Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Булангууд
2017.01.08 11:01

Унаагаа хуваалцъя

Улаанбаатарын түгжрэлд уртын урт цуваа болон эгнэн зогссон машинуудыг харж байхад таксинаас бусад нь ихэнхдээ л ганц жолооч яваа харагддаг. Нэг машинд нэг хүн. Ажил нь хоёр өөр зүгт байдаг эхнэр, нөхөр хоёр өглөө нэг нэг машин унаад гарах нь ч бий. Тиймээс ч нийслэлд 390 шахам мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна.

Нэг нэгээрээ машинтай явснаас нэг машинд гурав, дөрвөн хүн суугаад явдаг бол замын ачаалал буурах төдийгүй агаарын бохирдол ч буурна. Үүнийг аль хэдийнэ улс орнууд шийдчихжээ. Америкт л гэхэд “rideshar­ing” буюу унаа хуваалцах гэх нэршлээр хэрэглээнд нэвтэрсэн байна. Uber компани энэ технологио анх “Машинтай хүн бүр ажилдаа явах замдаа такси барихыг хүсч байгаа хүмүүсийг очих газарт нь хүргэн өгч яагаад болохгүй гэж” гэсэн уриагаар гаргаж ирсэн байдаг. Энгийнээр хэлэх юм бол тухайн апплэкейшныг татаж авсан хүн хаанаас хаана хүрэх мэдээллээ оруулахад таксины жолооч эсвэл машинтай хэн нэгэн зам дагуу бол холбогдоод зорьсон газарт хүргээд өгдөг. Энэ үйлчилгээ нь хөлс мөнгөө тохиролцож болдог давуу талтай болохоор үйлчлүүлж байгаа хүн нь хэмнэлт хийгээд сэтгэл хангалуун бууна.

Иймэрхүү үйлчилгээг “Буят-Ухаа” хорооллынхон их хэрэглэдэг. Тэдний фэйсбүүк групп дээр “Өглөө эрт хотын төв явах унаа байна уу", "Өглөө тэдэн цагт хотын төв руу явна шүү” гэх мэтийн зар их харагддаг. Хөлс мөнгөө таксиныхаас багаар тохиролцоод хүмүүсийг аваад явахад хэн хэндээ л нэмэртэй.

Uber компанийн “унаагаа хуваалцах” үйлчилгээг Монголын хэсэг залуус дуурайж “Easyride” апплэкэйшн гаргасан талаар мэдээлж байсан ч хэрэглээ нь хязгаарлагдмал бололтой.

Хальтиргаатай замд машин барихаас залхмаар энэ өдрүүдэд унаагаа хуваалцах үйлчилгээг улам боловсронгуй, хүртээмжтэй болгомоор санагддаг юм. Таксинд өгдөг мөнгөнийхөө талаар нь өглөө гэрийнхээ орчмоос ажлын зүг явах унаанд дайгдаад, орой ажлынхаа гаднаас гэрийн зүг явах унаанд суугаад харьчихмаар л байна шүү дээ.


Онцлох нийтлэлүүд