд нь "Бор гэртээ богд, хар гэртээ хаан" байхыг чухалчлан сургадаг бус уу!

Наймдугаар Богд Жавзандамба хутагтын инстүүц ч Манж, Хятадын эсрэг байр суурийг илэрхий баримтлах болов. 1891 онд буюу бадруулт төрийн 17 онд гаргасан Богдын лүндэнд сүсэг бишрэлээ нэмэгдүүлэхийг уриалахын сацуу Манж Хятадын эсрэг санаа агуулжээ. Тэнд "Ар халх та нар минь, манж хүн, хар хятадыг ирэхэд ширээ ширдэг тавьж, миний шашны хуврагуудыг доромжилж суудаг чинь бурхан шашин эвдэрч, хэл буруутанэтгээдийн, дайсны гарт учирч зовно..." хэмээгээд " миний үгэнд орохгүй бол...би түвдэд явна, эргэж төрөхгүй" гэж айлгажээ.

Бурханы шавь нарыг бусдаас дорд үзэж байна гэсэн санаа мэт байвч, Манж Хятадыг бусдаас сайнаар үзэж байгааг шууд буруушаасан утга байна. Үүгээрээ Манж Хятадаас салахыг уриалсан гэж ойлгогдоно. Мөн Гадаад монгол нь Манжийн зөвхөн вассал төдий учраас дотоод хэсэг, бүрэлдэхүүн нь огт биш гэдгийг ч илэрхийлснийг эндээс харж болно. Лүндэнд буй, цаашдаа харь хэлтний гарт орно гэсэн анхааруулга бол харийн гарт ороогүй эрх чөлөөтэй ард түмний ард түмэнд хамаатай сэрэмжлүүлэг бөлгөө.

Харин "Миний үгэнд орохгүй бол...би Төвдэд явна, эргэж төрөхгүй" гэдэг нь монголчуудын зүгээс оруулсан, ихээхэн ёгт утгаар оруулсан, алсын бодлоготой үг бололтой.

ДАЛАЙ ЛАМ БОГДЫН НУТАГТ УРИЛГАГҮЙ ЗАЛРАВ

Монголын шашны тэргүүний бие даахоролдлогын жишээ XIII Далай лам Монголд ирсэн үйл явдал дээр тод илэрдэг. Түүнийг нийслэл хүрээндирэхэд Богд хаан биечлэн тоссонгүй, төлөө хүнээ явуулан бэлгэдлийн байдлаар мэнд мэджээ.

Үнэн хэрэгтээ Далай ламын айлчлалд Богдын хүрээ таагүй хандав. Зарим сурвалжаас харахадБогдын зүгээс түүнийг хэдийгээр Далай лам их боловч миний эзэмшил газарт ирсэн гадны хүн. Ийм учраас миний мэндийг эхэлж асуух учиртай гэж үзэн гэдийжээ. Харин Далай лам нь би шажны хаан учраас Жавзандамба надтай золгохоор ирэх учиртай хэмээн мөн л шаралхжээ.

Нэг талаар Далай лам нь Богдын урилгаар заларсан албан ёсны зочин биш байлаа.Тэрээр Лхасыг англичууд эзлэх үеэр "Оросын Цагаан хаанд бараалхах" нэрээр умар зүг дүрвэн гарсан аж. Түүнийг ятган дагуулсан Оросын буддист Агваан хамба чухам ямар төлөвлөгөөтэй байсныг таахад амаргүй. Ламын шашны тэргүүнийг Хаант Орост аваачсанаар задран алдаж байгаа Манж гүрнээс Төвдийг салган цагаан хаандаа нэгтгэх санаа бололтой. Гэвч Манж чин гүрний зүгээс Хаант Орост зөвшөөрч боломгүй алхам, Хаант Оросын хувьд ч дипломат ёсноос гадуур бүдүүлэгалхам болох учраас Далай ламын дүрвэлт Гадаад Монголын шашны төв их хүрээ, ба Ханд вангийн хүрээгээр хязгаарлагдаад дуусчээ.

Улс орноо Манжаас тусгаарлах хувьсгалын гол туслагч, аврагч болох нигууртай Хаант Орос улсад Нийслэл хүрээ ч чамгүй талтай, Богдын засагт ч тэд нүүртэй байсан байж таарна.Энэ нүүр тал уг айлчлалд нөлөөлсөн байж болно. Бас Манжийн төрийн зүгээс ч гэсэнШарын шашны гурван оргилын хоёрыг (нөгөөх нь Ванчин богд) нэг хүрээнд нэгтгэхийн эсрэг байсан бөгөөд тэднийг ойртуулахгүй байх янз бүрийн алхам хийсэн нь гарцаагүй.

