ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.05.29 10:05

Уньж туньсаар УИХ-ын босго давах нь бололтой

Хичнээн жил яригдсан Таван толгойг хэрхэн хөдөлгөх төслөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн барих нь. Гэхдээ тэрбээр жигтэйхэн уньж туньсан байна. “Таван толгойг дорвитойхон хөдөлгөе, эсвэл хөдөлгөхгүй гэвэл ард түмэндээ хэлээрэй” гэсэн утгатай үг чулуудсан байх юм. Юундаа ингэж тунирхана вэ, Ерөнхий сайд аа. Өөрийн тань хийх ёстой хамгийн том, хамгийн чухал ажил бол энэ шүү дээ. Үүнийг хийнэ гэж амлаж л энэ Засгийн тэргүүн болсон биз дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг юм хийсэнгүй, бид том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа аварна гэж танай Засгийн газар гарч ирсэн. Таван толгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулах, нефтийн үйлдвэр барих бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэрийн хуудас нь гэж хэлж болно. Энэ амлалтаа хийсэн шиг хий л дээ. Сая бол их л хүч муутай дуугарлаа. Яадаг юм бол, С.Баярын араас шоронд явчих вий гэж айгаад байна уу. “Хийхдээ л хийнэ. Таван толгой төслөө хөдөлгөнө, энэ миний ажил” гээд зоригтойхон хэлчихэж чадахгүй л харагдах юм.

Өмнөх өдөр нь мэдэгдсэнчлэн Ерөнхий сайд өчигдөр Таван толгойн төслийг цогцоор нь хөгжүүлэх, үр ашгийг нь хэрхэн нэмэгдүүлэх хувилбараа намын бүлгийн хурал дээрээ танилцуулж, хэлэлцүүлсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Бүлгийн хурал дээр Засгийн газраас Таван толгой төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлийн тооцоо, судалгааг сонсч хэлэлцлээ.Тухайлбал, тээвэрлэлт, төмөр зам, үйлдвэржилт, борлуулалтын талаарх тооцоо, судалгаа бүхий мэдээллийг сонссон.

Одоогийн байдлаар Таван толгойг 100 хувь гэж үзээд үүнийхээ 30 хувьд олон улсын зах зээл дээр IPO гаргая. Ингээд цаашаа төсөл дээр дагалдаж явах дэд бүтэц, үйлдвэр аж ахуйн газрууд гэх мэт олон зүйлийн тооцоо судалгааг үзэж байж шийдвэрээ гаргая гэсэн шийдэлд хүрээд тарлаа. Ирэх долоо хоногт МАН-ын бүлэг Таван толгойн төслийг хөдөлгөхөөр улс төрийн шийдэл гаргах чиглэлд хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн. Уг тооцооллыг эцсийн байдлаар шийдээгүй учраас ажлын хэсэг байгуулаагүй. Ер нь бүлэг дээр ажлын хэсэг байгуулахгүй. Засгийн газар төслийг хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх саналуудыг боловсруулаад бүлэг дээр танилцуулах ёстой. Ингээд болж байна гэж үзвэл УИХ дахь АН-ын бүлэг, Аюулгүй байдлын зөвлөл, УИХ зэрэг шат шатанд нь хэлэлцүүлээд явна” гэж мэдээлэл хийлээ.

Үүнээс харахад У.Хүрэлсүхийн Засгийн газар Таван толгойн төслийг авто болон төмөр замын тээвэр, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэр барих, IPO гаргах гээд цогцоор хөдөлгөхөөр тооцоо судалгаа гаргаснаа танилцуулсан бололтой. Таван толгойн IPO-г гаргахдаа иргэдэд өгсөн 1072 хувьцааг нь тусад нь авч, засгийн мэдэлд буй хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжихаар зэхжээ. Хэрэв ингэж чадвал энэ Засгийн газар ард түмнийхээ өмнө том гавьяа байгуулах нь. Ядуурал, ажилгүйдлийг арилгаж, эдийн засгийг эрүүлжүүлэх эм нь том төслүүдээ хөдөлгөх, үйл ажиллагааг нь дэлхийн жишигт хүргэх юм. Ард түмний итгэл найдвар ч Таван толгой болоод байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газраас өмнө Таван толгойг хөдөлгөх хэд хэдэн хувилбар яригдаж байсан юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Таван толгойг таван тэрбум ам.доллараар зарах санал оруулж, тэр нь нам дээрээ бөөн хэрүүл дэгдээж байсан гэдэг. Мөн Таван толгойн 49 хувийг “Шинхуа”, 51 хувийг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой” хувааж эзэмших хувилбар ч сонстож байлаа.

Засгийн газрын сайд асан, өдгөө элчин сайдаасаа татагдаад байгаа М.Энхсайханы дэвшүүлсэн Таван толгойг хөдөлгөх төсөл гэж бас бий. М.Энхсайханы үед тендер зарлаж, үүнд Монголын “Энержи Ресурс”, Японы “Сумитомо, Хятадын “Шинхуа энержи” компаниудын хамтарсан консерциум ялалт байгуулсан юм. Ингээд хөрөнгө оруулагчидтай гарын үсэг зурдгийн даваан дээр Л.Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ-ын 40 гишүүн үүнийг эсэргүүцэж тогтоолын төсөл өргөн барьснаар дээрх төсөл зогсжээ. Энэ мэтчилэн “Таван толгой”-г хөдөлгөх гэхээр эсэргүүцэн хөндөлсөх саад хориг мундахгүй гарч байв.

Нөөцөөрөө дэлхийд 10-т ордог, маш сайн чанарын коксжих нүүрстэй “Таван толгой”-н ордыг хөдөлгөх цогц төслийг энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн барилаа. Ирэх өдрүүдэд энэ асуудал үргэлжилж, мэдээлэл илүү тодорхой болох биз ээ. Одоогоор “Эрдэнэс таван толгой”-н хувьцааны 82 хувь нь төрийн мэдэлд байдаг бол 2,4 сая иргэний нэр дээр 14 хувь, 553 аж ахуйн нэгж дээр нэг хувь нь байдаг аж.

Онцлох нийтлэлүүд