Ямар ч байсан Богд Жавзандамба хутагт өөрийгөө Далай ламтай зэрэг зиндаа нэг гэж тунхаглаагүй ч, эрэмбийн хувьд хэрхэвч түүнээсдутахгүй гэдгээ харуулжээ. Нүдээр үзсэн хүмүүсийн дурсамж яриагаар бол тодорхой хэсэг нь шашны тэргүүнээ дэмжин, зочны дэв зэрэг өндөр ч гэсэн албан ёсны урилгагүй учраас Богд зөв алхам хийсэн гэж үзэж байсан гэдэг.

Мөргөлчин, сүсэгтнүүд үерлэж байсан ч гэсэн улс төрийн дэмжлэг дутсан, нийслэл хүрээний эрх баригчдын хөндий хандлагаас цэрвэсэн дээрхийн гэгээнтэн "Умар зүгийн Жавзандамбын шашин"-ы төвөөс дүрвэн Ханд вангийн өргөөнд өвөлжөөд нутаг буцжээ. Түүгээр ч барахгүй сүсэгтэн олны өргөл барьцанд ирсэн мянга мянган толгой мал сүрэг, үлэмж эд агуурсыг нутаг аавч явж чадалгүй хүрээнд байгуулсан сан жастаа үлдээгээд харьсан байна.

Оросын нөлөө, Манжийн явуулга, Нийслэл хүрээний амбиц тал талаасаа нийлээд Далай ламын "аялал, дүрвэлт, айлчлал"-ыг улс төрийн хувьд амжилт муутай болголоо.Эцсийн дүндээ Алтан ургийн хан нар хийгээд Монголын төрийн зүтгэлтнүүд шашны тэргүүнээ Манж, Төвдөөс тусгаар ажиллагааны эхний шалгуур амжилттай болов.

УМАР ЗҮГИЙН ШАШНЫ ТЭРГҮҮН

Төрийн бүрэн тусгаар тогтнолын тулгын чулуу болсон шашны тусгаар тогтнолын бодлого цаашид Богд хаант Монгол Улс байгуулагдах үүдийг нээлээ.Монголын төр, шашны зүтгэлтнүүд нэгэнт Төвдөөс хамааралгүй болсон Богд хаанаа тойрон хүрээлснээр эрх чөлөөний хувьсгал нэгдсэн удирдлагатай боллоо.Шашнаар улам улам биеэ даах бодлого нь Автономит засгийн үед ч, ардын засгийн жилүүдэд ч хүчтэй үргэлжилсээр байв.

1919 онд шанзов Бадамдоржоос хүрээн суугаа Хятадын сайд Чен И-д өргөсөн бичигт, Богд Жавзандамба хутагтыг төрөл тутамд ньумар зүгийн шашны эзэн болгон албан ёсоор өргөмжлөхийг хүссэн байна.

Монголын төрийн бодлогыг хэрэгжүүлэгчдийнхувьд өөрийн шашныг Төвдөөс тусгаарлан Зонховын шашинтай эн зэрэгцэж болох Жавзандамбын шашин болгон тунхаглах бодлого нь шашин төрийн тусгаар тогтнолын зөвхөн эхний алхам. Бодлогын жинхэнэ дүр төрх түүний араас эхэлнэ.Энэ зуур наймдугаар Богдын инстүүц өөрийн дэвсгэр нутгийн том жижиг хутагт хувилгаадын дүрийг тодруулах ажлыг гартаа хийж эхэлсэн аж.

Монголын шашин эргэлт буцалтгүйгээр, Төвдөөс хамааралгүй болж эхэлснийг дараахь алхмууд харуулна.1924 онд наймдугаар Богд Жавзандамба хутагт таалал болоход Их хүрээний цорж Чойнзин Богдын хойд дүрийг түргэн тодрохыг бэлгэдэн залбирал (сольдив???)зохиосон аж.Судлаачдын бичсэнээр, уг уншлагаас шарын шашныг Зонховын шашин гэдэг уламжлалыг өөрчлөн "...Умар зүгийн Живзундамба ламын шашин" хэмээх нэрээр орлуулан хэрэглэх болсон нь харагдаж байна. Түүнчлэн бурхадын хөргийн чуулганыг бүтээхдээ Будда ба Зонховын хөргийг орлуулан Жавзандамбахөргөөр орлуулж эхэлжээ.

Шашин эргэлт буцалтгүй­гээр Төвдөөс тусгаарлан, тэндээс хамааралгүй болсон учраас Богдуудын дараагийн дүр "өөр шашинтан" дотор төрөх хэрэгцээгүй болно.Умар зүгийн Жавзандамбын шашны тэргүүний хойд дүрийг Төвдийн Зонховын шашинтан дотроос тодруулах нь Ромын папыг Исламын хажи нараас эрэхтэй агаар нэгэн хэрэг болно. Ийм учраас Умар зүгийн шашны тэргүүний хойд дүр умар зүгийн шашинтан дотроо л төрөх нь зайлшгүй.

Нэгэнт бурханы шашинд гүн орсон монголчууд өөрийн дундаас төрсөн Богд дээр ямар нэг харгүй нэгдэж чадна. Ийм нэгдэл нь Монголын тусгаар тогтнолын цаашдын баталгаа байж чадна. Дээр өгүүлсэн лүндэнд буй "Миний үгэнд орохгүй бол... би төвдэд явна, эргэж төрөхгүй" гэдэг үгийн жинхэнэ утга энд харагдана.Эргэцүүлэн бодохуйяа, хэрвээ үгэнд ороод сайн байвал, Төвд явахгүй (Төвдөөс тодруулах явдал зогсоно), эргэж төрнө (нэгэнт Төвд явахгүй учир Монголд төрдөг болно) гэсэн утга тодорно.

ДОТООДООС ХАЙСАН ХОЙТ ТӨРӨЛ

Цаашдын үйл явдал ардын засгийн жилүүдэд өрнөнө. Монголын лам хуврагуудын дунд шашны тусгаар тогтнолын бодлого үргэлжлэн өрнөж, шашныг хязгаарлах засаг төрийн чиг шугамыг сөрөн, Зүүнхараа хавиас Лувсандорж гэдэг хүүхдийг есдүгээр богдийн дүрээр тодруулжээ. Улмаар Гомбо Идшин гүн, лам Жанчивринчен, Гэндэнсоном нар 1926 ондуг хүүхдийгнаймдугаар Богд гэгээний хойд дүр мөн болохыг гэрчилсэн батламжийгБанчин богдоос авсан байна. Төвдийн засгийн газартай хэлэлцээр хийхээр томилогдсон төлөөлөгч Гомбо-Идшин Далай ламын инстүүцийг алгасан, зориуд Ванчин богдод хандсан нь бас л бодлоготой алхам байсан байж магадгүй.

Банчин Богд нь шарын гурван амьд буддагийн нэг төдийгүй, өөрийн гэсэн шашны ханлигтай төдийгүй, ямар нэгэн байдлаар Далай ламтай зөрчилтэй, энэ нь одоо ч давтагдсаар байгаа нэгэн. Хэдийгээр Далай лам, Жавзандамба хутагт, Банчин богд нар бие биеийнхээ шинэ дүрийг сонгон шалгаруулдаг уламжлалын хүрээнд өрнөж буй явдал мэт боловч шарын шашны хааныг зориуд тойрсон, түүнээс шууд хамааралгүй гэдгээ тунхаглахыг хүссэн алхам байж болох талтай.Умар зүгийн Жавзандамбын шашны инстүүц нь Далай ламтай зөрчилтэй явдаг Банчин богдтой сайн харилцах замаар бие даасан байдлаа нотлох санаа агуулсан байж болно.

Улмаар 1920-иод оны сүүлээр өрнөсөн, хувьсгалт хүчирхийллийн эсрэг хөдөлгөөний итгэл найдвар нь ч Банчин богд болж байлаа. Төвдийн гүнд суудаг Далай ламыг бодоход нутаг орны хувьд ойр учраас түүнд хандсан байж болох ч амьд бурханы аврал газрын хол ойроос хамаарахгүй гэдгий сүсэгтнүүд сайн мэдэх бөлгөө.

Гэвч Монгол Улсын тусгаар тогтнолын асуудалБНМАУ хэмээх шашингүй социалист улс байгуулах замаар шийдэгдсэн билээ.

Онцлох нийтлэлүүд